Талийгаач залуу Солонгост гэрээгээр ажиллаж байжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Талийгаач залуу Солонгост гэрээгээр ажиллаж байжээ

Дэлгүүрийн хаалгыг нь хаалгүй гарснаас болж 28 настай монгол залуугийн амь насыг хөнөөсөн хэрэг энэ сарын 16-ны 22.00 цагийн үед гарсан билээ. Энэ хэрэг БНСУ-ын Кёнги аймгийн Пажү хотын Гвангтан дүүргийн Чанг ман хорооны “А” гэх дэлгүүрийн дэргэд гарчээ. Кёнги аймгийн Пажү хотын цагдаагийн хэлтсээс “Монгол Улсын иргэн 28 настай Б гэдэг залуугийн амь насыг хөнөөсөн хэргээр 31 настай Хаму гэгчийг саатуулсан, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна” хэмээн мэдэгдэж байсан. Сэжигтэн этгээд цагдаагийнханд “Гадаа хүйтэн байхад дэлгүүрийн хаалгыг онгорхой орхиж гарахаар нь уур нь хүрээд Б-г зодсон” гэж тайлбарласан гэнэ. Манай улсын харьяат хохирогч Б нь эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан аж.

Дээрх мэдээллийг ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуягаас тодруулахад ““Өнөөдөр” сонинд л мэдээлэл хийсэн. “Өнөөдөр” сониноос өөрөө олж унш” гэх хариу өглөө. 

ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуяг “Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа ”Энэ хэрэг гарсантай холбоотойгоор БНСУ-ын ГХЯ-ны Азийн газрын захирал нь тус улсад суугаа манай ЭСЯ-нд очиж эмгэнэл илэрхийлсэн. Мөн манай улсад суугаа тус улсын ЭСЯ-ны зөвлөх зэрэг албаны хүмүүс нь манай яаманд ирж эмгэнэл илэрхийлээд явлаа. Нас барсан залуугийн ар гэрийнхний виз паспортыг нь бэлтгэх, туслалцаа үзүүлэх талаар манай ГХЯ-ныхан болон БНСУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ныхан маш яаралтай зохион байгуулж, холбогдох арга хэмжээ аваад байна. Бид энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийг БНСУ-ын холбогдох албаны хүмүүсээс хүссэн. БНСУ-д суугаа манай ЭСЯ-ныхан хэрэг болсон газарт очиж, эмгэнэл илэрхийлсэн байгаа. Талийгаачийн ар гэрийнхэн хөдөө амьдардаг, тэд өнөө шөнө (бямба гаригийн) Улаанбаатарт ирнэ гэсэн. Даваа гаригт БНСУ-руу явах байх. Онгоцны тийз олдохгүй байгаа юм билээ. Бид холбогдох байгууллагууд руу ярьж, тийз авсан” хэмээн ярьжээ.

 Талийгаач залуу БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан аж.

                                    Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж