Өрхийн төсвөө тооцохоос залхуурах хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Өрхийн төсвөө тооцохоос залхуурах хэрэггүй

Хэрэглэгчийн орлогын янз бүрийн төвшин нь мөн зарлагыг ялгаатай байхыг нөхцөлдүүлдэг нь тодорхой. Адил нөхцөл, ижил хэрэгцээтэй үед ч баян хүн ядуу хүнээс хавьгүй их мөнгө зардаг нь ойлгомжтой. Гэтэл орлогоор ч, хэрэгцээгээрээ ч адилхан, зарлагын бүтэц нь ч ижилхэн хоёр хүн санхүүгийн байдлаар эрс ялгаатай байдгийг бас мэднэ. Нэгэнд нь бэлэн мөнгө байж л байх, гэтэл нөгөөх нь байнга мөнгөөр гачигдах, Яагаад тэр вэ? Энд төсөв гэдэг ойлголт чухал үүрэгтэй болохыг та бид ямагт санаж байх ёстой. Төсөв хүний тодорхой хугацааны орлого, зарлагын цогцолборыг илэрхийлдэг.
Бид тодорхой хугацааны доторх орлого, зарлагыг төлөвлөж нэг ёсны санхүүгийн төлөвлөгөө зохиож төсвөө урьдчилан тооцдог. Ингээд бидний төлөвлөсөн зардалд бодит орлого хэр тохирч байгаагаа харьцуулан, "төсвийн гүйцэтгэлийг" гаргадаг юм.
Хэрэв орлого нь зарлагатайгаа тэнцэж байвал төсвийн тэнцвэржилт гэдэг. Зардал нь орлогоосоо хэтэрсэн бол төсвийн алдагдалд орсон хэрэг бөгөөд орлогын зарим хэсгийг зээл хөрөнгөөр нөхсөн гэсэн үг. Харин зарлагаа давсан мөнгө олсон бол ийм төсвийг ашигтай гэж үзнэ.

Өрхийн болон хувийн төсвийг хөтөлснөөр бид юу хожих вэ?
Нэгд, мөнгө чухам хаашаа урсаж байгааг тогтоох боломжтой. Хамгийн гайхалтай нь "жижиг зүйлд" л асар их мөнгө зарчихсан байдгийг хэн бүхэн андахгүй. Зардлаа нэг бүрчлэн бүртгэж, дараа нь түүнийгээ судлаад үзвэл, үрчихсэн мөнгийг эргүүлэн олж чадахгүй ч гэлээ ирээдүйд сургамж болохуйц дүгнэлт гарахад хэрэгтэй.
Хоёрт, та төсвөө төлөвлөхдөө, хэрэгцээгээ урьдчилан жагсааж уг хэрэгцээг хангах дарааллыг ач холбогдолыг нь харгалзан тогтоох боломжтой. Жишээ нь өдөрт нэг зайрмаг амтлах уу, эсвэл түүнээ хойш тавьж, долоо хоногтоо дууны хуурцаг авах уу гэдэг сонголтыг зөв хийнэ гэсэн үг. Аль болохоор бодож төлөвлөсөн төсвөөр мөнгөө зарах эсэхийг шийдэж байхыг зөвлөе.
Гуравт, зардал бол янз бүр байна. Жишээ нь байнгын зардал, удаан хэрэгцээний зардал гэж байх. Yдийн хоолонд мөнгө зарахгүй байж болохгүй, харин унадаг дугуй, систем хөгжимд яаран мөнгө зарцуулах хэрэг байна уу, үгүй юү, хойш тавьж болохгүй юу. Өдөр тутмын зайлшгүй хэрэгцээнд бол тогтмол орлого, эсвэл цалингийнхаа тодорхой хэсгийг зориулахад хүрнэ. Харин бусдад нь бол мөнгө хуримтлуулж, өөрөөр хэлбэл төсвийнхөө орлогын хэсгийг нэмэгдүүлж байж, бага зэрэг хойшлуулж авах хэрэгтэй болох нь. Түүнээс гадна, төлөвлөгдсөн болон төлөвлөгдөөгүй зардал гэж байх. Нэлээд урт хугацааны төсвөө судлаад үзвэл, түүнд төлөвлөгдөөгүй зардал ямар хэмжээтэй байгааг мэдэж чухам юунаас болж ийм зардал гарсан болохыг үнэлж үзэх бололцоотой. Ийм зардалд, төрсөн өдрөөр бэлэг авахаас эхлээд, тасалбаргүйгээр зорчсны торгууль хүртэл янз бүрийн зардал багтана. Эдгээрийг нэлээдийг гаргахгүй байж болох зардал. Ихэнх хүмүүс төсөв хөтлөх нь ашигтай, хэрэгтэй зүйл гэж үздэг. Тэгэхдээ нэлээд хүмүүст тэвчээр дутагдаж орлого, зардлыг жагсаан бичиж, тооцохоосоо төвөгшөөх нь байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж