Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга, хөтөлбөрт авлигын ойлголт, хор хөнөөл, түүнтэй тэмцэх арга зам болон шударга ёсны тухай ойлголт, мэдлэг олгох тусгайлсан хичээл тусгагдаагүй, энэ сэдвээр сургалт явуулах багшийн сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйн зөвлөмж хангалтгүй байдгийг харгалзан үзэж, “Авлигын эсрэг боловсрол” гарын авлагад дурдсан агуулгыг 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн зарим сургуулийн сургалтад хэрэглэхээр зорьж байгаа аж. Ингэснээр улс орны ирээдүй болсон хүүхэд, багачууд, өсвөр үеийнхэнд шударга ёсны ойлголт, зарчим, үнэт зүйлсийн талаарх мэдлэгийг сургуулийн орчинд олгож, цаашдын ажил, амьдралдаа баримтлах итгэл үнэмшил болгох, шударга бус зүйлд хууль ёсны хариу үйлдэл үзүүлэх чадварыг төлөвшүүлэх ач холбогдолтой болно гэж үзэж буй юм байна.
Туршилт сургалтын хаалтын ажиллагаанд Их Британийн Элчин сайд, хатагтай Торда Абботт-Вотт, Авлигатай тэмцэх газрын дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяр, АНУ-ын Азийн сангийн менежер Жош Фрийдман нар оролцсон юм.