Нүүрс нийт экспортын 31 хувийг эзэлж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Нүүрс нийт экспортын 31 хувийг эзэлж байна

Монголбанкнаас гаргасан тай­лан­­гаар Монгол Улсын гадаад худал­дааны эргэлт 735.2 сая ам.долларт хүрээд байгаа аж. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 735.2 сая ам.дол­ларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 32 хувиар өсчээ. Нийт бараа эргэл­тийн 42.1 хувь буюу 309.4 сая ам.долларын худалдааг Хятад улстай, 23.9 хувь буюу 175.5 сая ам.долларын худалдааг ОХУ-тай тус тус хийсэн байна. Тайлант хугацаанд нийт экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.2 хувиар өсөж 240.3 сая ам.долларт, импорт 42.1 хувиар өсөн 494.9 сая ам.долларт тус тус хүрчээ.Импортын өсөлтийн хурд экспортынхоос 2.8 дахин илүү байгаа нь  гадаад худалдааны алдагдал 254.6 сая ам.долларт хүрэхэд нөлөөлсөн байна. Үүнээс валютаар төлбөр нь хийгддэг барааны гадаад худалдааны алдагдал 171.5 сая ам.долларт хүрч өнгөр­­сөн оны мөн үеэс 1.9 дахин өсөөд байна.

Харин нийт экспортын 31,2 хувийг нүүрс дангаараа бүрдүүлж байгаа бөгөөд өнгөрсөн 2011 онд Монгол Улс 21 сая тонн нүүрсийг Хятадын зах зээлд нийлүүлжээ. Хятадад худалдаж байгаа Монголын нүүрсний үнэ 33-116 ам.доллар байгаа юм. Энэ оны нэгдүгээр сарын нийт экспортын 31.2 хувийг чулуу нүүрс, 27.8 хувийг зэсийн баяжмал, 15.7 хувийг төмрийн хүдэр ба баяжмал, 8.1 хувийг боловсруулаагүй нефть бүрдүүлжээ.

“Бороо Гоулд” ХХК 158.6 кг алтыг Канад улсад экспортолсон байна. Чулуу нүүрс, молибдений хүдэр ба баяжмал, ямааны угаасан самнасан ноо­луурын экспортын биет хэмжээ буурснаар нийт экспорт 16.5 сая ам.доллараар буурахаар байсан боловч зэсийн баяжмал, төмрийн хүдэр, боловсруулаагүй нефть, жонш, лейцит, нефелинт сиенитийн биет хэмжээний өсөлтөөс шалтгаалан 35.8 сая ам.доллараар, эдгээр бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүний экспортын үнийн өсөлтөөс шалтгаалан 41.1 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн нь экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс өсөхөд нөлөөлжээ.

Монгол Улсын Эдийн засаг импор­т­ын бараа бүтээгдэхүүн дээр тогтдог гэж эдийн засагчид шүүм­жилдэг. Гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарч байгаа ч Монголын Импортын хэмжэ экспортынхоос бага байгаатай холбоотой юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар нийт импорт 494.9 сая ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 42.1 хувиар буюу 146.7 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Энэхүү өсөлтөд нефтийн импорт 2.2 дахин өсч 143.3 сая ам.долларт, тээврийн хэрэгслийн импорт 1.2 дахин өсөж 83.0 сая ам.долларт, хүнд машин, механизм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн импорт 1.1 дахин өсөж 76 сая ам.долларт тус тус хүрсэн нь голлон нөлөөлснийг Монголбанкнаас мэ­дээлж байна. Мөн  нийт импортын 83.2 хувь буюу 411.7 сая ам.долларыг валютын төлбөртэйгээр, 14 хувь буюу 69.0 сая ам.долларыг хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа эзэлж байна. Манай улсын нефтийн импорт, нефтийн хилийн дундаж үнэ мөн  л өссөн дүнэтэй гарлаа. Тайлант хугацаанд Монгол Улсын нефтийн импортын биет хэмжээ өн­гөрсөн оноос 51.5 хувиар, хилийн дундаж үнэ 48.5 хувиар тус тус өссөнөөр нийт нефтийн импорт мөнгөн дүнгээр 143.3 сая ам.долларт хүрчээ. Нефтийн импортын хилийн дундаж үнэ 2012 оны нэгдүгээр сард тонн тутамд 1264.4 ам.долларт хүрснээр өнгөрсөн оны мөн үеэс 36.7 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар тус тус өсөөд байна. Энэ бүгдийг эцсийн байдлаар дүгнэвэл Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2012 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 32 хувиар өсөхөд экспортын гол нэрийн 10 бүтээгдэхүүний хилийн дундаж үнэ 11.8 хувиар, импор­тын гол нэрийн бараа, түүхий эдийн биет хэмжээ 49.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Ж.Эрхэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж