Египетийн цэргийнхэн ба тус орны хамгийн нөлөө бүхий улс төрийн хөдөлгөөн “Мусульман ахан дүүс” хоорондоо тохиролцон сонгуульд нэгдэж нэг нэр дэвшигчээ өрсөлдүүлэхээр болжээ. Энэ талаар Засгийн газрын талын “Al Ahram” сонин сайн мэдээлэлтэй эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн бичжээ. Сонинд бичсэнээр тэд Арабын лигийн орнуудын Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Арабийн нэрийг дэвшүүлэх гэнэ.
Сүүлийн хэдэн долоо хоногт цэргийн ба “Мусульман ахан дүүс” идэвхтэй хаалттай зөвлөгөөн явуулж, аль-Араби бүгдэд таарахаар нэр дэвшигч гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Арабын лигийн орнуудын тэргүүн Набиль аль-Араби өөрөө ерөнхийлөгчийн сонгуульд оролцох талаар огт ярьж байсангүй. “Al Ahram” сонинд өгүүлснээр Арабын лигийн орнуудын тэргүүн Набиль аль-Арабид ойр эх сурвалж болох найз нөхдийнх нь яриагаар тэрээр сонгуульд оролцоход дургүй байгаа ажээ. Өөр зарим мэдээгээр, хэрэв ерөнхийлөгчийн тушаалыг шилжилтийн үеийн гэж нэг-хоёр жилийн хугацаатай бол тэрээр нэрээ дэвшүүлэхийг зөвшөөрч магадгүй гэнэ.
Цэргийнхэн ба исламистуудын хийсэн тохиролцооны нэг зорилго нь ерөнхийлөгчийн өрсөлдөөнөөс Арабын лигийн орнуудын тэргүүн байсан Амр Мусса ба “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний экс лидерүүдийн нэг Абдель Монейм Абуль Фотоха нарыг зайлуулах явдал ажээ. Энэ хоёр ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн өндөр магадлалтай байгаа юм.
Бие даасан судалгааны санал асуулгаар одоо хамгийн өндөр чансаатай байгаа нь Амр Мусса. Цэргийн дээд зөвлөлийн зарим гишүүдэд түүний “хэтэрхий бие даасан байдал нь” таалагддаггүй. Мусса арван жилийн турш Гадаад хэргийн сайд байсан ба түүний улс төрийн нөлөө өснө гэж айсан Хосни Мубарак Муссагаар Арабын лигийг толгойлуулахын тулд ихээхэн хүчин чармайлтыг тухайн үедээ гаргаж байжээ. Ингээд түүнийг 2001 онд Лигийн дарга болгон “зайлуулсан” байна. Харин “Мусульман ахан дүүс” Абдель Монеймын боломжийг бууруулах сонирхолтой байгаа. Докторын боловсролтой тэрээр Мубаракийн эрх барьж байсан үед олон жил шоронд хоригдож байсан. Хувьсгалын дараа тэрээр “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнөөс ерөнхийлөгчид хүнээ дэвшүүлэхгүй гэж зарласныг үл тоон ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлж байсан юм. Абдель Монейм исламистуудын шинэ үеийнхэн дунд хангалттай нэр хүндтрэй байгаа нь уг хөдөлгөөний удирдлагад таалагдахгүй байгаа бололтой. “Ахан дүүсийн” залуус түүнийг исламистуудаас хүчтэй өрсөлдөгч гэж үзэж байгаа бөгөөд хэрэв түүнийг дэмжвэл залуусыг хөдөлгөөнөөс хөөж магадгүй талаар тэд ярьж байна.
Нэрээ дэвшүүлэхээр зарласны дараа хөдөлгөөнөёс хөөгдсөн Абдель Монеймын нэр хүнд эрчимтэй өссөн нь уг хөдөлгөөний удирдлагыг гайхашруулж байв. Түүний улс төрийн хөтөлбөрт нь Египетийн нийгэмлэгт зөвшилцөл гаргана гэж орсон нь исламистуудаас гадна либералууд цаашлаад христийн шашныхныг татаж чадав.
“Мусульман ахан дүүс” цэргийнхэнтэй тохиролцсон нөхцлийн нэг нь тэд цэргийнхэнд тэдний өнгөрсөн жилийн санал асуулгаар дэвшүүлсэн ерөнхийлөгчийн сонгуулийн нөхцлийг өөрчлөх тогтоолыг парламентын доод танхимд гаргахгүй байх юм. “Мусульман ахан дүүс” хөдөлгөөн “Ан Нур” гэх салафитуудын намтай эвсэл байгуулан тус орны сонгуульд 47 хувийн санал аван парламентын доод танхимыг бүрэн хяналтдаа авсан. Аль-Арабийг ерөнхийлөгчид дэвшүүлэх болсон нь Египетэд Саудын Араб ба Катарын нөлөө ихэсч буйг харуулж байна гэж зарим шинжээчид дүгнэв. Саудын Араб салафитуудаар, Катар “Мусульман ахан дүүсээр” нөлөөгөө ихэсгэж байгаа гэж хэлж болох ажээ.
Арабын лиг сүүлийн үед Арабын хойгийн орнуудын сонирхлын дагуу бодлого явуулж байна. Лигийг америкчууд магтаж байгаа учраас Аль-Арабийг тэд хүлээн авч магадгүй юм. Цэргийн дээд зөвлөл нийгэм, эдийн засгийн ээдрээтэй үеэр эрх барьж байгаа учраас тэд сонгуулиар олонх болсон исламистуудтай тохиролцоог хайж байна. Зарим шинжээчид ерөнхийлөгчийн сонгуулиар шинэ нэр дэвшигчид гарч ирэхийг үгүйсгээгүй. Гэхдээ тэд ямар нэгэн хэмжээнд “Арабынх” байна гэдэгтэй тэд санал нэгтэй. Египетийн ерөнхийлөгчийн сонгууль 2012 оны зургадугаар сарын 30-нд болно. Сонгуульд оролцохоо Амр Мусса, Абдель Монейм хоёроос гадна бусад хүмүүс мэдэгдсэнээс хамгийн нэртэй нь Цөмийн эрчим хүчний агентлагийн нэр дэвшигч байсан Нобелийн шагналт Мохаммед аль-Барадеи юм.