Туулайд “тийрүүлсэн” Засаг ноёд

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Туулайд “тийрүүлсэн” Засаг ноёд

Хангиран одож буй “Илжиг” хэмээх туулай жил аймгуудын Засаг дарга нарт халгаатай байлаа. Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат тендэр будилуулсан хэргээр огцорч, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх  мөнгө хөрөнгө шамшигдуулан “аав”-ынд суусан бол тэдний араас дахиад хэдэн аймгийн Засаг дарга туулайд “тийрүүлжээ”. Шударга үнэний бэлгэдэл болсон туулай жил ийнхүү төсвийн хөрөнгөөр туйлсан засаг ноёдод халтай болж шувтарч байна.

МАН-ын бага хурлаар Говьсүмбэр, Хөвсгөл, Дорнод аймгийн Засаг дарга нарыг авч хэлэлцэн огцруулах тухай яригдаж байгаад намжсан ч хариуцлагын тогтолцоог өндөржүүлэхээр зарласан МАН-ын удирдлага албан ажлаа бизнес болгосон журмын нөхдийнхөө толгойг илэхгүй байхаар шийдсэн дуулдана.

Аймгийнхаа 80 жилийн ойг тэмдэглэх төсөвт хөрөнгийг хэтрүүлэн тэрбум төгрөгөөр наадсан Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжавыг төсвийн хөрөнгө хэтрүүлсэн асуудлаар АТГ шалгахаар болжээ. Хотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэх наадмын үеэр ч төсөв хөрөнгө шамшигдуулсан хэрэг нэмэгдэж магадгүй байгаа дуулдана.

Дорнод аймгийг олон жил даргалсан Ц.Жанлав ч АТГ-т данстай болоод уджээ. Аль 2000-аад оны сүүлээс ИЗН-ынхан нэг хэсэг Ц.Жанлав даргыг огцруулах гэж үзээд бараагүй. ИЗН бүү хэл иргэд нь тэмцээд ч Засаг ноёноо дийлдэггүй гэдэг. Мянганы замын маршрутыг өөрчилж өөрийнхөө эзэмшил газар тийш татуулах гэснээс өгсүүлээд ХОМ-ээ буруу мэдүүлдэг, газрын наймаа хийдэг гээд олон маапаан бий гэдэг.

Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат Орхон аймгийн Засаг ноён асан амидаагийнхаа араас орох дөхсөн дуулдана. Түүний туулайд “тийрүүлэх“ болсон шалтгаан нь газрын наймаа гэнэ. 

Увсын Засаг дарга Э.Цасчихэр гэж сайн эр байгаа дуулддаг. Зам, гүүр, барилгын ажлаас мөнгө “босгож” халаасаа дүүргэсэн юм байх. Нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр ч газрын асуудлаар АТГ-ын дансанд орсон байна.

Сонгинохайрхан дүүрэг гэж Засаг дарга тогтоодоггүй газар бий. Түрүүчийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар нь МАН-ын гишүүд боловч хоорондоо түнжин хагарч арсалдсаар огцорцгоосон. Оронд нь очсон Засаг дарга Ц.Болд цас хайлуулах бодис авахад зориулсан төсвийн хөрөнгөөс өөртөө “гулсуулсан” асуудлаар АТГ-ын мэдэлд очсон дуулдана. Хариуцсан дүүрэг нь цас мөсөндөө баригдаж, гэр хорооллын уруу налуу замуудаар автомашин бүү хэл явган хүн явж чадахгүйд хүрч ард иргэд нь үнс асган амиа аргалж байхад Засаг дарга нь цас хайлуулах бодисын мөнгөөр гараа угаачихсан сууж байдаг. Тэдний араас АТГ-т очих Засаг дарга нар бас байгаа сурагтай. Ингэж туулайд “тийрүүлсэн” Засаг дарга нар луугийн шүүлт дор сонгуулийн жилийг угтах бололтой.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж