Иран Европ дахь нефтийн экспортоо зогсоов

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Иран Европ дахь нефтийн экспортоо зогсоов

Иран өчигдрөөс эхлэн Их Британи,  Францын компаниудад нефть экспортлохоо зогсоов. АНУ болон Европын холбооноос тус улсын эсрэг тавьсан эдийн засгийн хоригийн хариуд Иран Европын хэд хэдэн улсад  газрын тосны экспортоо багасгана гэж мэдэгдсэн юм. Ираны Газрын тосны сайд “Манай талаас газрын тос худалдах, экспортлоход ямар ч асуудал байхгүй. Бид өөрсдийн худалдан авагчдад хөнгөлөлттэй үнээр худалддаг. Тиймээс бид Франц, Их Британиас  өөр шинэ худалдан авагчдад газрын тос нийлүүлэхээр болсон” гэж мэдэгдсэн байна. Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэхээр хөтөлбөр боловсруулж байна гэж сэрдэж буй өрнөдийн орнууд Тегераны эрх баригчдаас цөмийн хөтөлбөрийн асуудлаа ил тод болгохыг шаардаж, өнгөрсөн сард тус улсын эсрэг эдийн засгийн хориг тавьсан. Иран цөмийн хөтөлбөрөө зөвхөн эрчим хүчний зориулалтаар ашиглана гэж мэдэгдсээр байгаа боловч АНУ, өрнөдийн орнуудад энэ тайлбар хангалтгүй байгаа юм. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газраас явуулсан судалгаагаар өдөрт 2.2 сая баррель газрын тос үйлдвэрлэдэг Иран Европын эрчим хүчний зах зээлийн 18 хувийг хангадаг. Иран Европ дахь газрын тосны экспортоо зогсоовол нефтийн үнэд өөрчлөлт орно гэж ажиглагчид  таамаглаж байна. Газрын тосны багагүй хувийг Иранаас импортолдог Европын орнууд нефтийн өөр эх үүсвэр хайхад хүрч байна. Харин Иран улс Азийн томоохон зах зээл болох Хятад, Энэтхэг зэрэг орнуудад нефтиэ 10-15 хувь хямд үнээр худалдаалж байгаа юм. Иран газрын тосны 35 хувийг Хятад, Энэтхэг рүү экспортолж байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж