Б.Шарав: Азийн урлаг бол дэлхийн шинэ давалгаа

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Б.Шарав: Азийн урлаг бол дэлхийн шинэ давалгаа

Б.Шарав: Азийн урлаг бол дэлхийн шинэ давалгаа

Гадаадад төдийгүй эх орондоо суугаа монголчууд Youtube-ээс нэгэн эрхмийг хайх дуртай. Хамгийн сүүлд youtube-д тавигдсан “Бөртэ хатан” бүтээлийг нь гэхэд 10 орчим мянган хүн хайн татсан байсан. Түүний бүтээлийг сонсч, уярал ухаарал, ганцаардал басхүү тайтгарал, бахархлыг мэдрэх гэж тэр. Түүнийг хувьдаа аугаа “Мэдрэмж” гэж тодотгох дуртай. Бусад хүн харин янз янзаар л хэлэх байх. Телевиз үзэгчдийн зарим нь түүнийг “эмгэнэл”-ийн ард ихэнхдээ эгшиглэдэг “Сэтгэлийн эгшиг” гэгч бүтээлээр нь андахгүй мэднэ. Баяр наадмыг нээдэг “Сэрсэн тал” хэмээн сүр жавхлант бүтээлээр нь ч андахгүй л байх. Ингээд хэлэхээр Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын тухай ярьж буйг төвөггүйхэн мэдсэн байх. Түүний сод сод бүтээлүүдийг сонсоогүй монгол хүн, дэлхийд данстай хөгжмийн зохиолч үгүй гэдэгт 200 хувь итгэлтэй байна. Тэгвэл тэрбээр Монголд анх удаа олон улсын хөгжмийн их наадмыг зохион байгуулах гэж байна. Энэ оны төгсгөлд болох энэхүү наадам нь залуу дуулаач, ардын хөгжимчдийн уралдаан байх юм. Урьд өмнө нь байгаагүй өндөр шагналын сантай энэхүү уралдааныг жил орчмын өмнөөс зарласан шалтгаан нь Монгол төдийгүй гадаадын уран бүтээлчдийг бэлтгэлээ сайтар базаах боломжийг олгож буйтай холбоотой гэнэ. Ингээд олныг үл нуршин түүнийг ярилцлагыг хүргэе.

-Хөгжмийн зохиолчдын бүтээл, тэднийг хийх боломжийг бүрдүүлэхэд төрөөс онцгой анхаарах ёстой гэсэн байр суурьтай хүмүүс олон байдаг. Харин та өөрийн нэрэмжит олон улсын хэмжээний нүсэр наадмыг хийх гэж байна. Магадгүй энэ нь монголчуудын дэлхийд гарах бас нэгэн гарц байх болов уу?

-Магадгүй өөрийн чинь хэлсэн шиг байж болох талтай шүү. Ер нь дэлхийд гарах олон гарц бий байх. Эдийн засаг, спортоор гарах байх. Харин урлагаар гарах нь нэлээн дөт зам байж магадгүй гэж би боддог шүү. Бид чинь хөгжмийн урлагийн маш том, бат бэх суурьтай улс шүү дээ. Уртын дуу гээд бод л доо. Дэлхийд хосгүй урлаг гэж боддог. Монгол хүн болоод ингэж бодож байж магадгүй. Гэхдээ олон удаа уртын дуучидтай гадаадад очиж өөрийнхөө бүтээлийг ч тоглуулж байлаа. Тэгэхэд уртын дууг сонсоод гайхдаггүй, тэгсэн хэрнээ хөгжим мэдэрдэг тийм хүн дайралдаагүй. Энэ дэлхий дээр тийм хүн дайралдахгүй байх ч гэж найддаг.

-Энэ уралдааныг олон хүний хичээл зүтгэлээр зохиох нь гарцаагүй. Ямар байгууллагуудтай хамтарч ажиллах вэ?

-Энэ оны арваннэгдүгээр сард Хөгжим бүжгийн коллежийн /ХБК/ 75 жилийн ой болох юм. Тэд ойнхоо хүрээнд их олон том ажил хийж байгаагийн нэг нь миний нэрэмжит мэргэжлийн дуучид, ардын хөгжимчдийн уралдаан юм. Ийм болохоор ХБК гол зохион байгуулагч нь, бусад урлагийн мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулагч болж байгаа юм.

-Таны нэрэмжит уралдааны бусад олон улсын уралдаануудаас ялгарах онцлог нь юу байх вэ. Гадаадынхан хэрхэн хандаж, хүлээн авч байна?

-Яах вэ, энэ удаад бол ядахнаа хоёр хөршөө хамрах хэрэгтэй. Ер нь бол бололцоо маш их байгаа юм. Жишээ нь, ятга гэхэд л Солонгосоос, Хятадаас, Японоос хүрээд ирэх бололцоотой. Хуучир гэхэд л үндсэндээ Хятад хөгжим шүү дээ. Морин хуурыг аваад үзэхэд Буриадаас, Өвөрмонголоос, Япон, Франц, тэр ч бүү хэл АНУ-аас морин хуурчин ирэх бололцоотой шүү дээ. Морин хуурыг олон газарт гадаадын хүмүүс суралцаж байгаа. Гэх мэтээр их өргөн хүрээг хамрах юмсан гэж бодож байна. Мэргэжлийн дуучдын хувьд хаанаас л бол хаанаас ирэх боломж бий. Саяхан дэлхийн том уралдаанд байр эзэлсэн залуучууд гэхэд л миний “Чингис хаан” дуурийн ариг дууллаа.

-Тэгсэн шүү. Тэр чигтээ Mонголоор амьсгалсан.

-Тэгэхээр бид бололцоотой юм байна. Бидний ари, романсыг гадаадын дуучид ирээд дуулах боломжтой. Тиймээс л энэ бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах юмсан. Тэгээд дээр нь Монголын хөгжим сонирхогч олон түмэндээ гоё сайхан юм үзүүлэх юмсан. Дэлхийн аль чадвартай, авъяастай улсыг алийг тэр гэх вэ дээ. Тэднийг авчирч харуулж, сонсгох юмсан гэсэн л бодолдоо л хөтлөгдсөн нь энэ.

-Үнэхээр сайхан зүйлд хөтлөгд­жээ. Бүр их нарийн чиглэл чиглэлээ дагнасан уралдаан болох байх. Гэхдээ манайд хөгжмийн урлаг жаахан тиймэрхүү байна уу даа. Энэ нь магадгүй зах зээлийн үнэлэмж нь доогуур байгаатай холбоотой юу. Та юу гэж боддог юм бэ?

-Мөнгө олохгүй байна гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ бусад оронтой харьцуулбал их өрөвдөлтэй шүү дээ. Энд хөгжмийн зохиолчдын бүтээсэн бүтээлийг үнэлж байгааг яриад байна. Энэ нь бид нартай ч холбоотой дутагдал л даа. Бид өөрсдөө үнэлүүлж чадахгүй байгаа хэрэг. Зөвхөн төр ч юм уу, нийгмээс хараад байх хэрэггүй. Миний зохиож буй энэ уралдаан ч явж явж энэ үнэлгээг ахиулах юмсан гэсэн үүднээс хийгдэж байгаа ажил шүү дээ.

-Бүтээсэн, туурвисан нь их ч түүндээ дүйцэхүйц юм олохгүй байх шиг?

-Монголын хөгжмийн зохиолчид үнэхээр их зүйл бүтээсэн юм билээ. 1940-өөд оноос эхлээд л манай ахмадууд уран бүтээлээ туурвиж эхэлсэн байгаа юм.

-Тоон харьцуулалт хийвэл их сонин тоо гарч ирэх үү?

-Манайд чинь дуурийн урлаг л гэхэд 50 жил хөгжиж дээ. Гэтэл энэ хугацаанд дөчөөд үндэсний дуурьтай болсон байна. Тэр хэмжээний үндэсний балеттай байна. Гэх мэтчилэнгээр Европоос гаралтай сонгодог урлагийг хөгжүүлсний хувьд манайх Азидаа их дээгүүрт орно. Манай дуурийн театр шиг театр Азид байхгүй шүү дээ.

-Жаахан гэнэн бас сагсуу асуулт асуучих уу. Хүн амаар нь аваад үзвэл Азидаа хамгийн цөөхүүлээ нь манайх. Тэгсэн хэрнээ хөгжмийн зохиолчдыг нь хүнийх нь тоотой харьцуулбал их өндөр үзүүлэлтэй гэж онгирч болох уу?

-Тэгж ярих нь юу юм бэ /инээв/. Алдарт яруу найрагч Расул Гамзатов хэлсэн. Тэр “Том ууланд их баялаг, жижиг ууланд бага баялаг байна гэж бодож болохгүй” гэж бичсэн байдаг. Түүн шиг жижиг ард түмэнд том авъяас байж яагаад болохгүй гэж. Бүр тэр тусмаа байх ёстой гэж бодож байгаа шүү. Тийм учраас Монголын хөгжмийн зохиолчдын бүтээсэн бүтээлийг дэлхий хайхралгүй хаяхгүй л гэж бодож байгаа. Дэлхийд сонсуулахын тулд алсын хараатай, нэлээд томоор, миний энэ санаачилсан уралдаан шиг ч юм уу зоригтой бодож үйл ажиллагаа явуулмаар байгаа юм. Яваандаа төр засаг ч дэмжлэг үзүүлэх байх. Хувийн хэвшлийнхэн мэдээж том дэмжлэг үзүүлэх байх гэж бодож, горьдож л энэ бүхнийг зохион байгуулж байгаа юм шүү дээ.

-Энэ уралдаан уран бүтээлчдийг нэлээд сайтар бэлтгэлээ хангах боломж олгох юм билээ, зориуд тэгэв үү, эсвэл өөр шалтгаан байв уу?

-Тэгнэ. Миний хийх гээд байгаа хамгийн гол зүйл гэвэл монгол хүний авъяасыг үзүүлэх. Монгол хүн авъяастай гээд яриад яваад байх бол нэг хэрэг. Тэрийг батлахын тулд хийж, харуулж таниулах ёстой биз дээ. Тэгэхээр нэгэнт хийчихсэн байгаа бүтээл, их бололцоог дэлхий дахинд харуулъя л даа.

-Гадаадын том театрууд манай хөгжмийн зохиолчдын бүтээлийг тоглоё гэж санал ирүүлдэг. Ялангуяа таны бүтээлийг тэнд ч, энд ч тоглож байна л гэдэг. Ер нь томоохон театр, оркеструудаас тоглоогүй үлдсэн нь ховор байх аа?

-Миний бүтээлүүдийн хувьд бол их тоглогдсон доо. Энэ талаар манай сонсогч, уншигчид ч мэдэх л байх. Нобелийн шагнал гардуулах ёслолын үеэр тоглогдлоо ч гэх шиг. Олон удаа миний бүтээлийг тоглож байсан. Гэхдээ энэ бүхнийг эх орондоо зохион байгуулъя л даа.

-Гадныхнын анхаарлыг нааш нь хандуулъя гэсэн үг үү?

-Тийм. Гадны том хөгжимчдийг авчирч эх орондоо тоглуулж, үзэгч түмэндээ тийшээ очиж биш эндээ тэднийг сонсох бололцоог олгож, монгол хүний чадвар хэр вэ гэдгийг эндээ харах сонирхол байна.

-Хүн болгон л өөрсдийн ааш, зандаа тохируулж хөгжим сонсдог юм шиг. Харин хөгжмийн зохиолч хүн арай өөр байх аа. Танд бүтээлийг нь сонсох дуртай хөгжмийн зохиолч бий юу. Та ер нь юу сонсдог хүн бэ?

-Мэргэжлийн хүн юм чинь бүгдийг сонсох шаардлагатай.

-Тэгвэл асуултаа жаахан ха­зайл­­гая. Хэний бүтээлийг илүү таалдаг вэ?

-Миний хувьд их олон чиглэл рүү орж бүтээлээ туурвисан хүн. Тэр утгаараа бүгдийг нь сонсоно. Поп хөгжим ч сонсч л байдаг. Тэр байтугай хип хоп ч сонсоно шүү дээ. Миний гол барьсан чиглэл бол ардын хөгжим. Гэхдээ зөвхөн Монголынх биш. Гадаадын олон орны ардын хөгжмийг сонсоно л доо.

-Уучлаарай, би мэргэжлийн хүн биш. Гэхдээ таны бүтээлүүдийг сонсч байхад амьдралын бүхий л өнгө өөр хоорондоо сүлэлдэж, уналт сэргэлтийг үзүүлэх мэт заримдаа их бараан байснаа хормыг дараа гэрэл цацруулсан тод өнгөнд уусан заримдаа бүр зөрчилдсөн, тэмцэл ч юм шиг санагддаг. Заавал нэг их нүргээн орж ирдэг. "Жаргалын найман морь" гэхэд л… Би хэлж чадахгүй юм байна аа. Нийгмийг харсан өөрийн тусгалаа бүтээлдээ тусгадаг байх. Гэхдээ тэр чинь таны бусдаас ялгарах бас нэг онцлог ч юм уу?

-Ер нь хөгжим бол өөрөө тийм л зорилго, үүрэгтэй шүү дээ. Хөгжмийг бол зүгээр нэг ургуулаад байх биш. Заавал нэг торж, анхаарлыг нь татаж, сэтгэлийг нь хөдөлгөж байх, тийм үү?

-Нэг гуниглуулаад л, нэг тэнгэрт нисгээд  гэж үү?

-Тийм. Нэг баярлуулж, гуниглуулаад л, нэг урамшуулж зориг золбоо оруулах ч юм уу, тийм л байх ёстой л доо. Эсвэл бүр их ядарч, сэтгэлээр унасан үед нь хань болох. Миний “Сэтгэлийн эгшиг”-ийг болвол тийм үедээ л хүмүүс их сонсдог гэж боддог. Тийм учраас хөгжмийг бол зүгээр нэг биш, үнэн сэтгэлээсээ л бичих ёстой.

-“Сэтгэлийн эгшиг” гэснээс “Мар­тагдсан дууль” киноны хоёр том хөгжим бий. Тэр киног үзээгүй хүн ч яг л нэг нөхрөөсөө салчихсан, амьдралын эсрэг ганцаараа сөрж буй эмэгтэй хүний сэтгэлийг мэдрэхээр. Та тэрхүү бүтээлээ бичиж байхдаа хэн нэгэн бодит хүнийг төсөөлж, эсвэл нэг дүрийг ургуулан бодож бичсэн үү?

-Хөтөлбөртэй зохиол л доо. Ер нь аливаа уран бүтээл чинь хөтөлбөртэй, хөтөлбөргүй гээд хоёр янз байгаа юм. Кинонд өгөгдсөн агуулгыг нь гаргах гэж бичсэн юм л даа. Кинондоо ямар агуулгатай байсан бэ гэхээр гол дүрийн бүсгүйгийн хүнд хэцүү амьдрал, ганцаардсан, тухайн нийгмийн хавчигдмал байдал. Тэгээд ганцаараа, ядуу зүдүү амьдарч байгаа хүний дотоод сэтгэл ямар байх вэ гээд тэрийг л илэрхийлэхийг зорьж бичсэн зохиол л доо. Тэр нь л хүмүүст хүрсэн байх.

-“Сэрүүн намар” гээд таны балет бий.

-Тийм.

-Тэрхүү рок бүтээлээрээ хэлмэг­дүүлэлтийг хөндсөн. Тэгэхдээ бүр сөхөрсөн, ёстой л бачимдаж, аргаа барж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу хэлмэгдсэн хүнийг үзүүлсэн. Тэр бүтээлийг яагаад хийх болсон юм бэ. Тэр хар сүүдэр таниас холуур өнгөрөөгүй хэрэг үү?

-Ер нь рок балет чинь 1970-аад оноос үүдэлтэй шүү дээ. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ балетыг 2000-аад оны үед хийсэн юм. Тухайн үед манайд энэ урсгал хөгжиж эхлээгүй байсан л даа. Тиймээс энэ урсгалыг Монголд оруулж ирэхийн тулд хийсэн бүтээл. Дээр нь хэлмэгдүүлэлтийн асуудлыг хөндсөн. Энэ сэдэв нь өөрөө их хүнд сэдэв. 1937 онд Монголд юу болж байлаа даа. Ямар сайхан хүмүүсээ яаж үгүй хийсэн билээ. Гэмгүй нэгнээ барьж буудаад л…

-Та үгээр хэлэхэд ч төвөгтэй тэр айдсыг тайзнаа хөгжим, бүр балетаар үзүүлж чадсан?

-Үүнийг тайзнаа үзүүлнэ гэдэг маш хэцүү байсан. Түүнийг үзүүлэхийн тулд хөгжимдөө тусгах л хэрэгтэй болно шүү дээ.

-Хүүгээ алдсан хүн л хүүгээ алдсан хүний зовлонг ойлгоно гэдэг. Түүн шиг таныг 1990 оноос өмнө нэлээд юм үзсэн юм болов уу. Магадгүй чөлөөтэй уран бүтээл хийхээр хавчдаг ч юм уу… Тэгээд л ингэж мундаг мэдэрсэн байх гэж бодсон л доо!

-Тийм юм бол байхгүй. Хөгжмийн зохиолчид юм уу, миний хувьд хавчигдсан юм байхгүй шүү. Эдийн засгийн бололцоог эс тооцвол юу л туурвина, бүтээнэ нээлттэй их сайхан тийм үед бид нарын ид үе таарсан юм. Би чинь 1983 онд төгсч ирсэн хүн. Тэгээд ч 1990-ээд оноос хойш манай улс чинь чөлөөт үзэл санаатай болчихсон юм чинь. Тиймээс хавчигдах ч юм уу, тийм зовлон байгаагүй.

-Нэг явган яриа байдаг. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал, Ц.Чинзориг гуай та гурав нийлж уран бүтээлийн цэнгүүн хийх гээд хэнийх нь нэрийг эхэнд бичих вэ гэж маргалдаад тоглолтоо цуцалсан гэдэг. Арай тийм юм болоогүй биз дээ. Тэр үнэн үү?

-Бид гурвын онигоо л доо. Гэхдээ яригдаж байсан асуудал шүү. Бид үерхээд гуч, дөчин жил болчихлоо. Нийлж уран бүтээлийн үдэшлэг хийе гэж ярьж байсан юм. Бид гурав чинь нэг багшийн шавь. Энд С.Гончигсумлаа багшийн шавь, хойшоо сургуульд очоод бас нэг багшийн удирдлага дор сурч байсан. Ийм удаатай. Тийм болохоор хамтарч уран бүтээлийн үдэшлэг хийнэ гэж ярьж байсан. Харамсалтай нь амжуулж чадаагүй.

-Үнэхээр харамсалтай юм. Яагаад чадаагүй юм бэ?

-Тэр үед одоогийнхтой адил бидний өмнөөс зохион байгуулаад өгчих продакшн ч юм уу, тийм юм байсангүй. Өөрсдөө зохион байгуулна гэхээр цаанаа уран бүтээлийн ажилтай улс. Тодорхой зав гаргах хэрэгтэй болно. Энэ мэтээр л амжаагүй л дээ. Ер нь бол миний хувьд энэ уран бүтээлийн үдэшлэгийг хоёр найзынхаа дурсгалд зориулж хийх ёстой. Тийм санаа байдаг. Миний үүрэг гэж боддог.

-Одоогийн нийгмийг хөгжмөөр төсөөлбөл ямаршуухан ая дантай байна гэж та боддог вэ?

-Нийгмийг хөгжмөөр төсөөлбөл үү?

-Тийм, хөгжмөөр.

-Би саяхан нэг уран бүтээл бичсэн. “Монгол орон бадартугай” гэж. Түүнийг бичихээс өмнө Оюутолгойн бүтээн байгуулалттай танилцсан юм. Надад их өөдрөг сэтгэгдэл төрсөн шүү. Тэр сэтгэгдлээ оруулсан симфони удиртгал зохиол бичсэн. Тэр зохиолыг маань манай симфони оркеструуд тоглож эхэлж байна даа. Яг өнөөдрийн байдлыг юу гэж ойлгосон бэ гэхээр удахгүй Монгол орон сэргээд ирэх нь ээ. Эдийн засгийн хувьд босоод ирэх нь. Хөгжлийн хувьд ч дэлхийтэй хөл нийлүүлээд алхах юм байна гэж бодсон. Тиймээс их өөдрөг зохиол бичсэн. Түүнийг сонсоод үзнэ биз дээ. Тэгээд төсөөллийг минь мэднэ ээ.

-Гоё юм аа. Хөгжмөөр санаа бодлоо илэрхийлнэ гэдэг. Найзууд чинь таныг их нямбай. Аливаа бүтээлээ хийхдээ их нухдаг хүн гэж ярьдаг юм билээ. Та өөрөө юу гэж боддог вэ?

-Найзууд тэгж байгаа бол ортой л юм байлгүй.

-Өөрөө юу гэж боддог юм. Зарим хүмүүс өөрийгөө их залхуу гэдэг. Та харин тэгж чамладаг уу?

-Залхуу л талын хүн л дээ. Гэхдээ хөгжмийн тал дээр залхуурдаггүй л гэж боддог. Тэгэхээр лав залхуу хүн биш, залхуу хүн биш ээ… Гэхдээ тийм ч нямбай хүн бас биш ээ. Хөгжимд л их дуртай хүн дээ, би.

-Хөгжмийн зохиолчдыг байранд нь нүүж ирэхээр эхлээд хөршүүд нь их баярладаг гэсэн. Бахархаад л, ханандаа чихээ наагаад л. Сүүлдээ байнга хөгжим тоглодог болохоор хэсэг хугацааны дараа жаахан дурамжхан болдог гэнэ лээ?  

-Азаар надад тийм юм мэдэгдээгүй шүү. Дуугаргана л даа. Би тоглоно, манай хүү бас хөгжимдөнө. Гэхдээ хаалга тогшоод болиоч гэсэн удаа нэг ч байхгүй.

-Зарим нь өөрсдөө дуу намсгагч хийчихдэг гэсэн. Та харин яах уу?

-Дуу намсгагч хийж байсан удаатай. Ер нь зөөлөвч хийчихсэн. Тэгэхгүй бол бидэн шиг нийтийн байранд амьдарч байгаа хүмүүс болохгүй шүү дээ.

-Хөгжмийн зохиолчдыг их ааш­тай хүмүүс гэлцдэг. Магадгүй таниас хөршүүд чинь айдаг байх. Б.Шарав гуай гэртээ ер нь хэр ширүүн хүн бэ?

-Үгүй байх аа. Ер нь зөөлөндөө орно доо.

-Харахад ч зөөлөн л хүн л дээ. Харин зарим нь таныг ааштай гэдэг юм билээ?

-Ааштай, ааштай. Ааштай байлгүй яахав дээ. Нас яваад ч тэгэж байгаа байлгүй. Ер нь бол тайван талдаа хүн л дээ. Манай аав, ээж ч тийм хүмүүс байсан. Тэднийгээ дуурайгаад тайван хүн болсон. Учиргүй орилоод, хашгичаад байхгүй л дээ.

-Нас багадаа юу бодож, юунд дурлаж байв. Зөвхөн хөгжмөө л боддог байлаа гэж битгий л хэлээрэй?

-Яахав, багадаа янз бүрийн л юм оролдож байсан. Олон ярьдаг болохоор нэг их яримааргүй байна л даа.

-Яахав дээ, ярья л даа?

-Манай дээд өвөг, эцэг гэх юм бол мод, чулуухнаар юм хийдэг гарын дүйтэй хүмүүс. Гөлөм, гутал, эргүүлэг, оломны хэл гээд л хийдэг байсан. Та нар төвийн хүүхдүүд болохоор мэдэхгүй байх. Тэднийгээ дуурайгаад л жаахан юм хум оролддог байсан.

-Хотын залуусаас ч ганган залуу байсан гэл үү?

-Үгүй, үгүй. Тэр бол ёстой худлаа. Миний ганган гэж хаашаа харсан юм байх вэ /инээв/. Ёстой худлаа.

-Худлаа, худлаа. Төвийнхөн гээд байхаар чинь л тэгсэн юм. Тэр ч яах вэ. Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Нэг бүтээл бий. Ер нь өнгөрсөн зунаас ажилласан эхэлсэн нэг бүтээл бий, “Хөөмийний концерт” гээд. Их ач холбогдолтой бүтээл гэж бодож байгаа. Зайлшгүй бүтээх ёстой. Арай л дуусаагүй байна.

-Ямар сэдэвтэй, юун тухай бүтээл гэдгээ хэлж болох уу?

-Хөөмийг симфони найрал хөгжимтэй хослуулсан. Одоо манайхан чинь хөөмийг дангаар нь л тоглоод байна. Сайндаа л морин хууртай хослуулж тоглодог. Ноднин намайг уран бүтээлээ АНУ-д тоглуулж байхад захиалга өгсөн юм. Хөөмийг Европын симфони найрал хөгжимтэй хослуулсан бүтээл хийж өгөөч гэж. Мэдээж хэрэг энэ хоёрыг хослуулбал их сонин юм гарна. Тэрийг АНУ-ын нэг удирдаач анзаараад надад захиалсан юм. Тэгээд л энэ бүтээлийг боломжийн хийчих юмсан гээд нэлээд удаан хугацаанд суулаа.

-Тэгэхээр АНУ-д тоглох нь ээ. Захиалагч нь тэнд захиалсан юм чинь, тийм үү?

-Тийм. Захиалагч нь АНУ-д байгаа.

-Сүүлийн үед манай хөгж­мийн хамтлагууд гадаад руу их гарч байна. Зарим хамт­лагийг монголчуудаас илүү га­даадынхан мэдээд байх жи­шээний…

-Энэ их сайн хэрэг шүү дээ. Их аятайхан юм болж байна. Одоо поп одууд гээд л АНУ-д их сүртэй нөхдүүд гараад байна шүү дээ. Цаашаа хэдэн жил поп од гарах юм бэ. Магадгүй дараачийн одууд Азийн. Ази Азидаа ардын хөгжмийг мэргэжлийн болтол нь эзэмшсэн, тэрийгээ дэлхийн сэтгэлгээ, техникийн ололттой хослуулж чадсан хүн дэлхийн супер од болно гэж би төсөөлж, боддог. Та нар хар л даа. Өмнө нь миний “Хэрлэнгийн домог” гэж бүтээл тоглогдож байсан юм. Тэр дэлхийн хэмжээний алдартай театрт манай “Хөсөгтөн” хамтлаг “ВВС”-гийн урилгаар очоод тоглолоо. Яаж гайхан хүлээж авсаныг та бүхэн харсан шүү дээ. Яагаад ингэж хүлээж аваад байна вэ гэхээр Азийн урлаг чинь дэлхийд их сонин үзэгдэл болж гарч ирж байна. Дэлхийд алдаршсан Хятадын төгөлдөр хуурч Лан Лан гээд байна. Ер нь Азийн урлаг бол дэлхийн дараагийн урлагийн давалгаа болж гарч ирнэ. Тийм учраас л манай хөгжимчид мэргэжлийн өндөр түвшинд байгаасай. Хөөмий, уртын дууг яг мэргэжлийн мая­гаар  эзэмшчихсэн. Тэгээд тех­никийн ололтыг ашиглаж чадах юм бол дэлхийд од болоод л гараад ирнэ. Тэгэхийг хэн ч байг гэхгүй.

-Дуурь гэхэд чинь л мон­гол­чилбол Италийн так­си­ны жолоочдоос үүссэн гэдэг байх аа?

-Тийм. Манай хөөмий, ур­тын дуу, ер нь урлаг маань малчин хүний л урлаг шүү дээ. Бид бол их л том урлаг бү­тээсэн. Энүүгээрээ дэлхий да­хиныг дайлах ёстой гэж боддог. Тиймээс үүндээ зориулж дэл­хийн хэмжээний том том наад­муудыг хиймээр байна шүү дээ.

-Гадныхан бол тийм наа­дам их зохион байгуулна биз?

-2000-аад оны үед Японы Засгийн газар ивээн тэтгэсэн Азийн орнуудын симфони найрал хөгжмийн наадмыг Токиод хийж байхыг харсан. Би өөрөө Улсын филармонийн симфони найрал хөгжимтэй цуг очиж оролцсон юм. Симфони найрал хөгжмийн чинь бүрэлдэхүүнд хэдэн хүн багтдаг билээ?

-Зуу орчим хүн байх аа?

-Хамгийн цөөн хүнтэй очсон манайх л гэхэд 80 гаруйлаа оролцсон. Өөр улсын том найрал хөгжмүүд гэхэд л 120-150 хүнтэй. Тэгэхэд Азийн долоон том оркестрыг урьсан юм. Бодоод үз л дээ. Хэдэн хүн оролцож, ямар их зардал гарах вэ. Тэр бүгдийг Засгийн газар нь гаргаж, урлагт тэгж их мөнгө хаяж байна. Төрөөс нь сонсогчдодоо тийм юмыг үзүүлэх гэж анхаарч байна. Тийм болохоор л манайх бол дэлхийн жижиг хамтлагуудын наадмыг зохион байгуулах хэрэгтэй шүү дээ. Маш чадвартай жижиг хамтлагууд манайд олон байна.

-Тэрийг зохион байгуулах театраас эхлээд хэцүүдэх байх л даа?

-Хичнээн сая саяар нь л өөр зүйлд зарж болдог юм чинь сайхан театр барих л хэрэгтэй. Яг үнэндээ дуугаралтын хувьд дэлхийн жишигт хүрэх заал одоохондоо манайд байхгүй. Яваандаа тийм заалтай болох л хэрэгтэй.

-Театр гэдэг тухайн орны хөгжлийг харуулах бас нэг үзүүлэлт байх л даа, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Том үзүү­лэлт. Дэлхийн жишигт хүрсэн заалтай байхгүй бол дэлхийн том хөгжимчид манайд ирж тоглохгүй шүү дээ. Яагаад гэвэл шаардлага хангахгүй юм чинь.

-Азиасаа манайхан юугаа­раа ялгардаг юм бэ, зан ча­нарын хувьд?

-Монголын ялгаа нь эрх чөлөөтэй. Уртын дууг аваад үзье л дээ. Хүн дуулах болгондоо өөр өөрөөр дуулдаг. Хувь уран бүтээлчид хэзээ, хаана дуулж байна вэ гэдгээсээ хамаараад удаан барих гээд л маш их эрх чөлөөтэй.

-Таны хөгжмийг өөрчлөөд тоглож буй хүмүүст дургүй хүр­дэг л байх даа?

-Өөрчлөхдөө биш. Жишээ нь, миний зохиолыг яг тэр чигээр нь тоглоход л монголчуудын амьдрал, сэтгэлгээний эрх чө­лөө мэдрэгдэж байх ёстой гэж боддог.

-Мэргэжлийн хүний ху­вьд ямар нэгэн байдлаар хөгж­мийн бүтээл бичиж байхдаа ба­ригдах юм гарах уу. Заавал ингэх ёстой гэдэг ч юм уу?

-Баригдах явдал байдаг. Мэргэжлийн сургууль гэдэг чинь хүнийг барьдаг байхгүй юу. Гэхдээ энэ бэрхшээлийг давах шаардлагатай. Тэрийг давж л өөрийнхөө арга барилыг олно. Тэгээд өөрөө яг хэн юм, юу юм, чиний эцэг, өвөг ямар замыг туулсан гээд мах, цусандаа байгаа бүхнийг л бүтээлдээ шингээж өгөх хэрэгтэй. Ингэж байж л арга барил болно. Тэгээд түүнийг хүнд хүлээн зөвшөөрүүлэх нь чухал.

-Сүүлийн үед дуунууд нэг хэвийн болчихлоо гэдэг шүүмжлэл их гарах болсон. Та үүнийг юу гэх вэ?

-Жишээ нь, поп дуу гээд арга барил байна. Нийтийн дуу, рок ч гэдэг юм уу өөр өөр арга барил байна. Нэг арга барилаар бичсэн бүтээлүүд бол хоорондоо төстэй байдаг юм шүү. Нийтийн дуу болгон хоорондоо адилхан боллоо гээд л манайхан шүүмжилдэг ч бас арга байхгүй. Тэр адилхан байгаа нь муу хэрэг боловч адилхан байхаас өөр аргагүй.

-Тэр арга барилдаа баригд­даг байх нь ээ?

-Нэг арга барилаар хийж байгаа учраас баригддаг байхгүй юу. Чи бодоод үз.

-За.

-Яг мэдэхгүй хүнд бол уртын дуунууд хүртэл хоорондоо адилхан шүү. Хөгжмийн нарийн хэлээр бол IV өргө рүү, II өргө рүү ордог оролтууд байдаг. Тэр оролтууд бол ямар ч уртын дуунд заавал байж л байдаг. Энэ талаасаа нарийн судлаад үзсэн хүнд уртын дуунуудад адилхан юм бий. Яагаад адилхан байна гэхээр уртын дууны арга барилаар зохиочихсон уч­раас адилхан болж байна. Тийм учраас нийтийн дуунууд хоо­рондоо адилхан байна гэдгийг буруутгах хэцүү.

-Залуу үеийнхнээ юу гэж харах уу?

-Сайхан харагддаг. Сайхан бүтээл хийгээд явж байгаа олон залуус байна даа.

-Өөрийнхөө залгамж­лаг­чийг хэр бэлдсэн хүн бэ, та?

-Шавь нар бол байна шүү. Ер нь энэ мэргэжил чинь цөөхөн хүнийг хамардаг мэргэжил учраас цөөхөн, гэхдээ байна. Ууган шавь гэхэд л С.Соронзонболд гээд Төрийн соёрхолтой хөгжмийн зохиолч сууж байна. Х.Алтангэлэн от­гон шавьд минь тооцогдоно. Гэхдээ сайн хөгжмийн зохиолч. Бидний араас гарч ирж байгаа хүмүүсийн нэг л дээ.

-Нийгмээ дагаад төрийн шаг­­налыг олгох нь хүртэл өөрч­­лөгдөж байх шиг. Саяхан дуу­­чин Д.Болдод төрийн соёр­хол хүртээлээ. Та юу гэж бодсон бэ?

-Нийгмээ дагаад өөрчлөгдөх л байх. Миний хувьд дургүйцэх ч юм уу, тийм юм алга. Энэ бол төрийн бодлоготой холбоотой зүйл. Төрийг удирдаж байгаа хүмүүс урлаг, соёлынхоо талаар юу бодож байгаа юм. Түүнтэй л холбоотой шүү дээ.

-Ер нь байх хэрэгтэй юм уу. Майкл Жексон гавъяат цол­гүй л байхгүй юу гэдэг. Гад­ныхан болохоор эдийн засгийн хувьд илүү дэмжээд байх шиг?

-Ер нь бол ямар ч оронд байдаг юм. Гэхдээ тоо нь цөөхөн байх жишээтэй. Майкл Жексоныг ямар ч шагналгүй гээд л ярьдаг шүү дээ. Гэх­дээ шагналтай шүү. Уран бү­тээлчдээ урамшуулах нь хаа, хаагүй байдаг зүйл.

-Чөлөөтэй ярилцсанд баяр­­лалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

Үүгээр бидний яриа өндөрлөсөн. Түүнээс олныг асуумаар байвч надад үүнээс илүү цаг гаргах боломжгүй. Түүнийг дахиад олон мянга, биш ээ сая сая хүнийг байлдан дагуулах онгод нь хүлээж байгаа. Магадгүй тэр бидэнтэй түүгээрээ ярилцах байх. Ер нь өнгөрсөн хийгээд одоо, ирээдүйд тэр тийм л замаар харилцаж ирсэн. Тиймээс л түүний бүтээлийг дахин дахин сонсох сайхан. Уйлсан ч, ухаарлаа ч, баярлаж онгирсон ч. Бачууран бухимдсан ч сонс. Зүгээр л түүний хөгжимтэй ярилц. Тэгээд бод.

Л.НАРАНТӨГС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж