Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд зарж байгаа эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар аймаг, сум, хотод үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй эмийн үйлдвэр , эм ханган нийлүүлдэг 100 гаруй байгууллага, 800 гаруй эмийн сан, хуурамч эм худалдаалж болзошгүй зах, эмнэлэг доторх, хүнсний худалдааны цэг гээд манай улсад бүртгэлтэй эм хангамжийн байгууллагуудын 85 орчим хувийг хамруулан шалгасан байна. Шалгалтаар зориулалтын бус байранд эм үйлдвэрлэж байсан зөрчил олонтаа илэрсэн байна. Нийт 13 үйлдвэрийн 14 нэрийн бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаагүй байна. Мөн чанарын баталгаагүй, бүртгэлд ороогүй 92 нэр төрлийн эм борлуулж байсныг илрүүлж хариуцлага хүлээлгэлээ хэмээн холбогдох байгууллагаас мэдээлсэн байна.
Э.Сараа