АНУ-ын Худалдааны танхим Монголд

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

АНУ-ын Худалдааны танхим Монголд

АНУ-ын Худалдааны танхимын салбарыг Монголын нийслэл Улаанбаатарт нээсэн тухай АНУ-ын Худалдааны танхимаас өнөөдөр мэдээлэв. “Монгол дахь Америкийн худалдааны танхим” буюу “АмЧам Монголиа” хэмээх энэхүү шинэ байгууллага нь Монгол Улс, АНУ-ын бизнесийн харилцааг дэмжих хүчирхэг хэрэгсэл болж ажиллах ажээ. Уг салбар танхим нь АНУ-ын Худалдааны танхимтай нягт хамтран ажиллаж судалгаа, мэдээлэл боловсруулах, бизнес болон хөрөнгө оруулалтын бодлогын ажиглалт хийх, Монголд Америкийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монголын төр, хувийн хэвшлийн байгуулагуудтай хамран ажиллах үйл ажиллагаа явуулах юм байна.

“АмЧам Монголиа” нь АНУ, Монголын бизнесийн лидерүүдийн гишүүнчлэл бүхий байгууллага бөгөөд үйл ажиллагааг нь удирдах Гүйцэтгэх хороог ноён Жексон Кокс тэргүүлэх аж. Тэрбээр өмнө нь АНУ-ын Сенатын олонхийн бүлгийн дарга Билл Фристийн зөвлөхөөр ажиллаж байсан, “Вүүдмонт Интернэйшнл” компанийн үүсгэн байгуулагч төдийгүй Монголын ардчилал, эдийн засгийн хөгжлийг олон жил тууштай дэмжиж ирсэн хүн юм.

Дэлхий даяар гурван сая гишүүн компани болон идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 100  “АмЧам” салбарыг эгнээндээ нэгтгэсэн АНУ-ын Худалдааны танхим нь бизнесийн томоохон, хүчирхэг холбоо юм байна. “АмЧам Монголиа” байгууллага дэлхийн сүлжээнд, түүн дотроо Ази-Номхон далайн бүсийн АмЧам холбоонд нэгдсэн нь нэр төрийн хэрэг болжээ. Тус бүсийн АмЧам холбоонд Сингапур, Хонгконг, Япон, БНСУ,Тайланд, Вьетнам, Индонез, Хятад, Камбожи, Австрали зэрэг 25 салбар багтдаг аж.

“Америк, Монголын бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас бодитой хүчин чармайлт гаргаж ажилладагт би гүнээ талархдаг. Бидний хүчин чармайлт нь манай хоёр улсын харилцааг улам бүр бэхжүүлэхийн сацуу Монгол Улсын иргэдэд өргөн боломж бололцоо нээж өгөх юм. Монгол дахь Америкийн Худалдааны танхим “AmCham Mongolia”-г үр дүнтэй, бодит чиг үүрэгтэй байгууллага болгохын тулд Монголын төр ,засаг, АНУ-ын Засгийн газар, Худалдааны танхимтай цаашид нягт хамтран ажиллах болно гэдгийг өөрийн зүгээс илэрхийлж байна” хэмээн ноён Ж. Кокс нээлтийн үеэр хэлжээ.

Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Х. Бэхбат “АмЧам Монголиа” байгууллагыг үүсгэн байгуулахын ач холбогдлыг онцлон тэмдэглээд “Манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд “АмЧам Монголиа” байгууллага үнэтэй хувь нэмэр оруулах болно. Тус байгууллага нь Монгол Улсын эрчимтэй хөгжиж буй эдийн засаг, худалдаа арилжаа, хөрөнгө оруулалтын боломжийн талаар АНУ-ын бизнесмэнүүдэд мэдээлж сурталчлах чухал ач холбогдолтой юм. “АмЧам Монголиа” байгууллага Америкийн компаниудын бизнесийн ашиг сонирхлыг дэмжихийн сацуу шударга өрсөлдөөн, хууль ёсны үйл ажиллагааг хөхүүлэн дэмжинэх эмээн найдаж байна” гэжээ.

Өнгөрсөн 2011 оны аравдугаар сард АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан  Дональд Рамсфельдийн Монголд хийсэн айлчлалд зориулж “АмЧам Монголиа” байгууллага хүлээн авалт зохион байгуулсан нь тус байгууллагын анхны арга хэмжээний нэг болжээ. Тус арга хэмжээнд Монгол Улсын төр, засгийн зүтгэлтнүүд, бизнесмэнүүд, томоохон улс төрийн намуудын төлөөлөгчид оролцсон юм. Ноён Дональд Рамсфельд “АмЧам Монголиа”-г байгуулсны ач холбогдлыг өндрөөр үнэлж “Америкийн бизнесийг АНУ болон хилийн чанадад хөгжүүлэхийн тулд АНУ-ын Худалдааны танхим бодитой үйл ажиллагаа явуулдаг. “АмЧам Монголиа” байгууллага нь АНУ, Монголын бизнесийг хөгжүүлэхэд хүчтэй дэмжлэг, нөлөө үзүүлэхийн сацуу Монгол Улсын эдийн засагт шинэ боломжуудыг нээхэд чухал хувь нэмэр оруулж чадна. Өнгөрсөн оны аравдугаар сард “АмЧам Монголиа” байгууллагад зочлох үеэр бизнесийн хүчирхэг хамт олныг бүрдүүлснийг харахад таатай байлаа” гэжээ.

                                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж