Бид ч гэсэн “00”-той болохыг хүснэ

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Бид ч гэсэн “00”-той болохыг хүснэ

Энэтхэгт нэгэн эмэгтэй нөхрөөсөө
жорлон гуйжээ. Учир нь Энэтхэгийн ядуусын хорооллын хамгийн тулгамдсан
асуудал нь “00” байдаг аж. Тэдний хувьд гэртээ “00”-той байна гэдэг аз
жаргалын алтан түлхүүрийн атгасантай адил гэнэ. Иймээс энэтхэг бүсгүй
нөхрөө шахаж, шаардсаны эцэст хүслээ гүйцээж “00”-той болжээ. Харин
түүнийг гэртээ “00”-той болсных нь үр дүнд Дэлхийн хүний эрхийн
байгууллагаас 10 мянган ам.доллароор урамшуулсан байна. Үүнээс үзэхэд
яагаад түүнийг шагнав гэдэг асуулт тавьмаар байгаа юм. Шагнах болсон гол
учир нь түүний зоригийг үнэлсэн гэх. Азтай гэхэд түүн шиг азтай бүсгүй
бий болов уу. Яасан гоё юм бэ. Ямар хүн нь “00” бариулсныхаа хариуд 10
мянган ам.доллараар шагнуулдаг байна аа. Түүний мөрөөдөл биелсэн, бас
дээр нь шагнууллаа. Монгол бүсгүйчүүд түүн шиг “00” нэхсэн бол онигоо
болох биз. Аягүй бол энэтхэг бүсгүй шиг зоримог хөдөлсөн бол эр нөхөртөө
зодуулж магад. Ер нь манай улсад тэр дундаа Улаанбаатар хотын гэр
хороололд “00”-ын асуудал Энэтхэгийн ядуусын хороололтой адил эмзэг
асуудлын нэг. Хашаа болгон “00”, гудамжинд гэхэд угаадас асгасан
асуудалтай байгаагаас нь үзэхэд ядуусын хороолол гэхэд хилсдэхгүй байх.
Хэрэв эр нөхрөөсөө “00 бариад өг” гэж гуйдаггүй юм гэхэд тойрогтоо нэр
дэвшсэн УИХ-ын гишүүнээс гуйх хэрэгтэй. “Яагаад түүнээс гуйх ёстой” гэж
олон хүн асуух байх. Учир нь тэд бидэнд “00”-оос илүү өртэй хүмүүс.
Бидний амьдарч байгаа гэр хорооллын 0.7 га газрын 0.1 га нь “00”
болчихсон айл олон бий. Хотын төвд нүдний гэм болсон “City toilet” гэсэн
хаягтай газар нь онгойдоггүй. Энэтхэгчүүд биднээс юугаараа илүү юм бэ.
Хүн амынхаа өсөлтөөр л илүү байх. Гэтэл одоо “00”-ын асуудлаар бид
тэдний ард нь орчихлоо. Бид уул уурхайн салбар гэж хошуурсаар байгаад
нийгмийн хэрэглээг мартсан гэхэд болно. Хэн ч бие засдаг. Гагцхүү хаана
вэ гэдэг нь сонин юм. Ингэж асуухаар хаана ч хамаагүй гэж хэлэх хүн
байгаа. Үүнд л асуудлын гол нь оршиж буй. Монгол хүний ухаан гэдэг аль ч
улсын иргэдтэй зүйрлэшгүй биз ээ. Гудамжны хаана ч явсан хамаагүй бие
засч л орхидог. Ичмээр юм. Энэтхэгийн ядуусын хорооллын хүмүүс “00”-той
байхыг эрмэлзэж байхад шүү дээ.

Бид ингэж амьдрах ёстой гэж үү. Өөрсдийнхөө арчаагүй, дорой, соёлгүй
байдлаасаа болж эцэст нь өөрсдөө л хохирч үлддэг. Үгүй ээ, оюунлаг
Монгол, шинэ Монголыг хамтдаа бүтээх үлгэр үүгээр жаргаж байгаа юм уу.
Ингэж хэллээ гээд “Худлаа ярьж байна” хэмээн санал нийлэхгүй хүн гарч
ирэх байх. Тэгтэл бодит үнэнийг хэлээд шан харамж хангалттай авсан хүн
цаана чинь байна. Итгэхгүй бол өөрсдөө үз. Гадаа цельсийн -30 хэмийн
хүйтэнд өгзөгөө хайрах шахан бие засдаг гэр хорооллын иргэд Улаанбаатар
хотын дийлэнх нь. Хотын бохирдол, ундны усны нөөцийн хомсдол зэрэг нь
гэр хорооллын задгай “00”-той холбоотой. Гэтэл гэр хороолол, тэр дундаа
Гандан, Дэнжийн мянга, 32-ын тойргийн гэр хороололд “00” ба­рина гэдэг
мөрөөдөл болжээ. Учир нь тэнд ухах газаргүй болтлоо “00”-той болчихсон.
Дэлхийн хамгийн их хүн амтай, ядуурлын түвшнээрээ дээгүүрт ордог Энэтхэг
улсын ха­жууд манай улс нэг хүнд ногдох газраараа дэлхийд тэргүүн
эгнээнд жагсдаг. Яах вэ, газрын хувьд ч хэн, хэндээ хүрэлцээд байгаа юм л
даа. Харин зөвхөн гэр хорооллын “00”-ын асуудал томоос том асуултын
тэмдэг болоод байна. Монгол хүн хаана ч хамаагүй, хашаа налаад бие засах
нь жинхэнэ хээгүй монгол хүний зан уу. Бие, биенээ хээгүй, гүндүүгүй
гэж толгойг нь илсээр байтал эвдэрч дууслаа газар шороо минь. Зундаа
хөрснөөсөө ялзарч, өвөлдөө уушгиа утаагаар хордуулаад байхаар энэ улсад
эрүүл нийгэм цогцолно гэдэг нь эмээ, өвөөгийн үед л байсан. Аялал
зугаалгаар явсан ч аятайхан бие засах газар байдаггүйг сана. Ийм их
ялгаа гарч байна. Инээдтэй биш байна гэж үү. Байгаа баялгаараа бусдын
өмнө баярхахаас өөрийг мэддэггүй сайд дарга нар Энэтхэгээс доор буйгаа
мэдээгүй явж байгаа юм биш биз дээ. Тэд ч яах вэ тухлаг хауст тансаг
“00”-д жаргаж суугаа хүмүүс. Гэтэл ард түмэн нь шоргоолж шиг газар ухаж
бие засч байдаг. Ийм улсыг эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байна гэх үү.
Эсвэл байгалийг зэрэмдэглэж “Нүхэнд бие засагчид” гэж нэрлэвэл таарна.
Мөн бохир боловсруулах үйлдвэрийнх нь байгаа байдлыг хар. Орбит, Яармаг,
Нисэхийг өвөл, зунгүй өмхийрүүлж байгааг сана. Тэндхийн оршин суугчид ч
түүнийгээ “үнэртэй ус” хэмээн хошигнох нь ч бий. “Чингис хаан” олон
улсын нисэх буудалд газардсан сайд, дарга нар үүнийг өөрсдийн биеэр
мэдэрдэггүй юм байх даа. Аль эсвэл хамар нь юм үнэртэхээ больчихсон юм
уу. Нийслэлийн утааг багасгахын тулд “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлж
байна. Харин яагаад “Цэвэр “00” төслийг хэрэгжүүлж болохгүй гэж. Тэртэй
тэргүй эдгээр төсөл хөтөлбөр эцсийн бүлэгт бизнес болдгоос хойш.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж