”БХЯ-ыг Ж.Энхбаяр эзэгнэснээс хойш айдас хүйдэстэй болсон”

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

”БХЯ-ыг Ж.Энхбаяр эзэгнэснээс хойш айдас хүйдэстэй болсон”

Монголын зохиолчдын эвлэлийн болон Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт яруу найрагч, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, сэтгүүлч Лхагвасүрэнгийн Батцэнгэлтэй ярилцлаа. БХЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргын албан тушаалд ажиллаж байсан түүнийг Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальд эмчлүүлж байхад нь БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Я.Чойжамцын тушаалаар ажлаас нь халаад байгаа ажээ.

-БХЯ-ны сайдаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр томилогдсоноос хойш улс төрийн шалтгаанаар яамны ажилтан, албан хаагчдыг ажлаас нь халах компанит ажил эхлээд байгааг олон түмэн мэднэ. Та ч бас улс төрийн “хэлмэгдэл”-д нэрвэгдчихэв үү?

-Миний ажил төрөлд улс төр ямар хамаа байх вэ гэж өнөөдрийг хүртэл бодож явлаа. Гэвч, улс төр гэдэг хүнийг оролдоод эхэлдэг бололтой. Талийгаач С.Зоригийг нас барсны маргааш О.Дашбалбар багшийндаа очиход буйдан дээрээ их л гунигтай хэвтэж байна. Багш тэр үед гэргийтэйгээ хоёулаа байлаа. Тэр үеийн гар утас гэж одоогийн энэ хамгаалалтын албаныхны барьдаг станц шиг ланжгар эд байлаа ш дээ. Багшийн гар утас дуугарч нэг хүнтэй утсаар ярилаа. Дуу нь өндөрссөөр “Энхбаяр аа, чи муу битгий хуцаарай. Би талийгаачийг алаагүй шүү. Чи гэмгүй хүнийг гүтгэчихэж болно гэж бодож байна уу. Манай 281-ийн холбоо наадахад чинь ямар ч хамаагүй. Чамайг Эрдэнэ баавай “Алсын шуналтай” гэж мөн чиг онож хэлжээ” гээд утсаа тасалдаг юм. Багшийн үнэн голоосоо цаад нөхөртөө гомдсныг нүднийх нь аяганд дүүрээд ирсэн нулимс илчилж байлаа. Ханийнхаа дээжилж барьсан цайг оочлон тайвширсныхаа хойно “Улс төрөөр чи оролдохгүй байлаа ч улс төр чамаар оролдох л болно. Чамаар биш гэхэд талхаар чинь оролдох болно” гэж хэлж байсан үг санаанд тодхон байна. Багшийг үгээр үхүүлж байсан хүн МАХН-ын дарга, гуравдагч Ерөнхийлөгч Н.Энхбаяр шүү дээ. Тэгэхнээ, БХЯ-ны сайдаар томилогдсон үе тэнгийн үхэр баран жилтэй Ж.Энхбаяр гэдэг хүн намайг халах шив. Сайдын зөвлөх Мягмар генерал “МАН-ын бодлогоор халж байгаа” гэхийг бодоход улс төр жирийн зохиолч, уран бүтээлч хүнийг ч оролддог л юм байна.

-Ажлаас халах тушаалаа олж харсан биз дээ. Ямар үндэслэлээр халчихав?

-Офицер орон тоонд энгийнээр ажиллаж байсан гэх шалтгаанаар халж байгаа юм байна. “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль”-ийн 17.1.2-оор гэсэн үндэслэлд нь “Албан хаагчийг зөвхөн мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, мэргэшлийн ур чадварын үндсэн дээр нээлттэй өрсөлдөөний зарчмаар томилох, ажлын үр дүнг нь бодитойгоор үнэлэх” гэсэн заалт байна лээ. Би С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн, “Өнөөдөр”, “Улаанбаатар таймс”, “Өдрийн сонин”, “Нийслэл таймс” сонинд 10-аад жил ажиллаж, оны шилдэг бичлэгийн шагналтнаар хэд хэдэн удаа шалгарч байсан. Сэтгүүлч мэргэжлийнхээ буянаар эх орныхоо хилийг бүтэн тойрч, гадаад улс оронд томилолтоор ч багагүй явсан хүн. 2010 оны 10 дугаар сарын 6-нд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 211 дүгээр тушаалаар энэ албанд томилогдтолоо мэргэжлээрээ л ажиллаж байсан. Яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар намайг БХЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тасгийн даргаар томилохдоо “За, чи хурандаа местотой ажилд орлоо шүү. Би мэдлийнхээ хүрээнд армийн дурын нэг хурандааг хэвлэлийн албаны даргаар томилж болох боловч мэргэжлийн сэтгүүлч хүн энэ салбарт яах аргагүй хэрэг болоод байна. Нэг хурандаа томилчихдог, тэр нь албан контортоо л ташаагаа тулчихаад ханхалзаад даргархаад байхаас ний нуугүй хэлэхэд Зүүн дөрвөн замаас цааш ганц ч хүн танихгүй. Хэвлэл мэдээлэл ч мэдэх хүн ховор. Чи л батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд таниулах алхмыг хий” гэж үүрэг өгсөн юм. БХЯ-нд ирснээр би мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлагаа боломжийн л зориулж ажилласан. Тэгэхээр дээрх үндэслэлээр халсан нь утгагүй болчихож байгаа юм. Ж.Энхбаяр сайдын “цэргийн орон тоон дээр цэргийн л хүн ажиллах ёстой” гэсэн хачирхалтай даалгавар л ингэж хэрэгжиж байгаа юм байна. Уг нь манай улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш цэрэг арми харьцангуй иргэншиж, хөгжлийн гольдролдоо орж байгаад олон нийт сэтгэл хангалуун байсан юм сан. БХЯ-нд ажилладаг энгийн ажилтан, албан хаагчдыг бүгдийг нь миний л адил халах юм билээ.

-Тиймэрхүү мэдээлэл БХЯ-нд яригдаж байна уу?

-БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, яамны ТЗУГ-ын дарга, хурандаа Ш.Сүхбаатарыг Хуулийн хэлтсийн даргаар томилсон болоод халах үйл ажиллагаа явагдаж байна. Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Жаргалсайханыг халах тушаал гарсан. Хуулийн хэлтсийн дарга Эрдэнэбаатар бас энэ хоморголон халалтад өртөж байгаа. Шинэхэн сайд Ж.Энхбаярын хууль зөрчин байж томилсон Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хошууч генерал Я.Чойжамц ажлаас халсан тушаалыг гардуулахдаа “Сайдын гол барьж байгаа бодлого бол энгийн хүнийг энэ салбарт ажиллуулахгүй байх явдал. Цэрэгжилтээр мэргэшсэн энэ яаманд энгийн хүн дэндүү олон ажиллаж байна. Цаашид тэднийг ч халах болно” гэж эрс шулуун мэдэгдэж, “Цагтаа Л.Болд намайг ажилгүй болгоод явуулсан. Эр хүнд тохиолддог л нэгэн явдал шүү дээ” гэж найзын ёсоор мөр алгадах нь халаг байна лээ.

-БХЯ цэргийнхнээр дүүрэхэд ч гайхах юм алга. Арай ард түмнийхээ эсрэг хүч хэрэглэх юм биш байгаа?

-Тэрийг үнэндээ мэдсэн юм алга. Ямартай ч, 2008 оны долдугаар сарын 1-нийх шиг үйл явдал болбол эмхэлж цэгцлэх хоёр рот бэлэн байдалд байлгах тухай сайдын зөвлөлийн хурал дээр яригдсан гэж байгаа. Би Монгол Улсынхаа батлан хамгаалах яаманд ажиллаж байсандаа бахархаж байна. Харамсалтай нь, цэргийн эргэлт хийх сонирхол агуулсан зүйл яригдаад байх юм бол Монголын ард түмний ирээдүй үнэхээр бүрхэг болно оо доо. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг толгойлж байгаа хүн өнгөрөгч зууны большевик яргалал, нацист Герман, фашист Италийн гестапог хүсэмжилж, ард түмнээ басамжлан доромжилбол Ливийн дарангуйлагч, хурандаа Муаммар Каддафийн эмгэнэлт тавилан л Ж.Энхбаяр сайдыг угтах байх даа. Цэргийн эрхтэний гэр бүлд төрж өссөндөө дулдуйдан “Хэнд эрх мэдэл буй, түүнд хилэнц бий” хэмээсэн Нагаржунай богдын сургаалыг уландаа хөсөр гишгэвэл дэндүү гунигтай юм болно доо. 

-Таны оронд ямар хүн томилогдов?

-Миний багын найз, “Соёмбо” сонины сурвалжлагч, хошууч Ц.Төрмөнх томилогдсонд баяртай байна. Ажилд нь амжилт хүсэхээс яахав. Гэвч, цөвүүн цагийн шинж ч юм уу, эрхэм анд минь сандал, ширээ эзэгнэнгүүтээ найзын журмыг огоорч маныхаа эсрэг наж могой мэт цогнолзох болсонд гүнээ харамсч байна. БХЯ-ны номын сангийн хүйтэн өрөөнд хоёр жил суусных үе мөчний өвчтэй болж Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталийн зүрх, мэдрэлийн тасагт эмчлүүлж байхад Ц.Төрмөнх хүний ёсоор эргэн ирэх байтлаа ажлаас чөлөөлөгдөх албан ёсны тушаал гараагүй байхад  “Ажлаа хурдан өг” гэж утас шөрмөсөөр дарамталж байсан нь “Хүн чанар морь биш, түүнийг унаад хол явахгүй” гэсэн зэвүүхэн афоризмын амьдрал дээрх биелэл юм даа. Жадамбаа генералын хүүг сайдад яригдах үед шар айрагны ширээний ард “Цэргийн их сургуульд сурч байхдаа Энхбаяр чинь дээд курсынхандаа зодуулаад амьтан болж явсан юм. Тэр сайд болбол ч цэргийнхнээс өшөөгөө ханатал авна даа, муу шар жавьжилсан “хэнз буурал” гэж харааж явсан нөхөр эмнэлгээс гарч ирэхэд ажлын компьютерт минь хадгалаатай байсан бүтэн хоёр жилийн ажлыг минь устгачихаад, хээрийн чоно дагасан гэрийн нохой шиг араншин гаргаад “зайл” гэж угтана гэж яаж мэдэх билээ.

-Ажлын чинь цахимд байсан бүх мэдээллийг арай ч устгаагүй байлгүй дээ?

-Гашуун боловч энэ үнэнтэй эвлэрч ядаад л байж байна. Бүтэн хоёр жилийн хугацаанд бичсэн батлан хамгаалах салбартай холбоо бүхий нийтлэл, тэмдэглэл, мэдээ мэдээлэл, албан бичиг, тушаалын төсөл, хайран сайхан эхүүд минь. Дэндүү их харамсалтай нь, шүлэг яруу найргийн шинэ номын минь эх тэнд байсан юм. Би Төрмөнхийг өөрөө яруу найрагч хүн байна, арай ч ийм муухай зүйл хийхгүй гэж найдаж байсан юм. Яруу найрагч Ц.Доржсэмбийн түүнд зориулсан
 “Матрын шүдэнд үлдсэн хогийг түүж иддэг болсон андыгаа
 Тэнгист шавдаг олон шувуудаас ялгаж танилаа.
 Мөрөөдөлгүй болсон цагаасаа л анд минь
Мөхөж эхэлж дээ, хөөрхий” гэсэн мөртүүд санаанд тодорч даанч харуусмаар байна даа. Өөр ч би юу хэлэхэв.

-Ажлыг чинь авсан хүн танд яагаад ингэтлээ дайсагнасан юм бол?

-БХЯ-ны үйл ажиллагаа хэвийн явагдаж, хувь хүмүүсийн эрх чөлөө ч амьсгал дүүрэн сайхан үе миний амьдралд байж. Сайд Ж.Энхбаяр болон Говь-Алтайн тэтгэврийн насны хэдэн генерал яамыг эзэгнэснээс хойш энд ажиллагсад нэг л айдас хүйдэстэй, нэгнээ хардсан сэрдсэн байдалтай болчихлоо. Төрмөнхийн тухайд хүний санааг би яаж мэдэх вэ. Намайг ажиллаж байхад “Хөгшин нь хошууч цолтой өчнөөн жил хатлаа. Цолны тунаанаас гарч ядаж дэд хурандаагийн өлзийгөө зүүмээр байна. Чи “Соёмбо”-ын эрхлэгч, хурандаа Г.Нямдорж, “Дуулга”-ын захирал, хошууч Ганзориг хоёрын аль нэгийг дарга сайд нарт нөлөөлөөд халуулаад өг” гэж гуйж гувшдаг байсан. Тэрний санаан зоргоор чадвартай, хэлтэй устай, гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлэхийг хүсээгүй болохоор өш санаа биз ээ. Төрийн ажил, хэвлэл мэдээллийн орон зай гэдэг Төрмөнхийн бодсон шиг хялбархан зүйл биш шүү дээ.

“Монголын мэдээ” сонин

     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж