Стросс-Кан дахин сексийн дуулианд холбогдов

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Стросс-Кан дахин сексийн дуулианд холбогдов

Францаас мэдээлснээр Олон улсын валютын сангийн захирал асан
Доминик Стросс-Каныг  сексийн нууц сүлжээ
байгуулсан хэрэгт хамааруулан цагдаагийн газар байцаалт авчээ. Үүнд Парис,
Вашингтон болон бусад хотуудын свингер клуб, зоогийн газруудад хийсэн секс
үдэшлэгийн талаарх мэдээллийг шалгаж байгаа аж.

Стросс-Кан өнгөрсөн оны тавдугаар сард Нью-Йоркийн буудлын
үйлчлэгч эмэгтэйг хүчиндсэн хэрэг мандсаны дараа ОУВС-гийн захирлаас огцорсон
юм. Өнгөрсөн жилийн аравдугаар сард Бельгид биеэ үнэлэгчдийн сүлжээ зохион
байгуулсан хэрэг мандахад бас түүний нэр хавчуулагдаж байв. Бельгийн сүлжээг
зохион байгуулагчид насанд хүрээгүй биеэ үнэлэгчдийг Францын Лилль хотын
буудлууд мөн АНУ-д явуулж байсан тухай хэвлэлээр бичсэн юм.

Шинэ хэрэгт мэдүүлэг өгсөн хоёр бүсгүй Стросс-Каны нэрийг
дурьдсан учраас түүнээс байцаалт авчээ. Стросс-Кан өөрөө өмгөөлөгчөөрөө
дамжуулан хэрэгт огт хамаагүй, зохиомол сэтгэмж гэж үзэж байгаагаа илэрхийлсэн
байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж