-Та цагаан сараар Есдүгээр Богдтой золгох уу?
– Золгоно.
-Таны амьдралын гол зорилго юу вэ?
-Монголчууддаа туслах. Олуулаа, эрх чөлөөтэй, сайхан амьдрахад нь тус нэмэр болох.
-Утаа, түгжрэл, хэт төвлөрөлөөс гарахад нийслэлээ шилжүүлэх оновчтой юу?
– Бүгдээрээ уудам нутгаараа тарж суурьшъя.Тэгвэл зөв болно.
– Иргэдэд бэлэн мөнгө тарааж байгааг та юу гэж бодож байна?
– Бэлэн мөнгө тарааснаар хөгжил ирэхгүй. Энэ байдал удахгүй өөрчлөгдөнө.
– Та Монгол оронд шударга ёсны хувьсгал яагаад хийхгүй байна вэ?
-Хувьсгалыг нэг хүн хийдэггүй. Олуулаа хийдэг.
-Онгон байгалиа ахуйн хогноос салгах талаар Та юу хийх вэ?
-Тийм. Зөв асуулт /толгой дохив/ Хоггүй газар гэж үгүй болсон. Засаг дарга бүр хариуцсан нэгжээ хогноос нь салга.
-Шүүхийн багц хууль яагаад батлагдахгүй байна вэ?
-Хууль тогтоогчдоос асуул даа. Миний хүч заримдаа хүрэхгүй байна ш дээ.
-Та иргэнийхээ хувьд парламентын, ерөнхийлөгчийн засаглалын алийг нь дэмждэг вэ?
-Ард түмний засаглалыг дэмждэг. Аажимдаа манайд шууд ардчилал давамгайлна.
-Та өнөөдрийн үндэсний аюулгүй байдлыг 0-100 баллаар хэрхэн дүгнэх вэ?
– 60+гэж хэлье. Дүгнэдэг, хардаг өөр үзүүлэлтүүд бий.
-Таны хамгийн том биелсэн мөрөөдөл юу вэ?
– Аав болсон, ардчиллын буянаар эрх чөлөөгөө олж авсан.
-Та “би эргэж ирнэ” гэж байхдаа Ерөнхийлөгч болно гэж бодож байсан уу?
-/Инээмсэглэв/ 1998 оны явдал. “Одоо бид 5-уулаа байна, 50-иулаа эргэж ирнэ” гэж л хэлсэн.
-Эрхэм Ерөнхийлөгч өө, “Ууцгүйгээр цагаалах” уриалга гаргаж болох уу?
– Цагаан сараар зөвхөн Монголынхоо бүтээгдэхүүнийг л хэрэглэе.
-Таны хамгийн хайртай амьтан юу вэ?
– Хөөрхөн асуулт байна. Амьтны зулзага, төл. Нялх юм бүхэн хөөрхөн.
-Та 20 жилийн дараах Монголын Ерөнхийлөгчид юу гэж захих вэ?
– Ээжийхээ захисныг хэлье.Түмэндээ түшигтэй яваарай гэж.
-Би англи хэл сурмаар байна. Та туслаач? /Хүүхдээс ирсэн асуулт байна/
– Эхлээд Монгол хэл, бичгээ сайн сур.
-Та өдөр бүр гүйдэг үү? Ийм боломж гардаг уу?
-Гаргана аа. Хөдөлгөөнтэй байхыг боддог. Хөгширч биш хөшиж үхдэг гэдэг биз дээ.
-Танд Оюу Толгойн гэрээг шинэчлэх, өөрчлөх бодол байна уу?
-Тэнд хийх юм их бий.Оюу толгой бол том бүтээн байгуулалт.
-Та хамгийн сүүлд Монгол эмчид хэзээ үзүүлсэн бэ?
– Дөнгөж өнөө өглөө.
-Цагдаагийн албыг төрийн тусгайгаас гаргаж үйлчилгээний алба болгомоор байна?
– Төрийн, захиргааны албыг нийтийн, иргэний үйлчилгээ гэж нэрлэх ёстой. Тэгэж өөрчлөх ёстой.
-Монголын залууст ирээдүй байна уу?
-Байлгүй яахав. Ирээдүйгээ гартаа ав. Хүн ямар явах нь зөвхөн өөрөөс нь хамаарна.
-Дунд шатны төрийн албыг чанаржуулж, хахууль авдгийг болиулаач.
-Гуйя. Хууль, хяналт улам чангарна. Хахуулиар амьдрагсадын амьдрал улам хэцүү болно.
-Та 10 жилийн дараа ямар ажилтай болох бол?
-Ач нартайгаа ноололдсон, мод тарьсан, дурсамжаа бичсэн шигээ л явах болов уу.
-Таны хамгийн их бахархлыг төрүүлсэн хүн хэн бэ?
-Миний аав ээж хоёр. Бас бидний аугаа их өвөг дээдэс.
-Таны хүссэн боловч хийж чадаагүй гол ажил юу вэ?
-/Бодолхийлэв/ Одоогоор тийм ажил алга.
-Та ном уншдаг уу. Хамгийн сүүлд. Нэрлэнэ үү?
-Саран хөндий, Тунгалаг тамирыг сонссон. Үзэхийн хязгаарыг уншсан.
-Оюутанд тэтгэлэг маш хэрэгтэй.Та оюутан байхдаа тэтгэлэг авдаг байсан уу?
-Санал нэг байнаа. Зөвлөлтөд сурч байхдаа би 70 цөлхөөвөр авдаг байлаа.
-Таны 100 жилээр хэлсэн үгийг маш их дэмжиж байна. Ажил болох уу?
-Тэр бол монгол хүн бүрийн үг./толгой дохив/ Би дамжуулсан. Ажил болгоно.
-Нефть импортлогч компаниуд дураараа тоглож байна. Үүнийг болиулж болох уу?
-Шатахуунаа эхлээд дотооддоо үйлдвэрлэвэл олон асуудал шийдэгдэнээ.
-Таныг саяхан зарим телевиз, сонингоор муучилсан. Та яаж хариуцлага тооцох вэ?
-Би л тийм шалтаг өгсөн юм байлгүй дээ. Би хэвлэлд буруу санаж чаддаггүй юмаа.
-Таныг санаснаа хийхэд юу саад болж байна вэ?
Дарга нар их саад болж байна. Өөрчлөлтөөс, шударга ёс, хариуцлагаас айдаг.
-Та олон газар оронд айлчилсан. Хамгийн сайхан дурсамж?
-Бүгд л дурсамжтай, онцлогтой. Японы парламентад үг хэлсэн мөч бол онцгой байсаан.
-Мэргэшсэн улс төрч гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Хувь хувьсгалаа ялгадаг. Үнэт зүйлээр амьдардаг. Зарчмаасаа гаждаггүй.
-Монголд мал малчин хоёр хэцүүдлээ. Төр засаг юу бодож байна вэ?
Олон хүн ингэж асуусан шүү. Санаа их зовж байгаа. Бодлого заавал гаргана.
-Та хүн үү, эсвэл Ерөнхийлөгч үү?
-Хм.Намайг Ерөнхийлөгчийн ажилд ард түмэн хугацаатай авсан. Миний хугацаагүй ажил бол хүн байх.
-Та яагаад зангианыхаа өмнө нугалаас гаргаж зүүдэг юм бэ?
-Энэ учиртай. /Зангиагаа засан инээмсэглэв/ Хүн гэсэн тэмдэг, тархиндаа үрчлээстэй. Коммунист биш.
-Таны уурыг хамгийн их хүргэдэг юм юу вэ?
Ядарсан нэгнийг дээрэлхэхийг үзэж чаддаггүй.
-Та шинэ хүмүүсийг улс төрд орохыг дэмжих үү?
-Дэмжинэ. Гол нь зорилго зөв, сэтгэл зөв байх ёстой.
-Таныг уучлал гуйхыг 2 удаа харлаа. Та их өрөвч хүн үү?
-Уучлах, үйлчлэх хоёр бол ардчилсан төрийн шүншиг.
-Та Монгол поп-д яагаад төрийн шагнал өгсөн юм бэ?
Бүтээлч хөдөлмөрч залуусаа дэмжиж.
-Монголд тууштай улс төрийн хүчин байна уу?
-Байнаа, Монголын ардчилсан холбоо.
-Та шударга хүн мөн үү. Итгэж болох уу?
Шударга байхыг эрмэлздэг. Шударга бусаас хэн ч хожихгүй.
-Обамагийн алганы хойно байхдаа юу бодож байв?
-Юу бодохов дээ. /инээв/ Дараа нь харин миний нүүрийг хаасан ч, Монголынхыг хаагаагүй гэж бодсон шүү.
-Энэ олигархиудаас яаж төрөө салгах вэ?
-Сонголтоо бодолтой хий. Харин олигархийг манайд монигархи гэж нэрлэх хэрэгтэй.
-Сайн улс төрчид байх ёстой чанараас гурвыг Та нэрлээч?
-Үнэлэмж, мэдрэмж, зориг. Дараалал нь хамаагүй.
-Цаазын ялыг халахыг би дэмждэг. Гэхдээ арай эртдээд байгаа юм биш үү?
-Монголчууд горыг нь хангалттай амссан даа /Санаа алдав/ 30.000 хүнээ цаг бусаар бид алдсан.
-Та өөрийгөө шагнаж болох уу?
-Юу гэж.Би хамгийн том шагналаа авсан. Ард түмний итгэл бол миний шагнал.
-МАН-ын сайд, дарга нар таны өрөөнд дуудагдаж орохоос одоо айдаг болсон уу?
-Юундаа айдаг юм. Ямар бидний өмнөх үеийнхэн шиг гадагш дуудагдаж байгаа биш.
-Яавал Монгол орон хөгжих бол?
-Хүн бүр дор бүрнээ хичээвэл.
-Уул уурхайн том том гэрээнүүд Монголд ашигтай болж чадаж байна уу?
-Энд би нэг л хэмжүүр барьдаг. Үндэсний эрх ашиг хамгийн гол хэмжүүр.
-“Wallstreet”-ийг эзэл гэдэг хөдөлгөөнийг та юу гэж боддог вэ?
-Аливаа юмны хэмжээ, ноёрхол хэтрэхээрээ л бурууддаг. Энэ бол үүний л жишээ.
-Ерөнхийлөгчийн хувьд таны айж явдаг зүйл юу вэ?
-Монголын нэр сэвтэхээс.За тэгээд газар хөдлөхөөс, аваар осол, зуд зурхан гээд.
-Барууны, зүүний үзэл баримтлал, нам гээд ярьдаг. Үүнд ялгаа байна уу?
-Нэг нь хүний мөнгийг хурааж, нөгөө нь өөрт нь үлдээж асуудал шийдэх гэдэг хүмүүс.
-Та ирэх сонгуулиар аль намыг ялаасай гэж бодож байна?
-Ард түмэн ялаасай гэж бодож байна. Санал нь парламентад зөв тусаасай, олон намын төлөөлөл сонгогдоосой.
– Та Монголчуудаа дуудсан эх орондоо дуудсаан. Юу хийх гэж байна?
Олон юм хийнэ. Монгол хүнийг гадагш явуулдаг биш, Монголдоо ирүүлдэг болох ёстой.
-Та нэг өдрөө тамирчдын дунд өнгөрөөж болох уу?
Өө. Дуртайяа.
-Таны нандигнадаг зоосны хоёр талд юу гэсэн бичээс байдаг вэ?
Сайхан асуулт байна. Ард түмэн, эрх чөлөө.
-Ашигт малтмалын газраас хуурамчаар, нууцаар лиценз өгөөд байгааг яах вэ?
-Тийм юм байх ёсгүй. Байгаа бол баригдана. Хариуцлага хүлээлгэнэ.
– Та яагаад Хурцыг Авлигатай тэмцэх газарт томилсон юм бэ?
-Авлигатай тэмцэх бол хэцүү ажил. Тэр өмнө нь авилгачдыг барьж байсан. Аймхай хүн биш.
-Орон нутгийн эрхийг өргөтгөмөөр байна. Та Их Хурлыг хөдөлгөөд өгөөчээ?
-Санал нэгээ. Иргэд байгаа суугаа газраа асуудлаа шийдэх нь л зөв ш дээ.
-Монголыг зарим нь сайхан гэдэг, зарим нь муухай гэдэг. Таны бодол?
-Монгол бол эгнэшгүй сайхан орон. Монголоо онож, олж төрснөөрөө бахархах хэрэгтэй.
-Монголд дахиад хувьсгал хэрэгтэй юу?
Хувьсгалыг яаж ойлгохоос болно. Эрхийн шилжилт гэдэг утгаар бол хэрэгтэй.
-Би архинаас гарсан. Үүнийгээ зарламаар байна. Яаж хийх вэ?
Зарлах хэрэггүй. /инээв/ Та эрүүл болсон нь хамгийн том зарлал.
-Төрийн хар хайрцагны бодлого хаана явна вэ?
Байх ёстой газраа байгаа. Төрийн бодлого бол уламжлал, зарчим, үндэсний эрх ашигт л оршдог.
-Хөгжлийн төвд хүнээ тавина гэсэн. Яасан бэ?
-Хүнд эрх шилжүүлнэ гэсэн үг. Түүнээс биш төрийн ордонд өөрөө суухтай, хүн суулгахтай андуурч болохгүй.
-Та саяхан асуудал толгойдоо байна гэсэн. Аль толгойг хэлсэн бэ?
Эрх мэдэлтэй толгойг. Эрхийн төвлөрөл хэтэрч, ялзарч байгааг хэлсэн.
-Монгол Улсын хувьд энэ цаг үеийн хамгийн чухал асуудал юу вэ?
Хөгжил. Шударга ёсонд суурилсан хөгжил хамгийн чухал.
-Шинэ улс төр гэж юуг хэлэх вэ?
-Шинэ санаа, шинэ шийдлийг.
-Та нэгэнтээ Чингэс хаанд ч, Чойбалсанд ч олдоогүй боломжийн тухай ярьсан. Үүнийгээ тайлбарлаач?
-/Толгой дохив/ Түүхэн боломжийг л хэлсэн. Улс орныхоо бие даасан, эрх чөлөөт байдлыг улам баталгаажуулах боломжийг.
-Манай улсын муу сайн хоёрын аль нь дийлээд байна вэ?
-Мэдээж сайн нь, гэхдээ муу юм бий. Аль алинд нь дасаж болохгүй. Хоёуланг нь өөрчилж сайжруулах нь зөв.
-Хайгуулын зөвшөөрлийг хориглосноос эдийн засаг хохирч цаг алдаад байгаа юм биш үү?
-Эхлээд өгснийхөө учрыг олъё. Алдаагаа засъя. Хуулиа сайжруулъя. Хойч үедээ ч үлдээе.
-Та Монголд парламентын дээд доод танхим байхыг дэмждэг үү?
-Үгүй. Илүүдсэн эрх мэдэл байгаа бол иргэддээ өг. Танхимд биш.
-Улс төрийг би ойлгодоггүй. Таныхаар бол улс төр гэж юу вэ?
-Улс төр бол хариуцлагатай шинжлэх ухаан. Бодлоготой, хариуцлагатай хүний оролдох ажил.
-Хууль дээдлэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?
Хуулийг алагчлал үгүй, хэлбэрэлтгүй, тэгээд ялгамжгүй хэрэгжүүлнэ гэсэн үг.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ? 20, 30 хүүхэдтэй болсон гэсэн. Энэ үнэн үү?
-Олон хүүхэдтэй ээ. Нэг ч үрийг болов өсгөж өндийлгөчих юмсан л гэж зүтгэж байна даа бид хоёр.
-Сайн удирдагч гэж хэнийг хэлэх вэ?
Би мэдэхгүй. Тэхдээ харвал танинаа.
-Төрд зүтгэнэ гэж юу гэсэн үг вэ?
Таны зовлонг би авъя, миний жаргалыг та ав гэсэн үг дээ.
-Таныг хүмүүс янз бүрээр ярих юм. Та яг хэн бэ?
-Би бол өндөр ууланд хөлд орсон жирийн ардын хүүхэд.
-Авлигачдын нуруу хэзээ бөхийж, ард түмний нуруу хэзээ тэнийх вэ?
-Би үүнийг ямагт санаж явдаг. Авлигатай тэмцэх, шударга ёс тогтооход нэг хүний хүч мөхөсдөнө. Бүгдээрээ л тэмцэнэ дээ.
-Таны үг үнэхээр олныг дагуулдаг. Бүгдийг нь өөрөө бичдэг үү?
-Би хүний үг уншдаггүй ээ. Өөрөө л хийдэг. Бас зовно шүү. Зарим үгийг өмхийртөл боддог.
-УИХ-ын гишүүнийг сайдаар давхар ажиллуулж болохгүй. Дэмждэг шүү?
-Би энэ тухай хууль санаачилна. Ер нь ч хоёр тусдаа эрх мэдэл нэг хүнд байж болохгүй.
-Та ямар спортод дуртай вэ?
-Хөл бөмбөг.
-Жинхэнэ эх орончдыг хуурамч эх орончдоос яаж ялгах вэ?
-Эх орноо суудлынхаа төлөө, суудлаа эх орныхоо төлөө золих хоёрт ялгаа бий.
-Хөрөнгөлөг хурандаа нар гэж та ярьсан. Яг хэнийг хэлснээ нэрлэнэ үү?
-Хм. Учигтай зүү шиг ардаа эзэнтэй хүмүүсийг. Хуулийн байгууллагад удсан, хууль бусаар хөрөнгөжсөн.
-Та тэргүүн хатагтайг яагаад зарим айлчлалдаа дагуулж явдаггүй юм бэ?
-Ажил ихтэй. Зайлшгүйд нь явдаг шүү дээ.
-Хариуцлагатай уул уурхай гэж юу вэ?
-Зөвхөн авдаг биш, өгдөг. Ил тод, байгальд ээлтэй, олон нийттэй ойлголцож чаддаг.
-Таны өгсөн цол, одон, медалийг архиар угаах юм. Та юу гэж бодож байна.
Тэрийгээ болих хэрэгтэй. Төр иргэндээ бохир, хиртсэн юм өгөөгүй.
-Төрийн төмөр нүүр гэж юу гэсэн үг вэ?
Төр нэг рүү нь хялайж, нөгөө рүү нь маасайж болохгүй гэсэн үг.
-Та ямар дуу сонсох дуртай вэ?
-Уртын дуу.
-Төр жолоодох ухаан гэж юу вэ. Та түүнийг сурсан уу?
-Хүн бүр өөртөө төртэй. Энэ бол хүн бүрт заяасан ухаан.
-Хүн алсан хүнийг яагаад цаазлахгүй байна. Ар гэрийнх нь хорсолтой үлддэг шүү дээ?
-Хувь хүний хорслыг яая гэхэв. /санаа алдав/ Төрийн хорслыг хазаарлах ёстой. Хүнийг алж биш, гэмийг олж яллах нь чухал.
-Та хойт төрөл байдагт итгэдэг үү. Та хойд төрөлдөө хаана төрмөөр байна?
-Монголдоо төрнө. Говьдоо ус, талдаа ой болж төрнөө.
-Төрийн шийдвэр сэтгэлийн хөөрлөөр гараад байгаа юм биш үү. 68%-ийн татвар, ямааны мөнгө г.м
-Төрд ус агаар шиг дутагдаж байгаа зүйл нэг бий. Тэр бол судалгаанд суурилсан шийдвэр.
-Хэвлэл дэндүү гүтгэх юмаа. Та гүтгүүлж байсан уу? Та яадаг вэ?
-/Инээмсэглэв/ Би ч шүүр шанага болтлоо шүршүүлдэг дээ. Би заримдаа ээжээсээ асуудаг. Үнэн олддог л юм.
-Хүн төрөлхтөнд тулгарах гол асуудлуудыг Та нэрлээч?
Ус, эрчим хүч, хоол хүнс. Нэмэх нь шударга ёс.
-Бөө хэцүүдлээ. Айл, орц бүр бөөтэй боллоо. Арга хэмжээ авах уу?
-Үнэн. Ярилцаж байгаа. Шинээр бөө тодруулахыг хориглохоос эхлэх нь зөв байх.
-Ерөнхийлөгчийн ажил ямар байдаг бол. Гоё нь юу вэ?
-Ард түмнийхээ чөлөөт сонголтоор ажиллах, ард түмнээ төлөөлөх.
-Утаанаас яаж салах вэ?
-Утаа эзэнтэй. Хариу нь тодорхой. Мөнгө байнаа, сэтгэл алга. Хариуцлага тооцъё. Засаг дарга нар.
-Ерөнхийлөгчөө 10 үг?
-Аан за. Засгийг, албан тушаалтнуудыг нэг хоёр удаа огцруулаад өгөхөд утаа шийдэгдэнэ дээ.Энэ бол одоо хариуцлагагүйн утаа шүү.
-Та дахиад нэр дэвших гэж байгаа гишүүдэд юу хэлэх вэ?
-2008 оны сонгуулиар юу амлаж явсанаа сана, ярьж явсан ярианы тэмдэглэлээ унш, бичлэгээ үз.
-Хүчирхийллийн эсрэг хамгийн сайн зэвсэг бол хүнлэг ёс.-Төрд муу бүхэн шургалж байна. Тийм байх ёстой юм уу?
Эсрэгээрээ. Төр бол сайны үзүүлэн, зөвийн жишээ байх учиртай.
-Та хайрыг юу гэж боддог вэ?
Хайр минь амьдрал болсон. Амьдрал маань хүүхдүүд болсон.
-Төрд ажиллах хугацаандаа хийсэн Таны хамгийн том алдаа юу вэ?
Үндсэн хуулинд дордуулсан нэмэлт өөрчлөлт хийхэд оролцсон явдал.
-Таныг дэмждэг бас таныг эсэргүүцдэг хүмүүст хандаж Та юу гэж хэлэх вэ?
-/Бодов/ Дэмждэгт нь буян заяа нь дэлгэрэг, эсэргүүцдэгт нь ухаан санаа нь саруул болог.
-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?
Эрх чөлөөгүй хүн энэ дэлхийд бүү үлдээсэй, эх хүүхэд бүү зовоосой.
-Та ямар морь унах дуртай вэ?
Хөл хөнгөнтэй, их дэлтэй. Бага зэрэг сайварладаг бол зүгээр.
-Шагнал ихдээд байгаа юм биш үү.
-Тодорхойлолтонд учир байнаа. Хавтгайруулдаг.
-Та юу их зүүдэлдэг вэ?
-Би байгаль их зүүдэлдэг. Нутгаа зүүдлэнэ. Оюутан, цэрэг байснаа. Бас нисэж зүүдэлдэг.
-Ерөнхийлөгч болсноосоо хойшхи сайхан, бас тааруу дурсамжаасаа хуваалцаач?
-Ерөнхийлөгчийн тангараг өргөчихөөд ээждээ үнсүүлсэн. Талбайд ард иргэдтэйгээ уулзах гэж очсон маань л санаанаас гардаггүй юм даа.
-Монголын төрд ямар дутагдал байна?
Ашгийн төлөө газар шиг аашилдаг, эрх шилждэггүй, хариуцлага тооцдоггүй.
-Та ямар хүүхэд байсан вэ?
Хүнээс их айдаг. Янзага шиг үргэмтгий.
-Та төрд ажиллаж байгаа хүмүүст юу гэж захих вэ?
Эрх мэдэлтэй байхдаа шударга бай. Шударга ёс шийдлийг, гүйцэтгэлийг шаарддаг.
-Та эх орныхоо тухай бодлоо хэлээч? Та эх орноо юу гэж боддог вэ?
Монгол бол дэлхий шиг улс. Газар дэлхийн гайхамшигт бүх шинжүүд Монголд бий. Хүний сайн л Монголыг онож, олж төрнө дөө.
-Та эрт босдог уу? Орой босдог уу? Та хэр эрт босдог вэ?
Сэрэнгүүтээ босдог.
-Танд сайд хийх боломж гарсан бол ямар салбар сонгох вэ?
Эрүүл мэндийн эсвэл боловсролын. Эмч, багш бол бурхны элчүүд.
-7 сарын нэгний хэрэгт цагдаа нар буруутай юу?
-Шүүхийн шийдвэр гараагүй байхад буруу зөвийг хэн ч хэлэхгүй.
-Та хийж байсан ажлаасаа нэрлээч. Хамгийн сайхнаас нь?
-Ачигч, засварчин, сэтгүүлч, Бага хурлын гишүүн.
-Улс төрчид улсаа хөгжүүлнэ, намайг сайхан амьдруулна, их мөнгө өгнө гэх юм. Ийм юм байж болох уу?
-Хөгжил бол улс төрчдийн биш, чөлөөт үйлдвэрлэгчдийн бүтээл.
-Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс 9 дүгээр Богдын талаар албан ёсны шийдвэр гарсан уу?
-Гарсан.
-Таны хамгийн дуртай юм юу вэ?
-Эрх чөлөө. Хулгай хийхгүй амьдрах боломж эрх чөлөөнд байдаг.
-МАХН-ыг шүүх бүртгэхэд та нөлөөлсөн үү?
-Эзнээ олоогүй асуулт байна. Шүүхийн шийдвэрт нөлөөлөх эрх хэнд ч байхгүй.
-Олон жилийн улс төрийн амьдрал танд юу өгсөн бэ?
-Олонтой амьдрах хат. Маргаашаар амьдрах ухаан.
-Та яагаад аавыгаа цөөн дурсдаг юм бэ?
-Дурсалгүй яахав. Надтай байнга хамт байдаг. Цахиагийн Элбэгдорж. /Гараа элгэндээ авав/ Аав маань намайг цэрэгт байхад өөд болсон юм. Хүүхдүүдээ сайн хүн болгож ачийг нь хариулна.
-Улс төрд орсон хүн гарч болдоггүй гэж ярьдаг. Тэр үнэн үү?
-Худлаа. Харин улс төрийг хялбар гэж ойлгож болохгүй. Бусдын төлөө ажиллах амаргүй.
-Таны хүссэн ардчилсан нийгэм Монгол улсад бүрэн тогтсон уу?
Би ингэж боддог юм. Сайныг бүтээхэд нас багаддаг. Нураахад өдөр уртаддаг. Ардчилал бол эрх чөлөөт…
-Ерөнхийлөгч өө, 10 үг…
…амьдралын нийтийн,хүмүүсийн байнгын хэлбэр. Тогтоно, дуусна гэж үгүй.
-Та юу хараад баярладаг вэ?
Хүүхэд. Бужигнасан олон хүүхэд.
-Манай дотоод нийт бүтээгдэхүүн өсөөд байна. Би ядуураад байна. Асуудал юунд байна вэ?
-Улс орон ард түмнээрээ дамжиж хөгждөг, хүчирхэг болдог. Тэгэхээр ДНБ амьдрал дээр өсөөгүй гэсэн үг.
-Та Ерөнхийлөгч болоод их эрх эдэлж байна уу? Болоогүй байхдаа их эрхтэй байсан уу?
-Үүрэг, хариуцлага нэмэгдсэн. Албан тушаалгүй үедээ би эрх, эрх чөлөөгөө илүү мэдэрдэг.
-Монголын имидж юу вэ?
Эрх чөлөө, их түүх, ирээдүй.
-Таны Ерөнхийлөгч болоход нөлөөлсөн гол хүчин зүйл юу вэ?
-Өрсөлдөөн. Би улс төрийн нэг ч албан тушаалд өрсөлдөөнгүйгээр очиж байгаагүй.
-Монголоо яаж босгох вэ? Та Монгол улсаа яаж хөгжүүлэх гэж байна?
-Монголыг босгох гэвэл эхлээд Монгол хүнийг босго. Монгол Улсыг хөгжүүлэх гэвэл эхлээд Монгол хүнийг хөгжүүл.
-Төрийг хүн гэвэл Та ямар хүн зурах вэ?
Сонин асуулт байна. Төрийг хүн болгож зурах юм уу. За тэгвэл том чихтэй, гар нь богино байвал зүгээр. Тэгээд том нүдтэй, урт хөлтэй, том зүрхтэй. /Дүрсэлж үзүүлэв/
-Төрийн албыг нийтийн үйлчилгээ гэж нэрлэх нь зөв үү?
-Зөвөө. Үйлчилгээнд л сэтгэл шингэдэг.
– Энэ олон асуултад хариулах хэцүү байв уу?
-Гайгүй. Харин богино хариулах амаргүй юм байна.
-“БЛИЦ-100” нэвтрүүлгийн анхны зочноор оролцсонд баярлалаа.
Зүгээр ээ. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
-Баярлалаа Ерөнхийлөгч өө!