-Сар шинэ болох нь. Хаана цагаалах гэж байна даа?
-Гэртээ, хотод л цагаална даа. Хөдөө явж чадахгүй байна. Ахмад настан талдаа орж байгаа юм чинь орон гэртээ байлгүй яах вэ.
-Цагаан сарын баярын өмнө бэлтгэл гэж нүсэр ажил өрнөдөг. Та үүнд нь оролцдог уу?
-Цагаан сар гэдэг нь Монгол үндэстний ёслол хүндэтгэлийн өдөр. Шинийн нэгэн гэдэг их утга төгөлдөр зүйл шүү дээ. Баян ч бай, барлаг ч бай шинэлдэг. Хүн бүр тэр бүр наадмыг үзэж чадахгүй байдаг бол цагаан сараар Монгол хүн бүр хүндэтгэлтэйгээр өнгөрүүлдэг. Гай зовлон тохиогоогүй л бол бүгдээрээ л шинэлдэг. Дээр үед нэг ядуухан эр гурван бууз жигнээд нэгийг нь бурхандаа өргөж, нэгийг нь өөрөө идээд, үлдсэнийг нь айлдаа өгч байсан юм гэнэ билээ.
-Цагаан сарыг баян хүнийг бахдуулсан, ядуу хүнийг туйлдуулсан баяр ч гэж хэлдэг. Гэхдээ утга учрыг нь ингэж алдагдуулж байгаа нь өөрсөдтэй маань л холбоотой?
-Яах вэ, яаж тэмдэглэж өнгөрүүлэх нь айл хүний өөрийнх нь асуудал шүү дээ. Ууц шүүсээ тавина уу, богтос шаантаа чанах уу гэдгийг боломжоороо л шийдэх хэрэг. Намайг хүүхэд байхад томчуудад бэлэг сэлт гэж өгдөггүй л байсан, болоод л байсан. Хүүхдүүд голдуу л айл хэсч боов цуглуулдаг байсан. Харин сүүлд хот хүрээ газрынхан, том жижиггүй л гар цайлгадаг болсон.
-Өмнө нь болоод л байсан гэж байна. Ер нь сэтгэлд дурсагдахаар сайхан Цагаан сар хүүхэд насанд л байлаа гэж хүмүүс хэлдэг. Таны хувьд ийм л байжээ дээ?
-Хүүхэд байхад олон хоногийн өмнөөс хүлээж, “Тэр морио унана даа” гэж яриа хөөрөө болдог байсан. Сар шинэ дөхөөд ирэнгүүт тэднийд очно гэж айлуудаа бүртгэж төлөвлөөд л. Морь малаа дэллэж, шинэ дээл өмсөөд л. Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргаж, аавтайгаа хамт хойд овоон дээр гарч арц хүжээ уугиулна. Ээж, аавтайгаа золгоод, дараагаар нь жинхэнэ айл хэсэх ажилдаа орно шүү дээ. Зарим айл нь мөнгө өгнө. Тэр нь нэгт, гуравтын дэвсгэрт.
-Гишүүдээс ахмад нь УИХ-ын дарга, тэгээд бараг та байх. Гишүүдийн золголт ямархуу янзын болж байна, танайд очиж золгох уу?
-Шинийн нэгэнд залуу гишүүд манайд ирж золгодог шүү дээ.
-Намын ялгаа мэдээж хамаагүй биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Д.Одбаяр гишүүн, Ц.Баярсайхан, Д.Балдан-Очир гээд л. Манайх ч нэлээд хөлтэй шинэлдэг айл шүү дээ. Төмөр замынхаа хонхорт дээр үеэс ижил дасал болсон болохоор их хүн бий. Ахмад талдаа орж байгаа болохоор ихэнх нь намайг л гэж ирнэ.
-Цагаан сараар ахмад настнууд маань нэг сая төгрөгөө авна гэж хүлээсээр байгаад чадсангүй дээ?
