“Симпсоныхон” хүүхэлдэйн цуврал киноны 500 дахь анги өчигдөр телевизээр гарчээ. Энэ ангид Спринфильдээс цөлөгдсөн Симпсоны гэр бүлийнхэн танихгүй газарт очиж, “Wikileaks”-ийг үндэслэгч Жулиан Ассанжитэй хөрш болдог байна. “Fox” телевизийн мэдээлж буйгаар секс гэмт хэрэгт холбогдсон Жулиан Ассанжи Их Британид киноны дуу бичлэгийг хийлгэсэн гэнэ. Жулиан Ассанжи уг хэргийг үндэслэлгүй гэж үзэж, хэргийг Шведийн талд шилжүүлэхийг эсэргүүцэн давж заалдсан юм. 23 улирал дараалан гарч буй тус хүүхэлдэйн цуврал телевизийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилж буй энимейшн кино аж. Симпсоныхоныг "the Outlands" хэмээх шинэ газарт очиж суурьшихад Барт Ассанжигаас “Сайн байна уу, ноён Ассанжи?” хэмээн асуухад тэрбээр “Энэ бол миний хувийн асуудал. Чамд үүнийг мэдэх эрх байхгүй” гэж хэлдэг аж. Жулиан Ассанжигаас өмнө тус кинонд Британийн Ерөнхий сайд Тони Блэйр, графитт зураач Бэнски, зохиолч Томас Пинчон нар урилгаар оролцож, дууны бичлэгт орж байжээ. Гэвч кино шүүмжлэгчид уг хүүхэлдэйн киноны 1990-ээд оны амжилт буурч, өмнөх ангиудын утга санааг өөрөөр илэрхийлэхээс цаашгүй болсон гэж шүүмжилжээ.
Н.Энх