Хөшөөтийн зам ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Хөшөөтийн зам ашиглалтад орлоо

Хөшөөтийн уурхай, Барлагийн хавцал, Олон булагийн орд, Ярантын боомтыг холбож тавигдсан 311 км хүнд даацын хатуу хучилттай замыг албан ёсоор ашиглаж эхлэхээр боллоо.

Энэ сарын 17-ны өдөр энэхүү замын нээлтийн ажиллагааг хийсэн нь үүний бодит илэрхийлэл болсон юм.

Тус зам ашиглалтанд орж бүтээгдэхүүнээ тээвэрлэн, экспортонд гаргах болсноор МоЭнКо ХХК-ий хувьд Хөшөөт төслийн хүрээнд төлөвлөсөн ажлуудаа эрчимтэй үргэлжлүүлэх боломжийг нээж өгч байгаа ажээ. Хөшөөтөд үйл ажиллагаа явуулж буй Мо Эн Ко компаний толгой компани болох MEC-ийн Гүйцэтгэх Захирал Жэймс Шаеффэр ойрын хугацаанд буюу энэ 2012 онд жилийн турш 1.8 сая тонн түүхий нүүрс олборлон экспортонд гаргахаар төлөвлөснөө хэллээ. Мөн ийм хэмжээний хүчин чадалтай олборлох үйлдвэрийн тоног төхөөрөмжийг жилийн өмнө уурхайд авч ирж суурилуулсан ч, нүүрс тээвэрлэх хүнд даацын замыг албан ёсоор ашиглах зөвшөөрөл аваагүй байсан болохоор тоног төхөөрөмжөө бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадахгүй байжээ.

Харин одоо энэ тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлыг бүрэн ашиглаж долоо хоногийн 4-5 өдөрт уурхайгаас ачилт хийнэ. Үйлдвэрийн шат дамжлагын хувьд эхний ээлжинд түүхий нүүрс олборлох ба дараагийн шатанд нүүрсийг шигшүүрээр ялгаж, зах зээлд гаргадаг болох улмаар хуурай баяжуулах үйлдвэр, эцэст нь нүүрс угаах үйлдвэрийг байгуулан ашиглалтанд оруулснаар нэмүү өртөг шингэсэн, үнэ өндөртэй бүтээгдэхүүнийг борлуулалтанд гаргах боломжоор хангагдах юм  байна. Хөшөөт төслийн хүрээнд хэрэгжих хамгийн чухал хийгээд том ажлууд гэвэл нүүрс угаах болон эрчим хүчний үйлдвэрийг барьж байгуулан ажиллуулах явдал. Гэсэн ч нэг бэрхшээлтэй асуудал байгаа нь усны нөөц хомсхон байгаа явдал гэнэ.  Хүрэлцээтэй усны нөөцийг олж, бий болгох талаар хайгуул судалгаа явуулж хамгийн үр өгөөжтэй сайн технологи ашиглахыг эрхэмлэж байгаа. Юуны өмнө усыг хэмнэлттэй бас бүрэн дүүрэн ашиглахын тулд зориулалтын ус хадгалах савнуудыг хэрэглэж, нэг саванд дүүргэсэн усыг олон дамжлага дамнуулан дахин ашиглах замаар ажиллах нь зөв гэсэн шийдэлтэй байна.  Угаах үйлдвэр болон эрчим хүчний үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээрт усны нөөцийн асуудлыг шийдэх, хоёрт техник эдийн засгийн үндэслэлийг боловсрлуулах, гуравт байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг боловсруулж бэлэн болгох, үүний дараа нарийвчилсан зураг төслийг гаргах гэсэн ажлууд шат дараатайгаар хийгдэх юм байна. Зам ашиглалтад орж, тээвэрлэлт хийх боломж нээгдсэн нь Хөшөөт төслийн хувьд тун чухал зүйл гэдгийг тэнд үйл ажиллагаа явуулж буй компаниудын удирдлага болон мэргэжилтнүүд бүгд л онцолж байна.

Сайн чанарын, хүнд даацын энэ замын зорчих хэсгийн өргөн нь 7.0 метр урт нь 311 км ба Монгол улсын Тэнгэр уул, Геотранс, Хэрэм зам гэсэн гурван компани БНХАУ-ын хоёр компани хамтран гурван жилийн турш барьж байгуулжээ. Замын суурийг тавихдаа цементийг хөрстэй хольж бэхжүүлэх арга бүхий хамгийн сүүлийн үеийн тэргүүний технологийг ашигласан нь ач холбогдолтой болсон байна. Замын дагуу тус бүр дунджаар 8-10 метрийн урттай 17 төмөр бетон гүүр 294 ус зайлуулах хоолойг барьжээ. Хамгийн урт гүүр нь 80 метрийн урттай баригдсан аж. Барьж байгуулах ажын явцад замын трасын дагуу Мянган угалзатын нуруун дундуур явсаар Барлагийн хавцал руу орж ирэх хэсэгт нэлээн бэрхшээлтэй байсан, маш олон тэсэлгээ хийсэн тухай гүйцэтгэгчид танилцуулж байв. Энэ зам тавигдсан нь зөвхөн уурхайн үйл ажиллагаанд чухал байгаад зогссонгүй, орон нутгийн ард иргэдийн аж амьдралд ч тустай зүйл болжээ. Тухайлбал зам тавиагүй байхад Барлагийн хавцлыг туулах гэж машинаар 4-5 цаг явдаг байсан бол одоо ердөө цаг гаруйхан давхиад л нөгөө талд нь гардаг болсон. Улмаар энэ замаар орон нутгийн тээврийн хэрэгслүүд ч зорчиж болно гэсэн шийдвэр гаргасанд нутгийн иргэд нэн талархалтай байгаа аж. Өнөөгийн нөхцөлд Хөшөөт төслөөс орон нутагт ач холбогдлоо өгч буй бас нэг зүйл нь нэлээд хэмжээний ажлын байр бий болгосон явдал. Одоо тус төсөлд 748 Монгол ажилчид ажиллаж байгаагийн 408 нь буюу талаас илүү хэсэг нь орон нутгаас, үлдсэн хэсэг нь Улаанбаатар хот болон бусад газраас ажиллаж байгаа юм байна. Төслийн хүрээнд орон нутгаас мэргэжилтэн бэлтгэн гаргах, тэдний боловсролд хөрөнгө оруулалт хийх зорилгоор Ховд аймгаас нийтдээ 175 оюутны сургалтын төлбөрийг санхүүжүүлсэн ба энэ онд гэхэд 48 оюутан сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагджээ. Мөн уурхайн үйл ажиллагааг гардан удирдаж явуулдаг Лейтон компани одоогийн байдлаар 1 сая  цаг ажиллахдаа ямар нэг үйлдвэрийн осол гаргаагүй. Хөдөлмөрийн түр чадвар алдалт бүртгэгдээгүй байгаа нь сайшаалтай хэмээн захирал  Жэймс Шаеффэр өгүүлж байв. 

Замын нээлтийн ёслолын ажиллагааны үеэр Ховд аймгийн Засаг даргын орлогч Ж.Цэнд-Аюуш:  Бид 2006 оноос эхлэн Хөшөөт төслийг дэмжиж, хамтран ажиллаж ирлээ. Энд орон нутгийн уул уурхайн үйлдвэрлэл хөгжинө гэж бид бодож байгаа. Төслийг орон нутагт нь аль болох наалдацтай, шингэцтэй байхаар төлөвлөн гүйцэтгэнэ гэдэгт  итгэж байна. Хөшөөтийн гэгдэж байгаа энэ замыг хөгжлийн зам гэж нэрлэе гэсэн бол БНХАУ-ын Алтайн бүсийн Засаг захиргааны байнгын хороог төлөөлж ирсэн Жан Тин Вэ ийм замтай болсноор манай улсын Алтайн бүсийн хилийн харилцааны дөрвөн боомтыг холбож өгч байна. Мөн хамгийн чухал нь гэвэл хоёр улсын хооронд бүтээгдэхүүн тээвэрлэх үйл ажиллагаанд ихээхэн дэвшил гаргасан ба, цаашид хоёр орны эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой болох юм гэв. Мөн энэ үеэр Мо Эн Ко компаний гүйцэтгэх захирал Иветт Онг  хэлэхдээ манай компани энэ замаар дамжуулж Монгол улсын баруун бүсийн уул уурхай, мөн ирээдүйн нийгэм эдийн засгийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах болно. Төслийг хэрэгжүүлэхэд оролцож ажилласан, тодорхой нөлөө үзүүлж, дэм тус болсон бүхий л байгууллага хүмүүс, нэн ялангуяа хоёр улсын Засгийн газарт талархсанаа илэрхийлье гэж байлаа. Хөшөөтийн уурхайгаас БНХАУ-ын баруун бүс нутаг руу нүүрс тээвэрлэхийн тулд тээврийн дөрвөн компанитай хамтран ажиллаж байна.Тэдгээрээс Геотранс компани одоогийн байдлаар Хөшөөтөд хүнд даацын 50 машинтай байгаа ба ойрын үед машины тоог 100-д хүргэх, Туушин компани 30 машинтай мөн ойрын үед 100 болгох, Стандарт Майнинг компани 30 машинаа 130 болгох төлөвлөгөөтэй байгаа. Ховд аймгаас одоогийн байдлаар 15 машин тээврийн үйл ажиллагаанд оролцож байгаа аж. Мөн өнөөгийн нөхцөлд Ярант боомт 7 хоногийн 5 өдөр, өдрийн 8 цагаар ажиллаж байна. Цаашид гаалийн нэвтрэх чадварыг өргөжүүлж, уртасгасан цагаар ажилладаг болгох гаалийн талбайг өргөжүүлэх зэрэг асуудлууд тавигдаж байгаа юм байна.

Ингэснээр жилд олборлон экспортонд гаргах нүүрснийхээ хэмжээг одоо 1.8 сая тонн хэмээн төлөвлөснөө цаашид 3.0 сая, улмаар 5.0 сая тонн болгох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

                                                                                                                        Ховд аймаг сэтгүүлч    Г.Төрмөнх






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж