Сэтгэл түгшээсэн залуу нас

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Сэтгэл түгшээсэн залуу нас

Монголын Ардчилсан Холбооны залуу гишүүн Ө.Шижирийн Монголын Ардчилсан Холбооны IY их хуралд тавьсан илтгэлийг хүргэж байна.

Би Монголын Ардчилсан Холбооны залуу гишүүн. 22 жилийн өмнө 3н есийн идэр хүйтэнд Ардчилал, шудрага ёс, эрх чөлөөнийхөө төлөө бүхэл бүтэн тогтолцоотой тэмцэлдэн амжилтанд хүрсэн таны үргэлжлэл болох миний бие өнөөдөр энэхүү хүндэт индэр дээрээс мэндчилж байгаадаа туйлын баяртай байна. Би яагаад энд гарч ирсэн юм бэ гэхээр 22 жилийн өмнө та бүхэнд төрж байсан сэтгэгдэл, бухимдалыг би яг одоо өөрийн сэтгэл зүрхээрээ мэдэрч байна. Та бүхний хэзээ ч мохоогүй хатан зориг, бууж өгч үзээгүй сэтгэл тань намайг хурцалж байна.

Энд би нэг зүйлийг хэлэх гэж гарч ирлээ. 22 жилийн өмнө та бүгдийн хүсч мөрөөдөж байсан ардчилсан шудрага нийгэм байхгүй болжээ. 

Та бүхний тэмцэл шудрага байсан. Та бүхний үйлс ариун байсан. Монголчуудыг хувийн өмчтэй, хуулиар хамгаалагдах засаг төртэй, ард иргэд нь амар тайван амьдарч болох ардчилсан нийгмийн тогтолцоог бүрдүүлж өгөх ажил хэрэг тань гайхамшигтай байсан. Итгэл үнэмшил тань Монгол хүний амьдралыг утга, учир зорилготой болгоно гэдэгт та бүхэн итгэж байсан. Эрх чөлөөт хүмүүс нь эдийн засгийн шудрага ёсыг тогтооно гэдэг та бүхэн итгэж ирсэн. Хутга биш хууль барьж оюун ухааныхаа тэмцэлээр үргэлжлүүлэх болно гэдгээ энд амлая.

Хэн нэгэн хувь хүнээр бус хуулиар зохицуулах засаг төртэй байх ийм л нийгмийг тогтолцоог та бүхэн хүсэж байсан, харин одоо би хүсэж байна.

Хамгийн харамсалтай нь 22 жилийн өмнөх та бүхний тэмцэж, олж авч чадсан эрх чөлөө маань өнөөдөр зөвхөн хөрөнгөтэй, мөнгөтэй, хүч чадалтай, эрх мэдэл, танил талтай хүнд л үйлчилдэг болжээ. Эрх мэдэлтэй дарга, даамал нарт хариуцлага тооцохоо больсон харгис нийгмийн өмнө өвдөг сөхөрч, цөхрөнгөө барсан мянга мянган залуусын өмнөөс би ярих яриагаа, хэлэх үгээ бэлдлээ. Хариуцлагыг жирийн нэгэн багш, ядарсан сувилагч, орцны жижүүр, орох оронгүй ядарсан иргэддээ ноогдуулдан залхаан цээрлүүлэлт болон хувирч ээ.

Яг одоо би Утаанбаатар хотод хорт угаараар амьсгалж хоёр км-н газрыг хоёр цаг туулдаг Удаанбаатарт амьдарч буй нийгмийн нэгэн төлөөлөл болох залуу хүн.

Өнөөдөр 30,000 төгрөгийн гар утас дээрэмдсэн залуу өөрийнхөө амьдралын бүхэл бүтэн 5н жилийг төмөр торны цаана хяналт доор өнгөрүүлж байхад 3н тэрбумыг хулгайлсан засаг ноён 3н жилийн ял авч байгаа нь энэ шудрага явдал мөн үү гэж би та бүхнээс асуумаар байна.

Шинэ үеийн залуучууд үгүй гэж хэлнэ.

Хулгай хийгээд сайд болдог, худлаа хэлээд дарга болдог бүхэл бүтэн нийгмийн тогтолцоотой бид тэмцэх цаг нь болжээ.

Энд хэн буруутай вэ гэвэл эх орныхоо газар нутаг, байгалийн баялагыг гадныханы мөнгөнд автан тэдэнд худалдаж буй төр засгийн хэдхэн эрх мэдэлтэнүүд буруутай. Тэдний үр хүүхэд, гэр бүл нь энэ улсаас зугтан гадааддын өндөр хөгжилтэй улсад амьдарч байна. Харин тэгвэл би энэ бүхний эсрэг та бүхний хамт тэмцмээр байна. Би эндээс явахгүй ээ. Би энд амьдрах болно.

Ядуурал, гуйланчлал, авилгал хээл хахууль, нийгмийн баялагийн шудрага бус хувиарлалтанд бас шат, шатны дарангуйлалд цөхрөнгөө барсан жирийн нэгэн Монгол залуу хүн  өнөөдөр хэнээс ч хараат бусаар бие даан тайван сайхан амьдрах боломж алга.

Залуучуудад бидэнд сонголт гэж бараг үлдсэнгүй. Нэг бол ах дагаж мөнгө олдог, үгүй бол нам дагаж албан тушаалд очин, авилгал авч хөлждөг.
 
Хийж бүтээхийн хүсэл нь  бадарч яваа эрч хүчтэй насандаа гудамж метрлэн, лааз өшиглөж буй залууст ямархуу зовлон бэрхшээл тохиолдож байдгийг үнэндээ бид тэр бүрчлэн ярьдаггүй. Өнөөдөр үүнийг би уудлая гэж бодлоо.

Баялагийн хувиарлалт тэгш бус явагдаж нийгмийн баялагын 80 хүртэлх хувь нь хэдхэн гэр бүлийн хяналтанд төвлөрч, нийт иргэдийн 80 хувь ядуу амьдрах гэж та, бид ардчилсан нийгмийг сонгоогүй ээ.

Их дээд сургууль төгсөгч залуучуудын 40 хүрэхгүй хувь нь ажлын байраар хангагдаж, дээд мэргэжилтэй ажилгүй залуучуудын арми гэсэн шинэ нэр томьёо энэ нийгэмд гарч ирэхэд ойрхон байна. Харин ажил олгогчид маань сүүлийн үед бараг л даварч царай зүс сайтай,  дээд,  мэргэжилтэй цэвэрлэгч, угаагч ажилд авна хэмээн шаардах болсон.

Дөрвөн жил сурсан их сургуулийн боловсрол нь 3н жилийн ажилгүйдэлд дарагдан мартагдаж, шинээр төгссөн боловсон хүчинд зайгаа тавьж өгөх асуудал үүснэ. Энэ бүхэн нь зөвхөн хувь хүнд бус нийгэмд ч сөргөөр нөлөөлөн олон мянган залуучуудын амьдрал золиос болон хувирч ядуусын эгнээнд мянга, мянган охид хөвгүүд гулсан орж байна. Тэд нийгмийн халамж хэмээх багахан хэмжээний бэлэн мөнгөний  бодлогод хамрагдаж ажил хийхгүй ч өлбөрч үхдэггүй ийм балай нийгмийн хохирогчид болж байна.

Залуу, хойч үедээ зориулагдсан боловсролын систем нь оюун санааны бус бохир бизнесийн салбар болон хувирсан байна. Үүнийг таслан зогсооё.

Залууст зориулсан дэмжлэг, тэтгэлэг нь эзэндээ хүрч чадахгүй эрх ямбантгуудын үр хүүхдэд зориулагдсан боломж болон хувирч ээ. Үгээ хэлье залуусаа.

Залуучуудыг ахиад хэдэн жил ажилгүй явуулах юм бэ?

Ажилгүй учраас нийгмийн даатгалын дэвтэргүй, өвдсөн ч өндөр төлбөр төлж, өтөлсөн ч тэтгэвэр авах эрхгүйгээр насыг барах харгис нийгэмд аж төрж байна. Мөнгө төлөөгүй хүнд өрхийн эмнэлэгээс авхуулаад улсын клиникийн эмнэлэг хүртэл хаалттай болсон харгис нийгмийн золиос нь энгийн ард иргэд. Дарга нар нь голоод  хэвтдэггүй эмнэлэгт доодос нь сөгдөж гуйгаад ч орж чадахаа байлаа.

Газар доор хүний амьдралын томоохон нийгэм үүсэн бий боллоо.Тэнд хүн амьдарч, тэнд хүүхэд төрж байна. Тэдэнд хууль эрх зүйн орчин, шудрага ёс, нийгмийн тухай ойлголт, сайн сайхан мөрөөдөл гэж  бараг байхгүй.

Залуу хүн та хаа хамаагүй тайрсан ой мод шиг утга учиргүй харагдах нийслэл Улаанбаатар хотынхоо гудамжаар алхахдаа хэн нэгэн даргыг танихгүй л бол хэзээ ч үл биелэгдэх асуудалтай тулгарах үедээ, өвдөж шаналж буй ижийгээ эмнэлэгт хэвтүүлэх үедээ, ажил олдохгүй өөрийгөө зүхэх гутрах үедээ үүнд хэн буруутай вэ гэж бодож нэг үзээрэй. Төрийн нэрийн өмнөөс ард түмний газар доорхи баялагыг хуу хаман авч буй эрх мэдэлтнүүдээс асуугаад нэг үзээрэй. 

Монголын төр залуучуудынхаа эх орондоо ажиллаж амьдрах нөхцөл бололцоог хаан боогдуулж, хөдөлмөрлөн бүтээх нөхцөлийг бүрдүүлж чадахгүй, хөдөлмөрийн насны залуучуудыг гадагш нь бараа таваар мэт хэдэн арван мянгаар экспортлож байна. Үүнийг би эсэргүүцэж байна.

Экспортлох, экспортлохдоо хамгийн эрүүл, хамгийн чадвартай эрүүл чийрэг монгол залуучуудыг шилэн авч байна. Бид гадны улсын хөгжил цэцэглэлтэнд хямд ажиллах хүч бэлтгэдэг тийм ард түмэн биш ээ.

Бидэнд бахархах түүх бий, бүтээн байгууллах хүсэл эрмэлзэл бий. Гагцхүү бидэнд боломж, бодит дэмжлэг л хэрэгтэй.

Монгол улс архин далайд живж, 21000-н төгрөгөөр амьдарч голоо зогоодог амьгүй албат мэт хүн сүрэг үүсэн бий болж байна. Төр засаг архины үйлдвэрлэлийг асар нарийн бодлогоор хөхүүлэн дэмжиж, тэднийг өөгшүүлсэн халамжийн бодлогыг хэт тэлж байгаа нь үүнийг таслан зогсоох ямар ч сонирхол, оролдлого байхгүйг улам бүр бататган өгч байна. Залуучуудын дундах архидалт, тамхидалт мансуурал нь өдөр ирэх тусам өсөн  нэмэгдэж гэмт хэрэгт орооцолдох ихсэх боллоо. Үүрэг хариуцлагаа ухамсарлья залуусаа. Тийм учраас залуусаа Хэрэгцээ шаардлагыг хэнээр ч бүү хэлүүл, Өөрсдөө хайя, өөрсдөө харья, өөрчилье хөгжүүлье. Өөрөө өөртөө эзэн нь байя.

Залуусын зөв төлөвшил, эх оронч үзэл багасч, Монгол цус бохирдож байна. Бидний байсаар байтал гадны ажиллах хүч элдэв гаж соёлынхаа хамтаар хүч түрэн орж ирэн биднийг доромжилж байна. Үүнд цэг тавья.

Эрх баригчдаас бидний боломжийг эргүүлэн олгохыг нэхэн шаардья. Дуу хоолойгоо нэгтгэе.

Бидэнд асуудал хангалттай их байна. Одоо бид асуудлыг шийдэх, шийдлийг гаргаж ирмээр байна. Оюутаны цалин болгон өгч буй асар их хэмжээний мөнгөөр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургууль байгууллах  боломж бүрэн бий гэдгийг сануулья.

Залуучууд бид магадгүй 5,10н жилийн дараа эргээд харахад өөрийн хийж бүтээсэн зүйлтэй, түүгээрээ бахархах сэтгэлтэй байхыг хүсэж байна.

Залуучуудаа бидний гарт эрх чөлөө минь бий, Бидний оюун ухаанд эх орны минь ирээдүй, хөгжил цэцэглэл бий.

Нийгмийг хөдөлгөн, өөрчлөгч хамгийн том хүчин бол залуучууд байдаг гэдгийг дэлхийн улс гүрнүүдийн бүхий л түүх баталж өгдөг.

Сэрж мэдэрч, Сэтгэн бодож, тэмцэж, тэгээд ялж амьдарцгаая.

Цаг нь боллоо залуусаа түүх ингэж л эхэлдэг. Бид эх орныхоо ирээдүй нь биш өнөөдөр нь байх болно.

Би жинхэнэ Монгол мөрөөдлөөр, шинэ үеийн Монгол залуусын давалгааг бий болгохыг хүсэж байна

Мөнх хөх тэнгийн доор мөнхөд амьдрах Монголчууд бид мөрөөдөлдөө дарагдан, мөнгөнд дарлагдан амьдрах ёсгүй ээ.

Мөнх хөх тэнгэр мөнхөд ивээх болтугай.

Би ахиад хэлэе. Энэ улсад юу ч тохиолдсон зугтахгүй. Би энд амьдрах болно.
Баярлалаа.

Ө.ШИЖИР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж