“Монгол брэнд гадаад зах зээлд өрсөлдөж эхэллээ”

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

“Монгол брэнд гадаад зах зээлд өрсөлдөж эхэллээ”

Импортоор орж ирсэн тамхийг монголчууд өндөр үнээр худалдан авч хэрэглэдэг байсныг Үндэсний шилдэг үйлдвэр “Монгол тамхи со” ХХК-ийн хамт олон өөрчилж, монгол брэндийн тамхи үйлдвэрлэдэг болсоор 11 жилийг ардаа орхижээ. Тус компанийн хамт олон бүтээгдэхүүнээ экспортлох гэж байгаа юм байна. Энэ талаар тус компанийн Маркетинг, борлуулалтын албаны ахлах менежер Б.Анхбаяртай уулзаж, ярилцлаа.


-Танай компани Бүгд найрамдах Ангол улс руу бүтээгдэхүүнээ гаргах гэж байгаа тухай сонслоо. Хэзээнээс, ямар бүтээгдэхүүн гаргах вэ?

-Бүгд найрамдах Ангол улсад Үндэсний брэнд “Улааншонхор” бүтээгдэхүүнээ гаргах гэж байгаа. Нийт 80000 авдар бүтээгдэхүүнийг экспортлох хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Эхний ээлжинд 2000 авдар бүтээгдэхүүнийг хоёрдугаар сарын 20-нд гаргана. “Улааншонхор” бүтээгдэхүүн хэрэглэгчдэд танил болсон төдийгүй сав баглаа боодол нь олон улсын стандартад нийцсэн, монгол брэнд. Тэр ч утгаараа Бүгд найрамдах Ангол улсад нийлүүлэх гэж байна. Энэ нь Монгол улсын түүхэнд анх удаагаа тамхи экспортлож байгаа алхам юм. Ингэснээрээ манай “Монгол тамхи со” компани нь санхүүгийн хувьд улам чадавхжиж, олон жилийн турш тогтвортой,  ашигтай үйл ажиллагаа явуулах үүд хаалга нээгдэж байгаа юм. Мөн Монгол улсын маань валютын нийлүүлэлт нэмэгдэж энэ хэрээр экспортын алдагдал багасах гэх мэт олон талт эерэг үр дүнг дагуулна гэж ойлгож байгаа.

-Ангол улсаас өөр ямар улстай хамтарч ажиллах вэ?

 -Манай компани энэ ондоо багтаан Европ, Сибирийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөж байгаа. Энэ ажлууд одоо гэрээнийхээ төвшинд явагдаж байна. Удахгүй Монголоор овоглосон бүтээгдэхүүн Европын зах зээлд өрсөлдөнө гэж ойлгож болно. Цаашдаа өөрийн үйлдвэрийн үйл ажиллагааг  тасралтгүй, жигд хангах зорилгоор хэвлэлийн үйлдвэр байгуулахаар судалгааны ажлыг эхлүүлээд байна.

-Экспортын бараа ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

-Олон улсад бүтээгдэхүүнээ гаргахын тулд олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 2008 стандартыг нэвтрүүлсэн байх шаардлагатай. Манайх өөрийн үйлдвэрлэлийн салбартаа анх удаа ISO 9001 2008 стандартыг 2011 онд анх удаа бүрэн нэвтрүүлсэн. Ингэснээрээ дэлхийн жишигт хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчиддээ хүргэж байгааг баталгаажуулж өгч байгаа юм. Ингэж дэлхийн стандартуудыг үйлдвэртээ нэвтрүүлж ажилласанаар бид Дэлхийн брэнд бүтээгдэхүүнүүдийг өөрийн оронд үйлдвэрлэх, Үндэсний брэнд бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах боломж бололцоо нээлттэй болох юм.

-Сүүлийн үед яригдах болсон НАССР аюулгүй байдлын системд хамрагдсан уу?

-НАССР буюу бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явцад хийдэг аюулын дүн шинжилгээ болон эгзэгтэй цэгийн хяналтын системийг энэ онд нэвтрүүлэхээр ажил ахлээд явж байна. HACCP-ийг НҮБ-ын дэл­хийн эрүүл мэндийн  байгууллага хянаж үйл ажиллагааг нь шалгадаг. НАССР-ийг өөрийн үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр “МОНГОЛ ТАМХИ СО” компанийн бүтээгдэхүүн дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөх юм.

-Танайх хичнээн төрлийн тамхи үйлдвэрлэдэг вэ?

-Манайх “Алтан навчис”, “Цагаан өргөө”, “Улаан шонхор”, “Хийморь”, Dubliss /blue/, Dubliss /Black/ зэрэг зургаан нэр төрлийн тамхи үйлдвэрлэн борлуулж байна. Эдгээр тамхи нь шүүлтүүртэй, утаат тамхины төрөлд багтдаг бөгөөд Монгол улсын MNS 5024:2001 стандартын шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүнүүд юм.

-Эдгээр тамхинаас Монголд хамгийн борлуулалттай тамхи аль нь вэ?

-Борлуулалтаараа “Улаан шонхор” брэнд нь Монголдоо номер нэг бүтээгдэхүүнд ордог.

-Dubliss тамхины тухай дэлгэрэнгүй танилцуулж өгнө үү?

-DUBLISS тамхи хамгийн богино хугацаанд зах зээлд байршиж, борлуулалтанд орсон бүтээгдэхүүн. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр чанарыг л илэрхийлж байна гэж бид ойлгож байгаа. Энэхүү Dubliss брэнд нь нь зөвхөн Монголд  бус  Украйн, Румин, Орос, Тайвань, Испани, Хонг-Конг, Сингапур, Болгар, Чех зэрэг дэлхийн 20 гаруй орны зах зээлд худалдаалагддаг ба өөрийн гэсэн худалдан авагч, хэрэглэгчтэй  болж чадсан бүтээгдэхүүн юм. Dubliss тамхийг Монголд үйлдвэрлэсэнээр дэлхийн брэндийг Монгол үйлдвэрлэж болохыг харуулсан.

-Тэгвэл танай компаний тоног төхөөрөмж орчин үетэй зэрэгцэж байгаа гэж ойлгож болох нь ээ?

-Аливаа ААН-ийн үйлдвэр нь хэдий чинээ орчин үеийн техник технологиор хангагдсан байна төдий чинээ бүтээгдэхүүнээ амжилттай үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлдэг төдийгүй ажилчдын тав тухтай ажиллах нөхцөлийг хангаж байдаг. Тиймээс сүүлийн үеийн техник технологийн дэвшлийг өөртөө агуулсан бүрэн автомат тоног төхөөрөмжийг үйлдвэртээ анх удаа нэвтрүүлсэн. Мөн 2009 онд шинэ оффис, үйлдвэрийн байрыг ашиглалтанд оруулж Монголдоо анх удаа тамхи үйлдвэрлэлийн стандартыг бүрэн хангасан үйлдвэрийн байрыг бий болгосон. Англи болон Италийн лицензээр үйлдвэрлэсэн дэлхийн хэмжээний орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа.

-Танай компани энэ салбартаа яахын аргагүй олон зүйлийн анхдагч байх аа?

 -Ер нь бол тийм. Монголд анх удаа тамхины шүүлтүүр хийх үйлдвэрийг байгуулсан. Япон улсын Mitsubishi Royan  корпорацитай  2008 онд түүхий эд авах хамтын ажиллагааны гэрээ байгуулж шүүлтүүрийн үйлдвэрийг байгуулсан. Дэлхийн брэндийг Монголд анх удаа үйлдвэрлэлээ. Нүүрссэн шүүлтүүртэй тамхийг анх удаа үйлдвэрлэсэн. Бүрэн автомат тоног төхөөрөмжийг суурилууллаа. Үйлдвэрийн орчин үеийн шинэ байрыг ашиглалтанд оруулсан гм. Одоо бас анх удаа Монгол тамхи гадаад зах зээлд гарч байна гм дурдаад байвал их зүйл бий.

-Монголд тамхи үйлдвэрлэдэг хэчнээн компани байна вэ?

-Монгол улсад тамхи үйлдвэрлэх зөвшөөрөл бүхий зургаан компани байдаг. Одоогоор хоёр компани нь үйл ажиллагаа явуулж байгаа. 

-Танай компани анх хэдэн онд байгуулагдсан бэ?

-2001 онд байгуулагдсан. Тамхи үйлвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна. Манай компани Монгол Улсын Манлай татвар төлөгч, Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг, Хэрэглэгчдийн найдвартай түнш, Үндэсний шилдэг үйлдвэрлэгч зэрэг шагналын эзэн болж байсан. Энэ амжилтын цаана манай хамт олны болон харилцагч хэрэглэгчдийн хүч хөдөлмөр байгаа нь ойлгомжтой. Үүсэн байгуулагдсанаасаа хойш улсын төсөвт 70 гаруй тэрбум төгрөгийн татварыг бүрдүүлж. Уг татвар нь улс орны хөгжлийн төлөө, хүн ардын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн сайн сайхны төлөө зарцуулагдаж байгаад сэтгэл хангалуун байдаг. 

Б.Заяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж