Л.Болд: ЗХ-ийг иргэдийн эсрэг ашиглах хориотой

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Л.Болд: ЗХ-ийг иргэдийн эсрэг ашиглах хориотой

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ мэргэн бууч бүхий тусгай ангийг өмнөх сайд Л.Болдын үед бэлтгэж байсан гэж мэдээлжээ. Иймд УИХ-ын гишүүн Л.Болдоос энэ талаар тодрууллаа.

-Таныг Батлан хамгаалахын сайд байх үедээ мэргэн буучид бүхий анги, ротыг бэлтгэж байсан гэж Ж.Энхбаяр мэдээллээ. Та үүнд тайлбар өгнө үү?

-Уг нь ийм зүйлийг Батлан хамгаалахын сайд хэвлэлээр ярьдаггүй юм. Зэвсэгт хүчний бүтэц дотор тодорхой үүрэгтэй анги, нэгжүүд байдаг. Яг ямар зэвсэглэлтэй, ямархуу хүч хэрэгслээр ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдэг нь хуулиар тогтоосон хатуу хязгаартай. Нарийн ярьвал Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Зэвсэгт  хүчний жанжин штабын дарга хоёр л нарийн ширийнийг нь мэдэж байдаг асуудал.  Ж.Энхбаяр энэ богино хугацаанд их сайн мэддэг болсон юм байлгүй дээ. Нэг зүйлийг баталгаатай, хариуцлагатай хэлье. Зэвсэгт хүчний тухай Монгол Улсын хууль гэж бий. Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2-т  “Зэвсэгт хүчнийг иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хэлбэрээр ашиглахыг хориглоно” гэж бүр хатуу заачихсан байдаг юм. Тийм болохоор аль ч Батлан хамгаалахын сайд зэвсэгт хүчний тодорхой нэгжийг иргэдийн эсрэг ашиглах тухай бодох ч эрхгүй. Бодох ч эрхгүй зүйлийг энд тэнд цухуйлгаж, алдсан үгэндээ ороогдож байгаа хүний өмнөөс би ямар тайлбар хэлэх вэ дээ.

Монголын Зэвсэгт хүчин эх орноо гадны түрэмгийллээс хамгаалах үндсэн үүрэгтэй. Үүний зэрэгцээ зэвсэгт хүчний олон талт үүрэг гэж бий. Тухайлбал, энхийг сахиулах. Харин зэвсэгт хүчинд иргэдийнхээ эсрэг ашиглагдах ямар ч үүрэг байхгүй. Үүнийг л тодотгож хэлмээр байна. Би Монголын зэвсэгт хүчнийг ард түмнийхээ өмөг түшиг, манай тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа гэж үздэг. Ийм бодлоготой хүнд иргэдийнхээ эсрэг мэргэн буучид бэлтгэх санаа төрөхгүй нь лавтай.

З.Оргил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж