Грекийн Олимпийн музейд хулгайч оржээ | News.MN

Грекийн Олимпийн музейд хулгайч оржээ

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Грекийн Олимпийн музейд хулгайч оржээ

Грекийн өмнөд хэсэгт орших Олимп хотын музейд буутай хоёр хулгайч нэвтрэн орж, их хэмжээний эд өлгийн зүйлс хулгайлжээ. Энэ музейд өнөөгийн Олимпийн наадмын үүх түүхийг өгүүлэх 3200 жилийн настай тун ховор үзмэрүүд хадгалагддаг бөгөөд тэдгээрийн 65 нь хулгайчдын гэрт орсон байна.
 
Дэлхийд ховорт тооцогдох үзмэрүүдийг хадгалж байдаг уг музейд гэмт этгээдүүдийг халдах үеэр цорын ганц хамгаалагч байсан нь 48 настай, эмэгтэй гэнэ. Сүүлийн таван жилийн турш тус улсад нүүрлэж байгаа эдийн засгийн хямралын улмаас төрөл бүрийн салбар дахь төсвөө танаж эхэлсний нэг уршиг ийнхүү гарав. Учир нь төсвийн таналтаас болж олон тооны музей харуул хамгаалалтын багаа цөөлсөн билээ.

Шилэн хоргыг нь хагалан авч одсон тэдгээр үзмэрүүдийг үнэлж баршгүй үнэ цэнтэй хэмээн мэргэжилтнүүд тодорхойлж байгаа юм. Тэдгээр ховор дурсгалууд МЭӨ IV-IX зууны үед хамаарах зэс ваар, баримал, бөгж зэрэг зүйлс юм байна.

Он гарсаар Грекийн музейд хоёр дахь удаагаа ийм томоохон хулгай гарч байгаа юм. Өмнө нь өнгөрсөн сард тус улсын Үндэсний музейгээс Пабло Пикассо, Пиет Мондрайн нарын зургууд хулгайд алдагдсан билээ. 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж