Заншил ёсоор битүүлгийн шүүсэнд эрүүг нь заагаагүй толгой эсвэл өвчүү байна. Хэрэв өвчүү чанавал өөд харуулан тавьж дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавина. Толгой чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгаж гургалдайны түрийтэй үзүүрийг толгойнхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр нь бүтээн дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтосны аль нэгийг тавьж ёслон битүүлдэг байна. Толгойг гэрийн эзэн тагнайнаас нь, эзэгтэй эрүүнээс нь татаж, “Нэг амьтай боллоо” хэмээн хэлэлцэж эрүүг нь зааснаар битүүг эхлүүлдэг байна. Ингээд шинэ оноо элбэг дэлбэг угтаж буйг бэлэгшээн битүүний бууз, идээ цагааг битүүртлээ иддэг учиртай ажээ.
Битүүний орой алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, хорол зэндмэнэ эвлүүлэж тоглодог. Мөн дөрвөн бэрх буулгах, морь тэмээ уралдуулж тоглох нь малын тоо толгойгоо өсгөх, таван хошуу малаа хайрлан хүндлэж байгаагийн нэг илрэл ажээ. Дөрвөн бэрх буухад “мал малын захтай” хэмээн бэлэгшээдэгтэй холбоотой ажээ.
Энэ үдэш үүдний тотгон дээр мөс, будаа тавьдаг нарийн учиртай бөгөөд мөс нь Лхам бурханы хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Мөн шар, цагаан аль ч будаа тавьж болох гэнэ. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний оро наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой ажээ.