”Хүүхэд байхдаа Цагаан сард дуртай байсан”

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

”Хүүхэд байхдаа Цагаан сард дуртай байсан”

“Люмино” хамтлагийн ахлагч МС BEATZ буюу Д.Тэмүүжинтэй үндэсний дээлээр гоёчихсон явж байхтай нь таарлаа. Тэрбээр өчигдөр “Eagle News" телевизийн энтертайнмент мэдээллийн хөтөлбөрийн Цагаан сарын тусгай дугаарт зочноор уригджээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Таныг үндэсний дээлтэй байгааг харах сайхан байна шүү. Цагаан сар таны хувьд ямар баяр вэ?

-Хүүхэд байхдаа сар шинийн баярт их дуртай байсан. Хөгшин болсон хойноо дуртай болох байлгүй. Одоо зүгээр л Монголын уламжлалт баяр гэдэг утгаар нь наадам, Цагаан сараар дээл өмсдөг.

-Хэчнээн дээлтэй вэ?

-Хоёр дээлтэй.

-Одоо өмсч байгаа дээлээ Цагаан сард зориулж хийлгэсэн үү?

-Өнгөрсөн жил хийлгэсэн дээл. Жил бүр дээл хийх нь ч хаашаа юм. Ямар ч байсан би таргалж, тураагүй, дээл маань таарч байгаа болохоор өмсч байна л даа.

-Шинийн нэгнийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Өглөө босоод эхнэр, хоёр хүүхэдтэйгээ хамт гарч, мөрөө гаргадаг. Тэгээд хадам ээжтэйгээ түрүүлж золгодог. Дараа нь эмээтэйгээ, хамаатан садантайгаа золгоод хэдэн айлаар зочилдог. Ерөнхийдөө шинийн нэгэнд очих ёстой бүх айлаар орохыг зорьдог.

-Залуучууд Цагаан сарын тухай янз бүрийн бодолтой явдаг. Зарим нь хөгшдийг туйлдуулдаг Цагаан сарын бэлгийг халах хэрэгтэй ч гэдэг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Надад байдгаа бариад бэлэг өгч байгаа хүн инээдтай санагддаг. Дээр үед хэвийн боов, ааруул, ээзгий л өгдөг байсан юм билээ. Харин одоо зурагтаар сонсч байхад, сая гаруй, наад захын айл нь 600 мянган төгрөгийн өр зээл тавиад Цагаан сарын баяраа тэмдэглэдэг гэх юм. Юу болчихоод тэгдэг юм бэ, мэдэхгүй. Өнөөдөр бидний амьдрал ямар байгаа билээ. Ихэнх нь баян, тансаг биш шүү дээ. Ганц баяртаа ач холбогдол өгөөд туйлширч байгаа нь таалагддаггүй. Ёс заншил гэж байгаа бол дээлээ өмсөөд, монгол бичгээ хөгжүүлэхгүй, идэж уухаа түрүүнд тавьж байгаа нь гоё санагддаггүй. Жилд ганц бэлэг өгч байгаа нь гоё л байх. Гэхдээ хамаг юмаа барих нь буруу байх аа. Тэр бүү хэл дэлгүүрүүд нь “Цахилгаан барааг Цагаан сараар бэлэглэ” ч гэх шиг. Урд хөрш Эрээний барааг Нарантуул дээр шахаад тэр рүү шаагиж бэлэг гэж аваад хамаатан садангаа чанартай, чанаргүй бэлгээр гар цайлгадаг нь надад таалагддаггүй. Уг нь Цагаан сараар жилдээ ганц удаа төрөл саднаараа цугларч, нэг нэгийгээ мэдэлцдэг, үүгээрээ магтууштай сайхан баяр.

-Уран бүтээлч хүнээс уран бүтээлийнх нь талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Баярын дараа ямар ажил төлөвлөөд байна?

-Сар шинийн дараанаас дуунуудаа клипжүүлж эхэлнэ. Шинэ уран бүтээлүүд гарна. Өмнө нь нээх их яриад байхыг хүсэхгүй байна. Ярьж байгаад удаадаг алдаа бидэнд байдаг шүү дээ.

-“Цасан аялгуу-2011” рок, попын шинэ жилийн үдэш “Люмино” хамтлаг эргэн тайзнаа гарч ирсэн нь фенүүдийг нь баярлуулсан. Хамтлагаараа хэзээнээс уран бүтээлдээ эргэн орох гэж байна?

-"Люмино" хамтлаг өмнөх стилиэсээ өөр, орчин үеийн стильд ороод, шинэлэг, гоё зүйл хийхээр төлөвлөж байгаа. Хэмнэлийн хувьд ч огт өөр байх болно. Өмнө нь уран бүтээлдээ төдийлөн зав гаргаж чаддаггүй байсан бол энэ удаад нэг дуундаа гэхэд л 20-иод хоног зарцуулж байгаа. Гадны продюсеруудын хэмжээнд ажиллахыг зорьж байна. Энэ зорилтыг миний гаргасан хоёр шинэ цомог батлах байх аа. Хөгжмийн дуугаралт, зохион байгуулалт гээд…

-Урсгал, чиглэлээ өөрчлөх үү. Амьд хөгжмийн хамтлагтай хамтран ажиллах уу?

-Одоохондоо амьд хөгжмийн хамтлагтай хамтран ажиллах төлөвлөгөө байхгүй байна. Өмнө нь бид амьд хамтлагуудтай хамтран тоглож байсан. Зарим нь санаж байвал 2000 оны арваннэгдүгээр сарын 11-нд “Никитон” хамтлагийн хөгжимчидтэй хамтраад “Баярлалаа, Ухаарлаа” анхны хип хоп, амьд тоглолт хийж байсан. Ерөнхийдөө дэлхийн хөгжмийн ритм хурдалж байна. Хип хоп хөгжим hard house руу дөхсөн. Үүнийг хамгийн энгийнээр “Black eyed peace” хамтлагийн дуунуудаар тайлбарлаж болно. Тэд хип хоп хамтлагийн чиглэлд ордог мөрлөө hard house стиль дээр үглэдэг хамтлагийн тоонд орж байгаа. Тэгэхээр хөгжмийн урсгал эргэж байгаа. Хуучны 90-ээд оны техно гэдэг урсгал руу, арай өөр мөртлөө тэр стиль руу явж байгаа. Яагаад гэвэл дэлхийн хөгжмийн модул байнга эргэж байдаг. Нэг үе "Битлз" хамтлагийн дуунууд моод болж байгаад дараа нь Жеймс Блант гээд л… Хүмүүсийн зүрхний цохилтын хэмнэл ч гэсэн хурдасч байгаа гэж сонссон.

-“Люмино” хамтлаг хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан ч тэдний орон зайг нөхөх шинэ залуу хамтлаг гарч ирээгүй болохоор эргэн нэгдлээ гэдэг яриа гадуур яригдах болсон?

-Энэ бол аль гурав, дөрвөн жилийн өмнөөс яригдаж байгаа яриа. Би номондоо ч энэ тухай бичсан. Манай хамтлагийн хувьд ганц хип хоп гэхгүй урлагийн төвшинд уран бүтээлээ хйихийг зорьдог учраас хийсэн уран бүтээлүүд нь хоногшиж үлдэж байгаа юм болов уу гэж боддог. Бид ганц хип хоп хийхгүй. Жишээ нь “Зам” гээд клипдээ хэлмэгдлийг үеийг харуулсан. Өнөөдөр уран бүтээл хэмжээнд маш их хөдөлмөр зарж, хийдэг хип хоп хамтлаг Монголд байхгүй.

-Хип хоп стилиэр чанартай уран бүтээл хийх хамтлаг үгүйлэгдсээр байна гэж ойлгож болох уу?

-Ер нь нэг стилиэ барьж уран бүтээл хийдэг нь маш олон болсон. Одоо яг байгаагаараа, өмсч байгаа хувцастайгаа дуулдаг. Тэр бол хип хопын мөн чанар мөн л дөө. Гэхдээ уран бүтээл гэдэг тал руу хазайлгах хүмүүс одоохондоо байхгүй учраас энэхүү стилиэрээ эргээд гоё, гоё зүйлийг хийх ёстой болов уу гэж бид бодсон. Бид нарын төвшинд “Guys-666” гэж хамтлаг байсан. Юм дэндүү хөгжихөөрөө амархан болдог ч юм уу? Тэр талыг л барьж байгаа байх. Бид нарын арга барил бол арай өөр.

-Уран бүтээлийн амжилт хүсье. Сайхан шинэлээрэй.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж