Өвөрхангайгаас Улсын тэргүүний малчны бүлэг шалгарлаа | News.MN

Өвөрхангайгаас Улсын тэргүүний малчны бүлэг шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Өвөрхангайгаас Улсын тэргүүний малчны бүлэг шалгарлаа

Жил бүрийн Цагаан сарын өмнө Монгол Улсын Засгийн газраас Улсын сайн малчин, Улсын тэргүүний тариаланч, Улсын тэргүүний Малчны бүлэг шалгаруулдаг уламжлалтай. Өнөө жил улсын хэмжээнд 50 Улсын сайн малчин шалгарсны гурав нь Өвөрхангай аймгийнх. Мөн тус аймгаас Улсын тэргүүний тариаланч, Улсын тэргүүний Малчны бүлэг шалгарсан юм. Төмөр туулай жилийн шилдгүүдэд УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн З.Энхболд, Ерөнхий сайдын зөвлөх С.Чинзориг, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нар шагналыг нь гардууллаа.

Өвөрхангай аймаг өнгөрсөн зун зуншлага сайхан байсан тул өвөлжөө ч тавтай байгааг малчид хэлж байлаа. Улсын сайн малчнаар шалгарсан Баянгол сумын малчин Ч.Отгонбаатар Сант сумын нутагт өвөлжиж байгаа аж. Хоёр мянга гаруй толгой, таван хошуу малтай тэрбээр сүүлийн нэг жилийн дотор 5-6 өрхөд 300 гаруй төл өгч малжуулсан байна. Хоёр туслах малчинтай. Сумын хэмжээнд үхрийн тоо толгой буурсан бол Ч.Отгонбаатар үхэр сүргээ өсгөжээ.

Улсын сайн малчны шагналыг энэ жилээс гадаадад аялах, эмнэлгийн үзлэгт гэр бүлээр хамрагдах эрхийн бичиг дагалдахын зэрэгцээ Зөвлөх малчны үнэмлэх олгож байгаа аж.

Монгол Улсын хэмжээнд Улсын тэргүүний Малчны бүлэг гурав тодорчээ. Үүний нэгээр Нарийнтээл сумын Шарга багийн “Улиастай” малчны бүлэг шалгарсан байна. Дөрвөн жилийн өмнө буюу 2008 онд байгуулагдсан, нийт 15 өрхийн 62 гишүүнтэй тус бүлэг мал аж ахуй эрхлэхийн зэрэгцээ хоёр га-д төмс, хүнсний ногоо тарьдаг байна. Өнгөрсөн онд УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн санаачлагаар Өвөрхангай аймагт хэрэгжүүлсэн “Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн хүрээнд ОХУ-д үйлдвэрлэсэн, 35 морины хүчин чадалтай иж бүрэн трактор, газар тариалан, мал аж ахуйн тоног төхөөрөмж авчээ. Энэхүү техник, тоног төхөөрөмжийг ашигласнаар арвин ургац авах, хадлан тэжээлээ базаах, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх боломж бүрдсэнийг “Улиастай” бүлгийн ахлагч О.Цэрэндолгор ярьж байлаа. Бэлчээрээ зохистой ашигласан, ажлын байр нэмэгдүүлсэн, ЖДҮ хөгжүүлсэн, малын тоо толгойг бүх төрлөөр өсгөн үржүүлсэн учраас тус бүлэг Өвөрхангай аймгаасаа анх удаа Улсын тэргүүний Малчны бүлгээр шалгарчээ. Засгийн газрын шагналыг нэг сая 763 мянган төгрөг дагалдсан юм.

Улсын тэргүүний тариаланчаар Нарийнтээл сумын Д.Эрдэнэсүрэн тодорлоо. Жилд 12-22.5 сая төгрөгийн борлуулалт хийж, га-гаас авах ургацын хэмжээгээ жилээс жилд нэмэгдүүлсэн үзүүлэлтээр тэрбээр энэ шагналын эзэн болжээ.

Улсын сайн малчин, Улсын тэргүүний тариаланч, Улсын тэргүүний Малчны бүлэгт мөн Өвөрхангай аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар болон орон нутгийн удирдах байгууллагууд шагнал, өргөмжлөл гардуулсан юм.

Д.Энэрэл

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж