Германаас авах зээлийг дэмжлээ | News.MN

Германаас авах зээлийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Германаас авах зээлийг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Монголын ипотекийн зах зээлийг хөхүүлэн дэмжих төслийн зээлийн болон санхүүжилтийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, олонхийн саналаар дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэлээ.
Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Монгол Улс Герман улсаас 40 жилийн хугацаатай, 4.8 сая еврогийн зээл авах юм. Үүний 892 мянган евро нь буцалтгүй тусламж хүрээнд ирж, Монголын ипотекийн корпорацийн үйл ажиллагааг дэмжиж, манай улсад хөрөнгийн зах зээл бүрэлдэх орчныг бий болгох, энэ чиглэлээр ажиллах боловсон хүчнийг чадваржуулахад зарцуулах юм байна. Мөн Герман улсаас экспертүүд ирж, ажиллана, тэдний цалинд энэхүү буцалтгүй тусламжийн ихэнх хувь зарцуулагдана.  Харин үлдэж байгаа 4.8 сая орчим еврогийн зээлийг 40 жилийн хугацаатай авна. Зээлийн жилийн хүү 0.75 хувь. Үүнийг Монголын ипотекийн корпорациар дамжуулж, улмаар бага дунд орлоготой иргэдийг орон сууц худалдан авах хийгээд, өөрсдийн сууцаа сайжруулахад арилжааны банкуудаар дамжуулан нэг иргэнд 30-3 сая хүртэлх төгрөгийн зээл олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэх юм байна.
Харин дамжуулан зээлдэх шатанд иргэдэд очих зээлийн хүү жилийн 11 хувьд хүрч, улмаар хугацаа нь 10 жилээр хязгаарлагдах юм байна.
Хэлэлцүүлгийн шатанд тус байнгын хорооны дарга З.Энхболд “Эцсийн хэрэглэгчдэд очих зээлийн хүүг есөн хувь хүртэл бууруулж, мөн эргэн төлөгдөх хугацааг 20-30 жил болгон сунгая” гэдэг санал гаргасныг гишүүд дэмжлээ. Мөн энэхүү зээлийн хэлэлцээрийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг гишүүдийн олонхийн дэмжсэнээр ирэх пүрэв гаригт хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-04 202.131.228.50

novshnuud 075iin huutei avchaad ard tumend 11 bolgoj damaldag төрийн дамчид иргэдээ шулаачингууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж