Б.Лхагважав: ЗГ брокер диллер болох уу?

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Б.Лхагважав: ЗГ брокер диллер болох уу?

УИХ-ын намрын чуулган өндөрлөхөөс өмнөхөн Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах 39, 40 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн. 2010 оны долдугаар сард Тавантолгой төслийг хэрэгжүүлэх үүргийг УИХ-аас Засгийн газарт олгож, үүний хүрээнд 39,40 дүгээр тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолоор бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 хувийг иргэдэд үнэгүй тараах, 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарж 30 хувийг нь олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалахаар болсон. Гэтэл зарим улстөрчид “Эрдэнэс Тавантолгой” компанийн  хувьцааг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах нь шударга бус хуваарилалт хэмээн үзэж иргэдэд 20 хувийг нь үнэ төлбөргүй олгох хуулийн төсөл санаалчилсан бөгөөд УИХ-аас өнгөрсөн долоо хоногт үүнийг дэмжиж, уг тогтоолуудыг өөрчлөхөөр тогтсон юм. Засгийн газраас өнгөрсөн 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн Монгол Улсын бүх иргэнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцааг олгоно гэж байсан ч өнөөдрийн байдлаар Эх орны хишгээ сургалтын төлбөрөөр хүртсэн оюутнууд хувьцаа авах эрхгүй болчихоод байна. Хэдийгээр дээр өгүүлсэн тогтоолын өөрчлөлтөөр 536 хувьцааг 1072 хувьцаа болгож байгаа гэх боловч Засгийн газраас өмнө амлаад байсан нэг сая төгрөг эсвэл хувьцаа гэсэн тулгалт ч хэвээрээ байгаа билээ. Харин зарим эдийн засагчид ийнхүү хувьцааг үнэгүйдүүлж байхаар аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарсан бол илүү өгөөжтэй байх байсан гэсэн санааг ч хэлж байгаа.

Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважаваас цөөн асуултад хариулт авлаа.

-УИХ-ын намрын чуулганаар 39, 40 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахаар болсон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанаас иргэдэд 20 хувийг үнэгүй өгөх, хэрвээ иргэн авахгүй гэвэл аж ахуйн нэгжүүдэд зарахаар тогтсон юм биш үү?

-УИХ-ын намрын чуулганаар Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар 2010 онд баталсан тогтоолоо өөрчлөхөөр боллоо. Улстөрийн нөхцөл байдалтай холбогдуулж л энэ шийдвэрийг гаргаж байх шиг байна. Өмнөх тогтоолоо хэрэгжүүлсэн бол Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй байсан юм. Иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанаас 20 ч биш бүр 50 хувийг нь өгч болно. Гэхдээ хувьцаа гэдэг үнэт цаас болохоос үнэгүй олгодог бэлэг биш юм.

-УИХ өмнө гаргасан тогтоолоо өөрчлөх нь буруу гэж үү. Ер нь хүмүүс хувьцаагаа авна, мөнгөө ч авна гэж бодоод байгаа шүү дээ. Гэтэл одоо оюутнууд л гэхэд хувьцаа авах боломжгүй болсон?

-Иргэдэд хоёр сонголт өгч байгаа юм билээ. Хэрвээ иргэн хувьцаа авна гэвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа авч болно. Харин мөнгөө авна гэвэл 10 хувийг нь үнэгүй өгөөд 10 хувийг нь Засгийн газар өөрөө нэрлэсэн үнээр нь худалдаж авах юм.  Эндээс харахад Засгийн газар брокер диллер болох уу гэдэг асуулт байгаа. Өнөөдрийн байдлаар бол Засгийн газар брокер диллерийн үйл ажиллагааг л эрхлэх гээд байгаа бололтой. Үнэт цаасны хуулиар бол Монголын хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаа арилжаалагдах учиртай юм. Тэгэхээр Засгийн газар нэг брокер диллерийн компани байгуулж таарах нь. Нэг ажил хийх гэж бас дахин нэг бүтэц байгуулах нь зөв ч юм уу, буруу ч юмуу гэдгийг мэдэхгүй л байна.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнийг Засгийн газраас тогтоох уу?

-Уг нь хуулиараа бол “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө хувьцааныхаа нэрлэсэн үнийг тогтоох ёстой. Гэхдээ Тавантолгой бол Засгийн газраас хэрэгжүүлж буй том төсөл гэдэг утгаараа оролцох байх. “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаанаасаа мөнгө босгохын тулд л үнэт цаас гаргаж байгаа юм шүү дээ. Гэтэл ард түмэнд 20 хувийг нь үнэгүй өгчихөөр энэ компани хаанаасаа мөнгө босгох юм. Уг нь аж ахуйн нэгжүүдэд зарчихсан бол тодорхой хэмжээний хөрөнгө төвлөрчих байлаа. Аливаа компани хувьцаа гаргаж байна гэдэг хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох гэж байгаа л хэлбэр шүү дээ.

-Оюутнууд, бас сая төгрөгөө бэлнээр авах хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаагүй үлдэж байна?

-Тийм ээ. Оюутнуудын хувьд эх орны хишгээ сургалтын төлбөр хэлбэрээр авчихсан болохоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг хүртэх эрхгүй гэж ойлгож болно. Хэрвээ хөгшид нэг сая төгрөг авахгүй хувьцаагаа авна гэж бас болно. Гэхдээ миний хэлээд байгаа гол зүйл бол хувьцаа үнэтэй байж л үнэд хүрнэ үү гэхээс үнэгүй бэлэглэсэн хувьцаа үнэд хүрнэ гэхэд хэцүү. Ернь Монголд газрын доорх баялгийг үнэлдэггүй. Гэтэл гадаадад гарахад газрын доорх баялаг үнэд хүрчихдэг. Тэгэхээд бид зарим нэг хуулийг өөрчлөх хэрэгтэй байна.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж