ханшийн хөөрөгдөл иргэдийг бухимдуулахын дээдээр бухимдууллаа. Нөөцийн
махыг худалдаанд гаргасан ч захын жижиг дэлгүүрүүдэд ердөө хоёр цагийн
дотор худалдагдаад дуусах болсон. Арай овсгоотой, эсвэл танил талтай нь
нөөцийн хямд махнаас хүртэж амждаг болсон нь нууц биш болоод байх шиг.
Асуудлыг шийдэх зорилгоор нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион
байгуулж эхэлсэн. Иргэд хямд махны үнийн төлөө яг л социализмын үеийн
картын бараанд оочерлодог шиг зогссон дүр зураг өнгөрсөн долоо хоногт
олон харагдлаа. Зах, дэлгүүрүүдээр үхрийн махны үнэ 8000, хонины мах
6000 төгрөгт хүрсэн байхад иргэд хямд махны төлөө оочерлохоос ч яах вэ
дээ.
Гэхдээ 40 сая малтай Монгол Улсын хувьд иргэд ийнхүү махны үнийн
хөөрөгдөлд дарлуулж, хэдэн цагаар оочерлож байгаа нь яавч "эрүүл бус"
үзэгдэл гэдэг нь тодорхой. Тийм ч учраас гүйцэтгэх засаглалын тэргүүн
энэ асуудалд анхаарлаа хандуулж, хэд хэдэн махны бөөний худалдааны
цэгээр "гэнэтийн шалгалт" хийж, иргэдийн үгийг сонслоо. Эл үйл явдлыг
өнгөрсөн долоо хоногийн эдийн засгийн онцлох үйл явдал хэмээн дүгнэж
байна.
Тэрбээр Сүхбаатар дүүргийн "Сансар-32" дэлгүүр болон Долоон буудлын
дэргэдэх гадаа талбайд очиж, нөөцийн махны өргөтгөсөн худалдаатай
танилцсан юм. Махны үнэ хэтэрхий өндөр, нөөцийн мах олдохгүй, танил
талаараа өгч, ченжүүд шаглаж байгаад бухимдсан иргэд Ерөнхий сайдыг
угтсан. Өргөтгөсөн худалдааны үеэр бухимдал үүсч байгааг зохион
байгуулалт муутай холбоотой хэмээн Засгийн газрын тэргүүн үзсэн юм.
Түүнчлэн махны үнийн хөөрөгдлийг зохицуулж, иргэдийг хямд махаар
хангахад гүйцэтгэх засаглал анхаарал хандуулж, тодорхой ажил хийх болно
хэмээн Ерөнхий сайд амлалаа. Иргэдийг хямд махаар хангахад төр засаг
тусгайлан анхаарна гэсэн нь сайшаалтай.
Гэхдээ нөгөө талаас махны үнэ "тэнгэрт" хадлаа гэх бухимдал аль
нэгдүгээр сарын дунд үеэс эхлэн иргэдийн дунд бий болоод байсан ч
гүйцэтгэх засаглалынхан нөхцөл байдалтай дэндүү хожуу танилцаж, арга
хэмжээ авсан төдий боллоо гэх шүүмжлэл байна. Засгийн газрын
хуралдаанаар нийслэлд нэмж 10 мянган тонн нөөцийн мах татах шийдвэр
гаргасан ч тэр мах хэзээ ирээд, хэзээ хүмүүсийн бухимдал тайлагдахыг
мэдэхгүй нь.
Одоо ч гэсэн хотын захын дэлгүүрүүдээр ямааны цул махны үнэ л гэхэд 6500
төгрөгөөс буураагүй байна. Хонь, үхрийн махны тухайд бараг "бодооч
хэрэггүй" болж байх шиг. Нөөцийн махны үнэ уг нь зах зээлийн үнээс даруй
2000 гаруй төгрөгөөр хямд байгаа. Үхрийн мах кг нь 3700, хонь 3200,
ямаа 2600 төгрөгөөр худалдаалагдаж буй билээ. Өмнөх жилүүдийнхээс нөөц
бэлтгэлт, нийлүүлэлт харьцангуй сайжирсан гэдгийг ч гүйцэтгэх засаглалын
тэргүүн онцолж байсан.
Гэхдээ тэр ихээр нь бэлтгэсэн хямд үнэтэй махны барааг нэг их олон хүн
олж харсангүй. Иргэд урьд урьдны жилүүдийнхээс ч үнэтэй махаар бууз,
баншаа хийж, cap шинэтэйгээ золголоо. Уг нь гүйцэтгэх засаглалынхан
махны үнийн асуудалд арай эртхэн анхаарал тавьсан бол гэж гомдох иргэд
хаа сайгүй л таарч байна. "Махны үнээ хараач ээ, Ерөнхий сайд аа" хэмээн
бухимдах аж.
Юутай ч Ерөнхий сайд С.Батболд махны үнийн хөөрөгдлийг бууруулах чиглэлд
хэд хэдэн ажил хийхээр болж байна. Бэлтгэж нийлүүлэх махны хэмжээ энэ
жил өссөн хэдий ч иргэдийн хэрэгцээг бүрэн хангахгүй байгаа нь
экспортод, ялангуяа урд хөрш рүү нууцаар гаргаж байгаатай холбоотой
гэсэн мэдээллийг нягталж, хяналт тавьж ажиллахыг тагнуул, цагдаа, гааль,
мэргэжлийн хяналтын газрынханд үүрэг болголоо.
Түүнчлэн нийслэлд худалдаалж буй махны үнэ ханш малчны хотхоныхоос даруй
гурав дахин өндөр байгаа нь энэ салбарт ченжүүдийн "ноёрхол" байсаар
байгааг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч энэ далд үйлдлийг таслан зогсоох
дорвитой арга хэмжээ авах болно гэдгээ амлалаа. Мэдээж хамгийн гол нь
махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, 10 мянган тонн мах нэмж татах асуудлыг
Засгийн газрын хуралдаанаас шивдлээ.
Оройтсон ч гэсэн төр засгийнхан махны үнийн хөөрөгдөлд анхаарлаа
хандуулж эхэлсэн нь яамай. Цаашид махны үнэ буурна гэж найдъя. Гэхдээ
энэ удаад иргэд хямд үнэтэй махаар цагаан сарын бууз, банш, ууцаа
бэлтгэж чадаагүй нь харамсалтай.
Л.Дэлгэр
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин