Ж.Энхбаяр: Огцруулах асуудал нь үндэслэлгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаяр: Огцруулах асуудал нь үндэслэлгүй

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах тухай Ардчилсан намын бүлгээс санаачилсан тогтоолын төслийг нэр бүхий гишүүд өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дэд дарга Г.Батхүүд өргөн мэдүүлсэн билээ. Тэгвэл энэ үйл явдал болон бусад асуудлын хүрээнд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мөн энэхүү хэвлэлийн бага хуралд Батлан хамгаалахын сайдын Цэргийн зөвлөх, хошууч генерал н.Мягмар, Улс төрийн зөвлөх, хошууч генерал н.Жалбажав нар байлцаж сэтгүүлчдийн асуултад мөн хариулт өгсөн юм.

Сайд Ж.Энхбаяр “Өнгөрсөн долоо хоногт орон нутагт томилолтоор ажиллах явцад хэт нэг талыг барьсан, зарим мэдэгдэл нь мэдээлэл хомсоос болоо юу гэмээр буруу ташаа, нөгөө талдаа хэт улстөржсөн мэдээллүүд цацагдсан тул түүнд хариулт өгөх ёстой гэж үзэн энэ удаагийн хэвлэлийн хурал хийлгэж байна” гэдгээ юуны өмнө мэдэгдсэн юм. Тэрбээр сайдын албанд томилогдоод гурван долоо хонож буйгаа тодотголоо. Энэ хооронд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс халаа сэлгээ болон бусад асуудлын хүрээнд мэдээлэл хийхийг хүсч, тэр дагуу бүлгийн хуралд очсон. Гэвч мэдээлэл хийлгээгүй, дараа болгож хойшлуулсан. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй утсаар холбогдож,  мэдээллийг хэзээ сонсох вэ гэж асуусан “Болоогүй” гэдэг хариулт өгсөн. Улмаар бүлгийн зүгээс сайдын зөвлөлийн хурлын протокол хэрэгтэй гэсэн, тэр бүгд бэлэн байгаа ч өнөөдрийг хүртэл аваагүй байна гэлээ.

Мөн Зэвсэгт хүчинд хийсэн халаа, сэлгээний тухайд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч байсан  Ж.Сүхбаатарыг яамны хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллахыг санал болгосон. Яагаад түүнийг энэ албанд шилжүүлсэн бэ гэхээр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга нь цэргийн дээд боловсролтой, Цэргийн академи төгссөн хүн байх гэсэн шаардлагын дагуу сэлгэх санал тавьсан. Тухайн үед саналыг хүлээн зөвшөөрч байсан, тэгэхдээ “Хэд хоног амарчихаад ирье” гээд явсан боловч УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхнийг хөдөлгөж, мөн улсын нууцад хамаарах асуудлыг дэлгэсэн. Энэ хүнийг чөлөөлөх ёстой байжээ гэж бодож байгаа, яагаад гэвэл улсын нууцыг задруулсан учраас. Мөн энэ хүн Зэвсэгт хүчинд тэнцэхгүй нь гэдгээ харууллаа. Харин албан тушаалаас нь шууд чөлөөлсөн хүмүүсийн тухайд цэргүүдийн хангалт руу гараа дүрж, хулгай хийсэн учраас чөлөөл гэдэг үүргийг өгсөн гэлээ.

Сайд Ж.Энхбаяраас дараах асуултад сэтгүүлчид хариулт авсан юм.

-Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Зэвсэгт хүчин улсынхаа аюулгүй байдал, иргэдээ гадны халдлагаас хамгаалах зорилго дор оршин тогтнож байдаг. Харин та 2008 оны долдугаар сарын 1-н шиг үйл явдал болох юм бол Зэвсэгт хүчин бэлэн байх ёстой гэдэг утга агуулгатай яриаг хэвлэлүүдэд өгснөөр өнөөдөр нийгмийг болгоомжлоход хүргээд байна. Ямар шаардлагын үүднээс Зэвсэгт хүчнийг ийн бэлтгэх гээд байна вэ. Хоёрдугаарт, таныг огцруулах төсөл мэдүүлсэн хоёр гишүүн ч үндэслэлдээ энэ тухай онцолсон байгаа?

-2008 оны долдугаар сарын 1-н бол сургамж. Үүнд Монгол Улс бэлтгэлгүй байснаа харуулсан шүү дээ. Гэхдээ Онц байдлыг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч л зарлаж, тогтоохоор хуульчилсан байдаг. Батлан хамгаалахын сайд бол Онц байдал зарлах боломжгүй. Тодруулж хэлбэл, дайны буюу онц байдал зарласан үед Батлан хамгаалахын сайдын үүрэг тасалбар болж, Зэвсэгт хүчний ерөнхий компандлагч буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний жанжин штаб, удирдлагыг гартаа авч хэрэгжүүлдэг.  Харин манай Онц байдлын тухай хууль их хатуу заалттай байгаа. Энэ хуулийг шинэчлэх шаардлага бий.

Нөгөө талаас Монгол Улсын гадаад аюулгүй орчин асар их хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа. Манай Монгол Улс оршиж байгаа Зүүн хойд Азийн бүс нутаг дэлхийн их гүрнүүдийн томоохон геополитикийн болоод эдийн засгийн ашиг сонирхлын зөрчилд орчихсон. Монгол Улс маань бүс нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд томоохон тоглогч болж гарч ирж байна, эдийн засаг талаасаа. Тэгэхээр батлан хамгаалах, эдийн засаг хоёрыг салгаж ойлгож болохгүй. Бидний тайван байсан 20-иол жил дуусч, улс орон хөгжлийн шинэ шатандаа гарч байна. Энийгээ дагасан Монгол Улсынхаа хөгжлийн үзэл баримтлалтай холбогдуулан Батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх, шинэчлэх, боловсон хүчнийг сургаж бэлтгэх алсыг харсан томоохон бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр Батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг зохицуулж байгаа гол гол хууль эрх зүйн баримтуудад эргэж харах нэлээн олон заалт бий. Шинээр Батлан хамгаалах үзэл баримтлалыг боловсруулаад дуусч байна, үүнийг дагаад 20 орчим багц хуулийг өөрчлөх хэрэгтэй байна. Зэвсэгт хүчний бэлэн байдлыг дээшлүүлэх, үүнтэй холбоотойгоор боловсон хүчнийг сургах, зэвсэг техникийг сайжруулан шинэчлэх томоохон ажлууд хүлээгдэж байгаа. Тийм болохоор энэ бүхнийг хийх шаардлага тулгарч байгаа. 

-Мэргэн буучдын хоёр ротыг бэлтгэж байгаа тухайд тодруулахгүй юу. 016, 084 дүгээр ангийг энэ чиглэлээр бэлтгэж байна гэх юм. Уг нь бол гадаадад энхийг сахиулах зорилго дор бэлтгэдэг байсан юм биш үү?  

-Мэргэн буудагч цэргийн анги салбаруудад байх ёстой. Мэргэн буудагчийг тасралтгүй бэлтгэж ирсэн. Цаашдаа ч бэлтгэнэ. Сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдсэн хоёр ротын тухайд сая яамнаас тодрууллаа. Л.Болд сайдын үед 2010 оноос хойш тушаал гаргаад бэлтгэж байгаа юм байна. Үүнийг би зөв зүйтэй гэж үзэж байгаа. Цаашдаа ч бэлтгэнэ. Өнөөдөр бид дотооддоо төдийгүй олон улсын хэмжээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин үүрэг гүйцэтгэж байна. Энхийг сахиулах үйл ажиллагаа гэдэг маань тухайн улс орон асуудлаа дотооддоо зохицуулж чадахаа больчихсон, иргэний дайн гарчихсан, гүн гүнзгий зөрчилд орчихсон улс оронд очиж энхийг сахиулдаг. Иракт энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан н.Аззаяа маш ур чадвартай буудсаны хүчинд тэр баазад алба хааж байсан олон мянган хүний амь насыг аварч байсан. Тэгэхээр мэргэн бууч гэдэг Зэвсэгт хүчинд маш хэрэгтэй, зайлшгүй бэлтгэх шаардлагатай нарийн мэргэжил. Энэ үйл ажиллагааг Л.Болд сайд маань их дэмжиж явуулж байсан юм билээ. Цаашаа яривал нууцтай холбоотой зүйл хөндөх болж байгаа учраас ойлгоно биз.

-Сонгууль болоход мэргэн буудагчид хэрэгтэй гээд хоёр ротыг бэлтгээд байгаа юм биш үү?

-Гол нь бид бэлэн байдлыг хангах ёстой, залуучуудаа өндөр ур чадвартай болгох ёстой гэдэг утгаар л бэлтгэгдэж байгаа. Түүнээс мэргэн бууч бэлтгээд сонгуулийн үеэр ашиглана гэсэн юм байхгүй.  Онц байдлын тухай хууль гэж маш том хууль бий. Р.Гончигдорж гишүүн маань өөрөө батлалцаж явсан. Яагаад тийм зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Энэ биш юмаа, асар том газар хөдлөлтөд нэрдвэгдвэл яах вэ, ард иргэдээ аюулаас гаргах, голомтоос шилжүүлэх үүрэг, чадавхийг  Монгол Улсын Зэвсэгт хүчин Онц байдлын тухай хуулиар хүлээсэн байдаг. Тэр зохион байгуулалттай бэлтгэл, техник, хүн хүчийг татвар төлөгчдийн мөнгөөр бэлтгэж байгаа. Гамшгийн үед аюулын бүсээс гаргаж чадах уу. Гадаадын түрэмгийлэл бий болсон үед Зэвсэгт хүчин ард түмнээ хамгаалж чадах уу. Зэвсэгт хүчин, Ардын арми ард түмнээсээ бүрддэг. Тийм учраас Монгол Улсын Зэвсэгт хүчин өөрийгөө хамгаалах мэргэжлийн Зэвсэгт хүчинтэй байх ёстой. Би энэ утгаар ярьсан, энэ чиглэлээр ч ажиллах болно. Бодлогын хувьд, зэвсэг техникийн хувьд, хүний нөөцийн хувьд бэлтгэгдсэн байх ёстой гэж үзэж байгааг ойлгоорой.

-Таныг огцруулах асуудлыг УИХ-ын хоёр гишүүн тавьсныг үндэслэлгүй гэж үзэж байна гэж ойлгож болох уу?

-Үндэслэлгүй, хэт улстөржсөн шийдвэр гаргаж байгаад харамсч байна. Батлан хамгаалахын салбарын нарийн асуудалд ингэж хөнгөн хуумгай хандаж болохгүй. Бидний хувьд хийх маш их ажил байна. Бодлогын талаасаа хууль эрх зүйн хувьд шинэчлэн, ангиудаа цэрэг техникийн хувьд бэхжүүлэх, боловсон хүчнээ мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэх гээд асар их ажил хүлээж байна шүү дээ. Дахин хэлэхэд Монгол Улсын Зэвсэгт хүчин ямагт ард түмнийхээ талд зогсч ирсэн гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна. Цаашид ч ийм л байна.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж