Германы Канцлер Ангела Меркел ерөнхийлөгчид нэр нь дэвшсэн зүүн Германы хүний эрхийн төлөө тэмцэгч асан, пастор Иоахим Гаукийг дэмжжээ. Ерөнхийлөгч Кристиан Вулф авилгын хэргээр өнгөрсөн баасан гаригт албан тушаалаасаа огцроход сөрөг хүчний Социал демократууд болон Ногоонтнууд түүний нэрийг ерөнхийлөгчид дэвшүүлсэн байна. Иоахим Гаукийг 2010 онд ерөнхийлөгчид нэр дэвшихэд Канцлер эсэргүүцэж, Кристиан Вулфыг дэмжсэн билээ. Германы Ерөнхийлөгч нь эрх мэдэлтэй гэхээсээ илүү ёслол хүндэтгэлийн үүрэгтэй боловч маш нөлөөтэй албан тушаал юм. Германы ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх сард болох бөгөөд дийлэнх том намууд Гаукийг дэмжиж байгаа аж. Гаук зүүн Германд тэрс үзэлтэн гэгдэж байсан нэгэн гэнэ. Өдгөө 72 настай Гаук Берлиний ханыг нураасны дараа зүүн Германы аюулаас хамгаалах албаны нууц архивыг дэлгэж, гэмт хэргүүдийг нь илчилсэн аж. Канцлер Ангела Меркел зүүн Германы тайван хувьсгалыг амжилтад хүргэсэн Гаукийн гавьяаг мартаж болохгүй гэж саяхан нэгэн хэвлэлийн хурал дээр ярьжээ. Ангела Меркелийн эцэг мөн зүүн Германд төрж өссөн Простестант сүмийн пастор байжээ. Германы Ерөнхийлөгч асан Кристиан Вулф 2008 онд чинээлэг бизнесмений эхнэрээс бага хүүтэй 500,000 еврогийн зээл болон авилга авсан хэл аманд өртөж, өнгөрсөн баасан гаригт албан тушаалаасаа огцорсон юм. Тэрбээр энэ хэрэгт өөрийгөө холбоогүй гэж мэдэгдсэн ч прокурорууд түүнийг албан тушаалаасаа татгалзахыг шаардсан билээ.
Н.Энх