“Офицерууд” баг анхны хожигдлоо хүлээлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

“Офицерууд” баг анхны хожигдлоо хүлээлээ

МСБХ-ны Пэпси дээд лигийн тэмцээний улирлын тоглолтууд нэмэлт хуваарийн дагуу өнгөрөгч ням гаригт Спортын төв ордонд боллоо. Энэ тойрогт “Офицерууд” баг “TLG-13” багт ялагдаж, анхны ялагдлаа хүлээсэн нь гол дуулиан байлаа.

Эхний тоглолт “Харцага” болон “Баянзүрх Буллс” багийн хооронд болсон. Плей-оффт хоорондоо таарах магадлал өндөр хоёр багийн тоглолт үзэгчдийн хүлээлтийн дор байсан ч төдийлөн ширүүн өрсөлдөөн гарсангүй. “Буллс”-ын дасгалжуулагч Ц.Цэвэрбал биеийн байдлын улмаас сүүлийн хоёр тоглолтод багтайгаа хамт байгаагүй нь тоглолтод нөлөөлсөн нь ойлгомжтой байлаа. Тэдний эсрэг “Харцага”-ын Марко Павлович 25 оноо, 15 удаагийн самбараас бөмбөг авалт  хийж, шилдэг тоглолт гаргаснаар багаа хожилд хүргэсэн гэхэд болно. Улмаар 65:52 харьцаагаар “Харцага” улирлын хоёр дахь ялалтаа байгуулсан юм.

Удаахь тоглолт лигийг хожигдолгүй тэргүүлж байгаа “Офицер” болон “TLG-13” багийн хооронд өрнөсөн. Өнгөрсөн жилийн сүүлийн тойрогт таарахад “TLG” илүүрхэж, улмаар тавдугаар байраар тэмцээнийг дуусгаж байсан. Энэ удаад ч дээрх түүх давтагдсан юм. Тус багаас гурван ч тоглогч 20 болон түүнээс дээш оноо авсан. Тэдгээр нь Цэнгүүнбаяр, Төрмөнх, Блэйк нар байсан. “Офицерууд”-аас Квинтин Паттин 23 оноо, 13 самбараас бөмбөг авалт, Роберт Пэрри 21 оноо авч багаа тэргүүлсэн ч дөрөвдүгээр үед тэд сайн байж чадаагүй юм. Ийнхүү үндсэн цагт “TLG-13” 96:85 харьцаатайгаар ялалт байгуулж, лигийн анхны хожлоо авсан бол “Офицерууд” анхны ялагдлаа хүлээлээ.

Сүүлийн тоглолт ШУТИС, QGX компанийн “Акулууд”, Хас банкны “Хасын хүлгүүд” багийнн хооронд өрнөсөн. Бэлтгэл муутай тэмцээнд оролцож байгаа “Шаркс” хүчирхэг “Хүлгүүд”-ийн эсрэг эхний гурван үед тэнцүүхэн өрсөлдсөн ч сэлгээ муутай тэд сүүлийн үед хангалттай байсангүй, 77:70 харьцаатай ялагдал хүлээсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж