Монгол Улс болон Хятад Улсад “Соёлын сар”-ыг зохион байгуулах аяны хэлэлцээрт өнөөдөр БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ван Шаолун нар гарын үсэг зурлаа. Энэхүү аян нь Монгол Улс болон Хятад Улсын Засгийн газар хамтран 2010-2013 оны хугацаанд хэрэгжүүлэх Соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд болох бөгөөд хэлэлцээрийн дагуу Хятад улсад манай улсын соёлын сарыг дөрөвдүгээр сард зохион байгуулах юм байна. Харин Монгол Улсад Хятад улсын соёлын сарыг наймдугаар сард хийх ба энэхүү аян тус бүр нэг сарын туршид үргэлжлэх ажээ.
Өнөөдрийн энэхүү гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр “Өнөөдрийн хэлэлцээрийн үр дүн болоод Соёлын сарын аян нь соёлын баялаг уламжлалаа бие биедээ таниулан харуулах нэг сайхан боломж болж байна” хэмээн хэлж байлаа. Харин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ван Шаолун “ Хоёр талын соёлын сарын арга хэмжээг зохион байгуулах нь манай хоёр улсын соёлын салбар дахь томоохон үйл хэрэг мөн. Үүний зэрэгцээ энэ нь өнгөрсөн онд манай хоёр орны гарын үсэг зурсан стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх нэгэн үйл явдал болж байна. Манай арга хэмжээ Хятад улсын түүх соёлыг Монголд дэлгэн харуулах, хоёр улсын харилцан ойлголцлыг сайжруулахад тус дэм болох зорилготой” хэмээн хэлсэн юм. Манай улс болон Хятад улсын харилцан тохиролцсон “Соёлын сар”-ын хүрээнд талууд урлагийн тоглолт, бүтээлийн үзэсгэлэн болон бусад соёлын арга хэмжээг зохион байгуулах юм байна.
Монгол улс, БНХАУ-ын хооронд 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоож, хоёр тал 1950 онп Улаанбаатар, Бээжин хотод тус тус Элчин сайдын яамаа харилцан нээж байжээ. Одоогийн байдлаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг зохицуулсан 60 гаруй гэрээ, хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм байна.