Монголд соёлыг хөгжүүлэх нэгдсэн бодлого байгаа ч хэрэгжүүлэх шатандаа учир дутагдалтай | News.MN

Монголд соёлыг хөгжүүлэх нэгдсэн бодлого байгаа ч хэрэгжүүлэх шатандаа учир дутагдалтай

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Монголд соёлыг хөгжүүлэх нэгдсэн бодлого байгаа ч хэрэгжүүлэх шатандаа учир дутагдалтай

Монгол, Японы соёлын дөрөвдүгээр
чуулганыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёл урлагийн хороо, Япон
улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Япон сан”-тай хамтран
“Соёл урлагийн менежмент” сэдвийн хүрээнд энэ сарын 2-4-ний өдрүүдэд
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж байна.
Энэ удаагийн чуулганаар “Соёл урлагийн менежмент” сэдвийн хүрээнд
“Соёлын менежмент”, “Урлагийн менежмент”, “Музейн менежмент”, “Соёлын
өвийн менежмент”, “Орон нутгийн соёл, урлагийн менежмент” гэсэн
чиглэлээр Япон, Монголын эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэх
бөгөөд чуулганд оролцогсод Монгол, Япон улсын Засгийн газарт хандаж
зөвлөмжийг гаргах юм. Уг чуулганд соёл, урлагийн байгууллагуудын 120
гаруй төлөөлөгчид оролцож байна. 2007 онд болсон гуравдугаар чуулганаас
гарсан зөвлөмжийн дагуу Япон дахь Нарашигийн сэргээн засах лабораторид
Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт байрлах Рашаан хадны бичээсийг
судлах, сэргээх, хамгаалах сургалт, Бэрээвэн хийдийн өнгө будгийн талаар
анализ, шинжилгээг хийх сургалт, Амарбаясгалант хийдийн эртний уран
барилгыг хэрхэн сэргээн засварлах талаарх сургалтуудад залуу
архитехторчдыг хамруулсан аж.

Энэ үеэр СУИС-ийн Соёл судлалын тэнхимийн  эрхлэгч, доктор
Ж.Долгорсүрэнгээс соёлын асуудлаар тодруулж асуулаа.

-Монголын соёлын салбарын өнөөгийн байдлын талаарх таны ойлголт?

-Төрөөс соёлын талаар маш сайн нэгдсэн бодлоготой ч хэрэгжүүлэх шатанд
арга механизм нь гажуудалтай байна. Бодлогын хэрэгжилт, механизмыг төгс
болгож чадвал бол төрийн соёлын бодлого хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Өөрөөр
хэлбэл, нийгмийн хямрал төрийн бодлого хэрэгжихгүй байхад нөлөөлөөд
байна. Нөгөөтэйгүүр соёл урлагийн салбарын бодлого хэрэгжих удирдлагын
оновчтой тогтолцоо бүрдээгүй байна. Дараагийн асуудал бол бодлогыг
хэрэгжүүлэх боловсон хүчин хэрэгтэй. Боловсон хүчний төлөвшилд эрх зүйн
орчныг аваад явах чадвар бүхий хүний нөөцийн менежментийн бодлого
хэрэгтэй байна. Өнөөдөр бодлого боловсруулах чадвар бүхий удирдлагууд
манай салбарт учир дутагдалтай байна.

-Үндэсний соёлоор тухайн улс орны нүүр царайг тодорхойлдог. Үүнтэй
холбоотойгоор өв, соёл өөр бусад оронд алдагдаж байгаа талаар таны
бодол?

-Соёлын өвийг гарт барьж болдог, нүдэнд харагдахуйц нэг хэсэг өвийг биет
өв буюу материаллаг өв, харин үүнтэй эн чацуу хэмжээний оюунлаг соёлын
өв буюу биет бус өв гэж ангилдаг. Манайд сүүлийн үед оюунлаг өв буюу
биет бус өв алдагдаж байна үзэх нь төвөгтэй байгаа. Гэхдээ устаж байна
хэлж болох юм. Соёлын өв устаж байгаа гол шалтгаан нь харийн соёлын
төрлийг илүүтэй судлах, ерөнхий боловсролын системд үндэсний өв соёлын
талаар өсвөр үед олгох мэдлэг хомс, гадаад хэл суралцах, харийн соёлыг
шүтэх, хэт автагдах нь монгол хүний үнэлэмж балрах, монгол хүний үнэт
зүйлс бүдгэрэхэд нөлөөлөөд байна. Үүнээс үүдээд оюунлаг соёл буюу хүний
мөн чанарыг тээж яваа утга соёлын өв устаж үгүй болох өндөр магадлал
өнөөдөр тулгараад байна. Ийм учраас монгол хүн монголоороо байх асуудал
монгол утга соёл хэвийн байх нөхцлийг бүрдүүлнэ гэсэн үг. Тийм учраас
монголын биет бус соёлын өв бол монгол хүнтэйгээ л холбоотой.

-Урлаг соёлын чадварлаг боловсон хүчнүүд гадаад оронд ажиллаж
байгаа нь соёлын өвөө алдах нэг шалтгаан болж байна гэж үзэж болох уу?

-Тухайлбал, СУИС-ийн уртын дуу, ардын бий биелгээ зэрэг соёлын өвийг нэн
сайн судалсан багш нар өнөөдөр Өвөрмонгол болон бусад орнуудад ажиллаж
байна. Энэ нь эерэг ба сөрөг талтай. Эерэг тал нь гэхээр Монголын соёлыг
дэлхийн зах дээл дээр гаргахад сурталчилгаа болж өгдөг. Уран бүтээлчид
маань өндөр цалин аваад өвлөсөн соёлыг дэлхийн зах зээл дээр борлуулаад
өөртөө ашигтай байна гэдэг бол сайн талтай. Сөрөг тал нь юу байна гэхээр
бидний соёлоос суралцсан харийнхан уртын дуу, хөөмийг өөрийн орны
нэрээр зарлаад явчих өндөр магадлалтай. Гэхдээ тэр магадлал нэг их хол
явахгүй. Тэртэй тэргүй монгол хүн л монгол хөөмийг хөөмийлж чадна.
Тэгэхээр ямар ч үндэстэн хөөмийг сурахдаа монгол хүмүүс шиг төгс
төгөлдөр сурч чадахгүй.
-Чуулганаас ямар дүн гараасай гэж бодож байна?
-Хамгийн гол нь энэ чуулганаар Монгол, Япон улсын харилцаа улам бүр
ойртон нэгдэж, нягтрах байх. Япон, Монголын соёлын харилцаанд ялангуяа
соёлын менежментийг хөгжүүлэхэд тодорхой оновчтой саналууд гарна гэдэгт
найдаж байна. Япон, Монголын эрдэмтэн, судлаачдын оюун санаагаар
Монголын соёлын бодлогыг улам их боловсронгуй болгох менежментийн уран
санаа гарч ирэх байх гэж хүлээж байна.

-Эрдэнэ зуу хийдийн уран барилгыг хэвээр хадгалж үлдээх, засварлах
хийдийг засварлах судалгаа шинжилгээний сургалтуудыг зохион байгуулах
талаар яригдаж байна. Энэ талаар?

-Япончууд манай соёлын өвийг хөгжүүлэх, сэргээн засварлах зэрэгт олон
талын туслалцаа үзүүлсээр ирсэн ажлуудын нэгээхэн хэсэг гэж хэлж болно.
Үүний өмнөх Япон, Монголын гуравдугаар чуулган “Соёлын өвийн хадгалалт,
хамгаалалт” гэсэн асуудлаар хийж байсан. Үүний дагуу сүүлийн хоёр жилд
тэр чуулганаас гарсан шийдвэрийн үр дүнд бурхан шашны соёлын өвийг
хөгжүүлэх, хадгалах, сэргээн засварлах ажлууд хийгдэж байна. Яг үүнтэй
адил дараагийн жилүүдэд Монгол, Японы соёлын менежментийг боловсронгуй
болгох талаар тодорхой шийдвэрүүд гарна гэж бодож байна.

-Удаа дараа музейгээс түүхийн болоод соёлын үнэт өв болох бүтээлүүд
алдагдаад байна. Энэ талаар музейн хадгалалт, хамгаалалтын асуудал
манайд учир дутагдалтай байгаа талаар?

-Биет өвийн хадгалалт, хамгаалалт өнөөдрийн төвшинд шаардлага хангахгүй
байна. Энэ бол цэвэр музей, архив, номын санг хариуцан ажиллаж байгаа
удирдах албан тушаалтны үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүй байгаатай
холбоотой. Зах зээл хүчтэй түрж байгаа нь нийгэмд хүмүүсийн шунахайн
сэдлийг илүү их хөгжүүлж байна. Энэ бол хуулиар зохицуулах ёстой
асуудал.

-Эрдэмтэн, судлаачид үндэсний өв соёлоо хангалттай төвшинд судлаж
чадаж байна уу?

-Өнөөдөр монголд соёл судлалын салбар харьцангуй идэвхтэй хөгжиж байгаа.
Ялангуяа соёлын өвийг судлах асуудал өмнө нь түүхийн шинжлэх ухаан,
угсаатан судлал, хэл шинжлэл, архелогийн судлалын хүрээнд судлагдаж
ирсэн. Харин яг соёлын өвийн судлал, орчин үеийн өвийн судлал, орчин
үеийн соёл судлалын онол арга зүйгээр судлагдах нийгэм соёлын хүн
судлалын үүднээс судлах шинэ чиг хандлага бол сүүлийн жилүүдэд орж ирж
байгаа. Соёл урлаг судлалын хүрээлэн, Шинжлэх ухааны академийн хэл
зохиол судлалын хүрээлэн, Түүх архелогийн хүрээлэн зэрэг байгууллагууд
соёлыг судлах асуудал дээр хамтрач ажиллаж байна. Мөн СУИС-ийн соёл
судлалын тэнхим монголын нүүдэлчний соёлын өв, түүхийг судлах, соёлын
харилцааг судалдаг хавсарга буюу хэрэглээний соёлыг судлах тал дээр илүү
анхаарч ажиллаж байна. Хавсарга буюу хэрэглээний соёлыг хөгжүүлэх ажил
сүүлийн үед соёлын бодлогын менежментийн судалгаагаар идэвхжиж байна.
Өмнө нь бол харьцангуй учир дутагдалтай явж ирсэн.

-Манай улсад дэлхийн хэмжээнд дахин давтагдашгүй хичнээн соёлын өв
байдаг вэ?

-Соёлын өвийн хуулиар бол хосгүй буюу үнэт гэдэг утгаараа 2005 оны
статистик судалгаагаар ойролцоогоор 700 орчим байдаг.

-Соёлын өвийг хангалттай сайн судалж, хамгаалаад, сурталчилж чадвал
соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн ач холбогдолын талаар?

-Соёлын сургалт сайн явагдах нь монгол хүн үндэстний соёлоо бахархах
ойлголт, танин мэдэхүйг төлөвшүүлж өгнө. Судалгаа сайн болно гэдэг чинь
өөрийн соёлыг бусдад таниулах боломжтой мэргэжилтэн олон болно гэдэг нь
харийн хүмүүс монгол соёлыг сонирхож ирэх аялал жуулчлал хөгжих боломж
бүрдэнэ гэсэн үг. 2005 онд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний
хэмжээний судалгааг Монголын урлагийн зөвлөлөөс дэмжиж, миний бие
судалгааг нь ахлаад хийсэн. Уг судалгааны үр дүнгээс авч үзэхэд Монгол
Улсад соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл боломж маш өндөр
магадлалтай харагдаж байсан. Ганцхан монголчуудын хувьд музейн
тайлбарлагч нь тухайн өвөө монгол дээрээ тайлбарлаж байгаа нь бусад орны
хэл дээр тайлбарлаж чадахгүй байгаа нь идэвхийг сулруулж байна. Мөн
аяллыг хөтлөөд явж байгаа хөтөч маань хэл сайн мөртлөө сонирхсон жуулчны
монголчуудын нарийн надин түүхийн талаар газар дээр нь очоод асуухаар
тухайн хөтөч түүх соёлынхоо талаар мэдлэг хомс байгаа нь аялал
жуулчлалыг хөгжих, жуулчид манай орныг зорин ирэх идэвхийг бууруулж
байна. Ингээд судалгааны үр дүнд соёлын аялал жуулчлалын мэргэжилтэн
бэлтгэх ангийг 2006 оноос СУИС-ийн соёл судлалын тэнхимд нээсэн.Өнөөдөр
дэлхийн аялал жуулчлалын онцгой бүс хүссэн, хүсээгүй Монгол орон болно.
Тиймээс соёл урлагийн салбарын менежментийг боловсронгуй болгох талаар
энэ чуулганаас тодорхой үр дүн гарна гэдэгт найдаж байна.

Д.Долгор

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эби 2010-03-02 202.21.105.1

хууль боловсруулахдаа угсаатны сэтгэлгээний онцлог дээр суурилсан судалгааг сайн хийх нь хууль сайн гарахын үндэс гэж бодож байна. манай хуулиуд ихэнхдээ гадаадын нэг хоёр хуулийг орчуулаад түүнийхээ хүрээнд эвлүүлэг хийдэг гээд хэлчихвэл хэтрүүлэг болох юм болов уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж