Г.Батхүү ХААИС-ийн Хүндэт доктор боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Г.Батхүү ХААИС-ийн Хүндэт доктор боллоо

УИХ-ын дэд дарга Г.Батхүүд ХААИС-ийн Хүндэт доктор цол олгох хүндэтгэлийн ёслол боллоо. ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн 35 гишүүний 100 хувийн саналаар энэхүү шийдвэрийг гаргажээ. Ёслолын ажиллагаанд ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, үе үеийн ректорууд, эрдэмтэн багш нар оролцов.

Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх, монгол адууны удам угшлыг сайжруулах, хурдан морины угшлыг бий болгоход оруулсан хувь нэмрийг нь үнэлж УИХ-ын дэд дарга Г.Батхүүд Хүндэт докторын цол олгож байгааг ХААИС-ийн ректор, академич, профессор Б.Бямбаа онцолсон юм. Тэрбээр “Шунхлай” угшлыг бий болгох ажлаараа докторын зэрэг хамгаалахад ойрхон байгааг мөн тодотголоо.

УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжих төрийн бодлого нь эрдэмтэн судлаачид та бүхний бүтээл, судалгаа, шинжлэх ухааны ололт дээр тулгуурладаг билээ. Би хөдөө төрж өссөн хүний хувьд мал аж ахуй, газар тариалантай ойр байдаг. Уяач хүний хувьд монгол адууны ген-фондыг хамгаалах, сайжруулах, хурдан морины угшил бий болгохоор зорьж ажиллаж байна. Хийж бүтээснийг маань үнэлэхээс гадна цаашид их зүйл хийж бүтээгээрэй гэсэн урам өгч энэхүү хүндтэй цолыг олгож байна гэж хүлээж авлаа” гэв.

УИХ-ын дэд дарга Г.Батхүү УИХ-ын БОХХБХ-ны гишүүн агаад хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр олон хууль, тогтоолыг санаачлан боловсруулж, ажлын хэсэгт нь багтаж ажилладаг. Тухайлбал, Малын индексжүүлсэн даатгалын тухай,  Малын удмын сангийн тухай хууль, Монгол мал үндэсний хөтөлбөр, Бэлчээрийн тухай хууль, Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль зэргийг санаачлан боловсруулж, ажлын хэсэгт нь багтсаныг энд дурдах учиртай. Мөн тэрбээр хурдан морины “Шунхлай” угшлыг бий болгож, монгол адууны үүлдэр угсааг сайжруулахад хувь нэмрээ оруулж буй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж