Авбал ав, авахгүй бол холд
Хүнсний зах. Газраар нэг цаасан хайрцагнууд хөглөрч хаашаа ч харсан хөл тавих зайгүй болсон хүнсний захын павильон автоубусыг санагдуулмаар.
Гүйлгээ хэр их байгааг хөлд хөглөрөн байгаа цаасан хайрцагнууд хэлээд өгөх мэт. Жирийн үед байдгаас илүү нэмэгдэл лангуунууд гаргаж, иргэдийн явах замыг хааж зогссон наймаачид зарж буй бараагаа “Аваарай аваарай” гэх. “Сезон” нь орсон хүнсний бүтээгдэхүүний лангуунуудыг тойроод бөөн хүн. Тэвчээртэй нэг нь хүлээж, яарсан нэг нь урдуур хойгуур нь орж завгүй худалдагчаас энэ тэрийг асууна. Хиамны үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн гэсэн зэмлэл хүлээсэн. Үнэхээр хиам нэлээд өндөр үнэтэй 6500- 9000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан юм. “Яасан үнэтэй болчихсон юм бэ” гэж асуух худалдан авагчдийн асуултад ундууцсан худалдагч эмэгтэй “Угаасаа үнээ нэмээд удаж байна шүү дээ. Бид ямар үнэтэй зараад байгаа биш цаанаасаа үнэтэй ирж байгаа” хэмээн тайлбарлаж хэлэх. Дараагийн хүн мөн л ийм асуулт тавьж худалдагч эмэгтэй ч урьдын хариултаа өгсөн хэвээр. Уг нь хиам үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд үнээ буулгах сануулгыг төрөөс өгсөн ч эрэлт ихтэй баярын үеэр хиамаа үнэтэй зарчихвал дараа нь буулгасан ч чамгүй ашиг олчих нь гэж хар ухаанаар бодсон ч ойлгомжтой. Мах махан бүтээгдэхүүний үнэ нэлээд нэмэгдсэн ч хүний өмнө нүүр улайхгүйг хичээх монголчууд үглээд л, уурлаад л, худалдагчтай нь муудалцаад л, худалдаж аваад л. Өөр сонголтгүй болохоор та авбал ав, авахгүй бол холд, би ажлаа хиймээр байна гэдэг зарчим энд үйлчлэх. Төрөөс уг нь ард иргэдийн хүнснй хэрэглээг хангахаар нөөцийн махыг гаргана, хямд үнэтэй иргэдийн гарт хүргэнэ хэмээн хийрхэж байсан ч үнэн хэрэгтээ туранхай, олдоц муутай нөөцийн мах нь иргэдийн амьжиргаанд бодитойгоор хүрч байгаа нь эргэлзээтэй. Цагаан идээ, чихэр жимс, ариун цэврийн хэрэгсэл, ширээ, шалны хулдаас, аяга таваг, тогоо, жигнүүр гээд гэр ахуй хэрэглээний бараануудын худадан авалт дээд цэгтээ хүрч хүйтэн нойтонд даарч хөрөн суух наймаачдын нар нь гийж, магнай нь тэнийнэ. Арга байж уу, тэд жилийн хамгийн оргил худалдан авалтын үеэрээ ахиухан юм зарж ар гэртээ орлого оруулахийг хүсэх нь мэдээж. Иргэдийн хувьд ч өвлийн хүйтэнд, задгай захаар бараа цуглуулаад явна гэдэг тийм ч хүсмээр зүйл биш гэдэг нь мэдээж. Гэхдээ л нэг дороос хямд үнээр арай л өргөн сонголттойгоор худалдан авалт хийхээр Нарантуулыг зоригсод олон.
Багахан үнэ бараандаа нэмсэн
Үндэснийхээ баяраар үндэсний хувцсаа өмсөх нь мэдээж сайхан. Тэр ч утгаараа үндэсний хувцас худалдан авах иргэдийн тоо нэмэгдэх нь мэдээж. Дээл, цамц, малгай, гутал гээд үндэсний хувцаснууд маань ч уг захад өнгө алаглан харагдах агаад гагцхүү голоор нь явах зай алга. Хэн нь зарж байгаа, хэн нь худалдаж авч байгаа нь мэдэгдэхгүй. Харин мэддэг хүмүүс бол төвөггүй олоод харчихдаг гэнэ. Учир нь дээл зарж буй худалдагчид өөрсдөө дээлээ өмссөн байх нь дийлэнх. Даавуу, торго, үйтэн хуар гээд төрөл бүрийн эрэгтэй эмэгтэй дээлнүүд харагдах бөгөөд хийц материалаасаа шалтгаалаад 50 мянган төгрөгөөс дээш үнэтэй. Багхан нэмэгдсэн үнэтэй бараа зарж байгаагаа наймаачид маань ч нуухаа больж дээ. Иргэд ч мэддэг болсон болохоор. Үндэсний малагайнууд төрөл төрлөөрөө харагдах бөгөөд дийлэнх нь хүүхдийн хөөрхөн малгайнууд. Үнэ нь харин 10-40 мянган төгрөг. Хөл хөдөлгөөн ихтэй баярын өмнөх Нарантуулыг зорьсон иргэдийн халаасан дах мөнгөнөөс “хуваалцах” халаасны хулгайчдын сезон нь бас оржээ. Дээл үзэхээр явсан нэгэн залуу түрийвчтэй мөнгөө хулгайчид алдчихлаа гээд зогсч байх. Хөөрхий сар шинээр үндэснийхээ хувцасаар гоёчих санаатай ирсэн аж. Ойрын өдрүүдэд Нарантуул ОУХТ-д гэмт хэрэг, зөрчил ямар байгаа талаар уг захын цагдаагийн тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Аюушаас тодруулахад “Ер нь хөл хөдөлгөөн ихсэхийн зэрэгцээ халаасны хулгай болон лангуун дээрээс юмаа алдах нь ихэсдэг. Мөн хөдөө орон нутгаас ирж бараа таваар авдаг иргэд машинаасаа юмаа алдах хэрэг ч багагүй гарч байгаа. Манай цагдаагийн алба хаагчид бүхий л нөөц бололцоогоо дайчлан офицер, ахлагч гэхгүйгээр л гадуур явж иргэдийг хулгайн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж байгаа. Мөн камераар ч давхар хянаж байгаа. Манайх гурван жилийн өмнөөс 12 ширхэг хяналтын камер зах дотор байрлуулсан. Одоогийн байдлаар дөрвөн камер хэвийн ажиллаж байгаа. Үлдсэн наймыг нь засах шаардлагатай байна. Манай захад байнга халаасны хулгай хийдэг 20 гаруй хүн байгаа. Тэднийг манай алба хаагчид мэддэг болчихсон, тэд ч манай алба хаагчдыг андахгүй. Бид энгийн хувцастай алба хаагчдыг гаргаж тэдий араас дагаж, хулгай хийхэд нь үйлдэл дээр нь барьдаг. Нэгэнт үйлдэл дээр нь бариад цаад хүнийг хохиролгүй болгосон учир хуулийн дагуу зургаагаас дээшгүй цагаар түр саатуулж 20 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авдаг” гэсэн юм.