-Харин тийм ээ, барсангүй.
-Олон хүн л хүлээж байсан?
-Баярынх нь өмнө олон арван төгрөг буусан бол аштай байхгүй юу. Хэл ам болсоор байгаад чадсангүй. Гэхдээ яах вэ, баярын дараа нэг их сунжрахгүй өгчих юм бол илүү тустай байх. Ууцаа идэж дуусна, боовоо дуусч уутаа гөвнө шүү дээ. Сар шинийн өмнө бэлтгэлээ хангах гэж байгаа нь гээд мөнгөө шавхчихсан, зээл авчихсан нь олон. Дундуурхан болж ирэх үед нь гар дээр нь хэдэн төгрөг тавьчихвал бас болж байгаа нь тэр.
-Гурил нь яах вэ, махны үнэ өндөр байна аа?
-Махны үнэ айхтар өндөр байна. Энэ чинь хүнсний гол хэрэглээ шүү дээ. Малчдыг үнээ өсгөөд байна гэж ярих хүмүүс байна. Гэхдээ үүнд итгэхгүй л байна. Хаа байгаа уулын аманд байгаа малчин машин тэрэг хөлөглөж ирээд, энд үнэ хөөрөгдөж байгаа гэдэг нь юу л бол. Гол нь завсраас нь хожих гэсэн улс айхтар байна.
-Нэг хүнд ногдох малынхаа тоогоор тэргүүлж байж, нэг килограмм мах 8000 төгрөгөөр авна гэхээр л онцгүй санагдаж байлаа шүү. Үүнийг нь яаж ч чадахгүй байгаа юм уу гээд асуухаар улс төр лүү ороод ирэх байлгүй дээ.
-Харин тийм ээ, завсарт нь байгаа дамжуулагч нөхдүүд сүлжээ үүсгээд байна. Барихад хэцүү зовлон байна. Манайхан чинь нэг юм сонсохоороо л, тэгэх нь гэж шуураад л гуяа алгадаад үнээ нэмчихдэг болсон. Ёстой барагдахгүй нөхөдтэй учраад байна. Монополийн эсрэг хууль, үнийн хөөрөгдөлтэй тэмцэх байгууллага нь илүү үр нөлөөтэй ажиллахгүй бол болохгүй нь. Зах зээлийн жам гээд зоргоор нь голын урсгал шиг урсгаж байвал ямар олиг байх вэ. Яах вэ, яриа хэлцэл болж байж баярын өмнө 50 төгрөгөөр бууруулж байх шиг байна. Уг нь 80 төгрөгөөр бууруулж болохоор байсан. Гэхдээ яах вэ, тэр шатахууны бизнес эрхлэж буй хүмүүс Цагаан сарын өмнө ийм шийдвэр гаргаж байгаа нь ард түмэндээ барьж буй бэлэг юм даа. Нэгдүгээр сарын 6-ний өдөр үндэслэлгүйгээр нэмсэн. Гэхдээ үүнийгээ эргэж хараад өмнө нь 20 төгрөгөөр, одоо 50 төгрөгөөр бууруулж байгааг хэрэглэгчийн хувьд баярлаж л байна. Гол нь бензиний үнэ өсөхөд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн атлаа, буухад нь буулгахгүй байна гэдэг муухай л юм. Тээврийн зардал хасагдаж байгаа нь ойлгомжтой шүү дээ.
-Халтирсных, улс төр жаахан ярих уу. Тавантолгойн хувьцаа, сонгуулиар амласан Хүний хөгжлийн мөнгийг нэг болгочихсон бил үү. Аргагүйдээд ингээд шийдчихэв үү?
-Үгүй ээ, үгүй. Эх орны хишиг гэж анх ярьсан нь ашигт малтмалаа ашигласны үр шим шүү дээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдахад нэг сая таван зуу дээрээ тогтсон. Үүний 500 мянгийг нь цувуулаад өгчихсөн. Одоо засаг хувьцаа байдлаар авах уу, бэлэн сая төгрөгөөр нь авах уу л гэж буй хэрэг.
-Оюутнууд сая төгрөгөө сургалтын төлбөртөө авчихсан юм чинь сонголтгүйгээр Тавантолгойн хувьцаагүй болохоос аргагүй болж байна уу?
-Харин тэгж л таарч байх шиг байна. Оюутнуудын хувьд 80 орчим мянган төгрөг үлдэж байгаа юм уу даа. Үүнийг хувьцаа байдлаар авч болох биз.
-Чуулган завсарласан. “Энэ намрын чуулганаар амжууллаа” гэж хэлэх юу байна даа?
-Сонгуулийн хуулийг баталлаа. Дээрээс нь Ашиг сонирхлын зөрчлийн хууль баталсан. Энэ хууль л гэхэд төрийн хар хүн хэрхэн ажиллах ёстойг заасан ач холбогдолтой хууль. Хар хүн гэдэг нь хар ус шиг тунгалаг, ил тод гэсэн үг. Төрийн хүн ийм л ил тод, юу хийж байгаа нь нэвт харагддаг байх ёстойг хуульчилсан. Мөн ажиллаж хөдөлмөрлөх гэсэн иргэдийг дэмжих чиглэлээр нэлээдгүй хууль баталсан. Зээлийн батлан даалтын тухай, Зээлийн мэдээллийн сангийн тухай, Компанийн тухай хууль гээд л. Халамжийн тогтолцоог өөрчилсөн хуулийн орчныг бий болгон халамж хэрэгтэй хүн рүү чиглэхээр болсон.
-Ирэх сонгууль ямар болох төлөвтэй байна, шинэ хуультай ч болчихлоо?
-Хуулиа гаргасан. Хуулийн гадна хэн ч байх ёсгүй. Хэн хүнгүй хуулиа мөрдөж ажиллахад сонгууль шударга болох нь ойлгомжтой.
-Орон нутгийн сонгуулийн хуулийг цэгцэлж амжаагүй байгаа нь “гай” болохгүй байгаа даа?
-Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчлөх тал дээр хоёр нам эсрэг байр суурьтай байна. Ардчилсан нам хоёр сонгуулийг нэгэн зэрэг явуулах саналтай байгаа. МАН бол “Энэ горьгүй. Бүх зүйл шинэ болсон байхад төвөгтэй. Нэг сонгуулийг хийхэд маргалдаад байж хоюуланг нь хольж хутгахад юу болдог бол” гэсэн болгоомжлол байна. Эхлээд төрийн эрх барих дээд байгууллагаа сонгоод батлах. Дараагаар нь жоохон амсхийж байгаад намар хуучин хийдэг жишгээрээ орон нутгийн сонгуулийг зохион явуулахад нэг их болохгүй зүйл байхгүй шүү дээ.
-Та ирэх сонгуульд нэр дэвших үү?
-Үүнийг нам л мэднэ дээ.
-Таны хувийн бодол юу байна?
-Нам санал болговол, арай ч “пенс”-ндээ гарчих цаг ирээгүй байна. Ирэх сонгуульд нэр дэвших бодол байна.
-Нэр дэвшиж гарч ирсэн тойрог чинь багасаад хэд болсон бэ. Хэнийг тэр тойрог руу явуулахаар яригдаж байна?
-Би Дундговь аймаг, нутгаасаа сонгогдсон. Хоёр байсан мандатын тоо ганц болсон. Нэг юман дээр нэлээд л шавааралдаж байгаа дуулдана.
-Дундговиос чинь тантай хамт гарч ирсэн хүн бас л нэр дэвших талаар бодож байгаа байх?
-Надтай хамт Х.Наранхүү гишүүн гарч ирсэн.
-Нөгөө намаас учраа болох хүний нэр дуулдана уу?
-Янз бүрийн нэр дуулдаж л байна. Гэхдээ юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ.