Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 735.2 сая ам.доллар байв. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 735.2 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 32 хувиар өсчээ. Нийт бараа эргэлтийн 42.1 хувь буюу 309.4 сая ам.долларын худалдааг Хятад улстай, 23.9 хувь буюу 175.5 сая ам.долларын худалдааг ОХУ-тай тус тус хийсэн байна. Тайлант хугацаанд нийт экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.2 хувиар өсөж 240.3 сая ам.долларт, импорт 42.1 хувиар өсөн 494.9 сая ам.долларт тус тус хүрчээ.
Импортын өсөлтийн хурд экспортынхоос 2.8 дахин илүү байснаар нийт гадаад худалдааны алдагдал 254.6 сая ам.долларт хүрчээ. Үүнээс валютаар төлбөр нь хийгддэг барааны гадаад худалдааны алдагдал 171.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 дахин өсөөд байна. Гадаад худалдааны нөхцөлийн индексийн өөрчлөлт оны эхний сард эерэг байлаа. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нөхцөлийн индекс 1 1.645-д хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.2 хувиар өслөө. Худалдааны өсөлтөд импортын машин тоног төхөөрөмжийн үнэ өнгөрсөн оны мөн үеэс буурсан нь голлон нөлөөлжээ.
Экспорт
Чулуу нүүрсний экспорт нийт экспортын 31.2 хувийг дангаар эзэлж байна. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар 240.3 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 15.2 хувь буюу 31.7 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Мөн хугацаанд нийт экспортын 31.2 хувийг чулуу нүүрс, 27.8 хувийг зэсийн баяжмал, 15.7 хувийг төмрийн хүдэр ба баяжмал, 8.1 хувийг боловсруулаагүй нефть тус тус бүрдүүлж байна.
Тус хугацаанд “Бороо Гоулд” ХХК 158.6 кг алтыг Канад улсад экспортолсон байна. Чулуу нүүрс, молибдений хүдэр ба баяжмал, ямааны угаасан самнасан ноолуурын экспортын биет хэмжээ буурснаар нийт экспорт 16.5 сая ам.доллараар буурахаар байсан боловч зэсийн баяжмал, төмрийн хүдэр, боловсруулаагүй нефть, жонш, лейцит, нефелинт сиенитийн биет хэмжээний өсөлтөөс шалтгаалан 35.8 сая ам.доллараар, эдгээр бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүний экспортын үнийн өсөлтөөс шалтгаалан 41.1 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн нь экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс өсөхөд нөлөөлжээ.
Импорт
Шинэ оны нэгдүгээр сарын байдлаар нийт импорт 494.9 сая ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 42.1 хувиар буюу 146.7 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Энэхүү өсөлтөд нефтийн импорт 2.2 дахин өсөж 143.3 сая ам.долларт, тээврийн хэрэгслийн импорт 1.2 дахин өсөж 83.0 сая ам.долларт, хүнд машин, механизм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн импорт 1.1 дахин өсөж 76 сая ам.долларт тус тус хүрсэн нь голлон нөлөөлжээ.
Нийт импортын 83.2 хувь буюу 411.7 сая ам.долларыг валютын төлбөртэйгээр, 14 хувь буюу 69.0 сая ам.долларыг хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа эзэлж байна. Манай улсын нефтийн импорт, нефтийн хилийн дундаж үнэ мөн л өссөн дүнэтэй гарлаа. Тайлант хугацаанд Монгол Улсын нефтийн импортын биет хэмжээ өнгөрсөн оноос 51.5 хувиар, хилийн дундаж үнэ 48.5 хувиар тус тус өссөнөөр нийт нефтийн импорт мөнгөн дүнгээр 143.3 сая ам.долларт хүрчээ. Нефтийн импортын хилийн дундаж үнэ 2012 оны нэгдүгээр сард тонн тутамд 1264.4 ам.долларт хүрснээр өнгөрсөн оны мөн үеэс 36.7 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар тус тус өсөөд байна.
Дүгнэлт
Манай орны гадаад худалдааны нийт бараа эргэлт 2012 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 32 хувиар өсөхөд экспортын гол нэрийн 10 бүтээгдэхүүний хилийн дундаж үнэ 11.8 хувиар, импортын гол нэрийн бараа, түүхий эдийн биет хэмжээ 49.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.