Буриадын лам нар 160 туулайг аврав

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Буриадын лам нар 160 туулайг аврав

ОХУ-ын Буриад, Халимаг, Тува зэрэг монгол туургатан, бурхны шашинт  үндэстнүүд Төгс буянт зурхайг бармтлан бидний нэгэн адил нөгөөдөр “Баясгалант” хэмээх хар усан луу жилээ угтах гэж байна. Туулай жилийн төгсгөл, луу жилийн босгон дээр ОХУ-ын Буриад улсын “Ринбүүчи багш” хийдийн лам нар нэгэн буян үйлджээ. Приангарын амьтны фермийн эзэд дампуурлын ирмэгт тулж олон тооны туулайг нядлах гэж байгааг тус хийдийг үндэслэгч Ело ринбүүчи олж мэдсэн байна. Ингээд сар шинээр буян үйлдэхээр шийдэн хариугүй нядалгаанд оруулах гэж байсан 160 туулайг худалдан авчээ. Цаг дулаарахаар тэдгээр туулайг Улаан-Үд хот дахь “Ринбүчи багш” хийдэд авчрах аж. Буриадад хүйтний эрч сулраагүй байгаа тул туулайнуудыг хол газар тээвэрлэхэд осгож даарах аюул учрах тул одоогоор фермд нь үлдээн хоол тэжээлээр хангахаар болсон байна.

Улаан-Үдэд авчирсан хойно нь сайн санаат сүсэгтнүүд туулайнуудыг авч тэжээж болох аж. “Амьтныг үхлээс аврах нь асар том буян болж нүглээс гэтэлгэх болно” гэж хийдийн хамба лам айлджээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж