“Сар шинийн баяраар нийслэлийн иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн жолооч нар өндөр хариуцлагатай байх учиртай. Ямар нэгэн иргэдийг хохироосон, ялангуяа машинтай уралдсан гэсэн гомдол гаргахгүй байх үүднээс энэ хоёр өдөр онцгой анхаарч бэлтгэл ажлыг хангуул” хэмээн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр үүрэг болголоо. Тэрбээр “Нийслэлийн Нийтийн тээврийн газар сар шинийн баярын өмнө нийтийн тээврийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг аж ахуйн нэгжүүдийн гэрээний биелэлтийг Замын цагдаагийн газартай хамтран авч үзэж үйлчилгээний доголдлыг арилгах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар энэ онд ажиллах чиглэлээ тогтоох, нийтийн тээврийн хэрэгслэлээр үйлчлүүлэгчдийн саналыг авах. Хувь, хувьсгалын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг бүх аж ахуйн нэгжийн бэлтгэл ажилтай энэ хоёр өдөр танилцаж, жолооч нарт үйлчилгээний хариуцлагын талаар сануулах юм байна.
Авто тээврийн хэрэгслэлийн үзлэг, оношлогооны үеэр шаардлага хангахгүй нийтийн тээврийн хэрэгслэлийг шугам замын үйлчилгээнээс гаргах”-ыг холбогдох албаныханд даалгалаа. Баярын үеэр шөнөдөө цаг агаар хүйтрэх төлөвтэй байгаа тул ОСННАУГ, Нийслэлийн онцгой байдлын газар, Түргэн тусламж гээд үйчилгээний байгууллагынхныг ч хуваарь ёсоор бэлэн байдалд ажиллах, маргааш өглөөнөөс эхлээд шинийн 6 хүртэл хариуцлагатай жижүүр байгууллага бүр ажиллуулахыг даалгалаа.
Дашрамд дурдахад, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг их цэвэрлэгээнд хамруулах, их цэвэрлэгээ хийгээгүй газарт үүрэг өгөх ажлыг зохион байгуулахаар болов.
Эх сурвалж: http://ulaanbaatar.mn