Бага ангийнхныг ”BUS”-тай болгоё-2

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Бага ангийнхныг ”BUS”-тай болгоё-2

“11 настай хүүхдийг мөнгөө төлсөнгүй гээд кондуктор нь түлхээд буулгасан байсан. Бээрчихээд мөнгөө хармаанаасаа гаргаж амжихгүй явахад нь шүү! Буусан хойноо хайсаар байж мөнгөө олж аваад дараагийн автобусанд суусан гэнэ лээ. Хүн чанар дутагдаж байна” гэж “АЭ” сонин, www.news.mn сайтын нэгэн зочин сэтгэгдлээ бичжээ. Улаанбаатар хотын захын хорооллын бяцхан сурагчид сурч, боловсрох хуулиар баталгаажсан язгуур эрхээ эдлэхийн тулд ид тачигнаж буй өвлийн хүйтэнд өглөө эрт гэрээсээ гарч, автобусанд багагүй зүдэрч сургуульдаа хүрч буй талаар өмнө сурвалжлан хүргэсэн билээ.

Үүний дараа Монгол Улсад хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудад хандсан юм.

-Харин тийм. Өрөвдөлтэй шүү дээ хөөрхий гэж хошуугаа цорвойлгон хүлээн авах ч “Бага ангийнхны автобустай болгох хүсэлт тавьсан байгууллага байхгүй л байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурдаг тусгай сургуулиудыг эхний ээлжинд автобустай болгоно гэсэн таатай мэдээ хүргэлээ. БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газар хотоо муу төлөвлөж буй Нийслэлийн хот төлөвлөлтийнхөөс үүнийг сайн шаардах хэрэгтэй гэлээ. Засгийн газрын доорх хэрэгтэй, хэрэггүй нь мэдэгдэхгүй олон агентлагийн “хурган дарга” нарт ийм хэмжээний асуудал тавих эрх байдаггүй бололтой. Тэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэдэг нэртэй тул Засгийн газраас шийдвэрлэсэн ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй гэв. Харин ирээдүйд сурагчдыг автобусаар үнэгүй зорчуулдаг болгоход анхаарах ёстой юм байна гэдгийг ойлгосон “дүр үзүүллээ”. Удахгүй сурагчдыг нийтийн тээврийн том оврын автобусаар үнэгүй зорчуулах тогтолцоонд шилжүүлэх талаар хөөцөлдөнө гэж Монголын хүүхдийн төлөө газар, БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газар “амалсан” байгаа. Гэхдээ эдгээр байгууллага автобусаар үнэгүй зорчдог иргэд ямар дарамттай байдгийг мэддэггүй бололтой. Виза-гаа шалгуулан, гэм хийсэн мэт кондукторын амыг харах оюутан залуусыг автобусанд өдөр бүр хардаг. Кондукторууд мөнгийг удирдлагууд нь урьдчилаад авчихсан гэдгийг мэддэггүй мэт аашилдаг. 200 төгрөгөө төлдөг хүүхдүүдийг аашилж загнадаг хойно үнэгүй болчихвол суулгахаа болих биз. Сурагчид автобусаар үнэгүй зорчлоо гээд асуудал шийдэгдэхгүй талаар манай сонины уншигчид үлдээсэн сэтгэгдэлдээ дурдсан.

-Мөнгөнөөс илүү автобус ирэхийг хүлээхийн хэцүүг хэлэх үү? Өрөвдмөөр шүү дээ ЕБС-ийн сурагчид. Энэ өвлийн хүйтнийг яана. Хар үүрээр цардмал зам дээр утаа уушиглан зогсдог. Өмссөн гутал нь хөлдөөд хөлөө дэвхцэхэд таг таг дуугарна…  гэсэн байлаа.

Мөн “микро”-нууд 16 хүртэлх насны хүүхдийг 200 төгрөгөөр зорчуулна гэдэг Нийслэлийн нийтийн тээвэртэй хийсэн гэрээгээ ямагт зөрчинө. Тэд хүүхэд зорчуулахаас татгалзана. Зорчуулсан ч 500 төгрөгийг нэхэж авч байгаа талаар Нийтийн тээврийн газарт “хов” дуулгасан. Нийтийн тээврийн газраас “Нийтийн тээврийн хэрэгсэл эцэг эхгүй ганцаар яваа хүүхдийг орхисон тохиолдолд манай санал гомдлын 326352 тоот утсанд том оврын автобус бол чиглэл, улсын дугаар, микро бол улсын дугаарыг нь, аль буудал дээр хэдэн цагт гэдгийг тодорхой мэдээлэх хэрэгтэй. Мэдээлсэн тохиолдолд бид хуулийн дагуу арга хэмжээ авна. Нийтийн тээвэрт үйлчилж л байгаа бол хуулийн дагуу үйлчлэх ёстой. Иргэд үүнийг мэддэггүй учраас гомдол бага ирдэг” гэсэн юм.

Бяцхан биедээ томдсон цүнх үүрээд сургуульдаа яарч буй сурагчдыг орхиж явсан автобус, “микро”-ны талаарх мэдээллийг дээр дурдсан утсанд мэдээлэх хэрэгтэй. Үүнийг эцэг эх, ах эгч хүний хувьд ирээдүй хойч үедийнхээ төлөө оруулж буй томоохон хөрөнгө оруулалт гэж ойлгоорой. Учир нь та тэр хүүхдийг илүү их даарахаас, багшдаа загнуулахаас, гэмт этгээдийн гарт өртөхөөс ч сэргийлэх юм. Бага ангийнхныг автобустай болтол та бүхний хамгийн сайн хийж чадах зүйл бол энэ.     

"Сургуулийн автобус" цуврал сурвалжлагуудын доор олон уншигч www.news.mn сайтад өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Тэдний заримаас товчлон хүргэе.

-Үүнийг хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй. Нэг бяцхан охин автобуснаас буухдаа унаснаас тархины наалдангитай болсон. Одоо татаж унадаг болсон тохиолдол ч байна. Сурагчдад зориулсан автобус бий болгох хэрэгтэй. Дээр нь оюутнууд нийтийн унаанд хөнгөлөлттэй билетээр зорчиж байхад сурагчдаас мөнгө авдаг гажиг тогтолцоотой.

-Бага ангийн хүүхдүүдийг автобустай болговол тэр ямаа, хонинд өгдөг мөнгөнөөс ч илүү ухаалаг зарцуулалт шүү. Энд тэнд шав тавьж шавар босгож явахаас ч илүү ухаалаг зарцуулалт. Хүүхдүүдэд автобус аваад өгчихсөн мөнгийг чинь ард олон лав шүүж хэлэлцэхгүй.

-Энэ сэдэв миний байнга бодож эмзэглэж явдаг зүйл. Энэ асуудлыг дээд түвшинд бодлого болгож шийдвэрлэх нь зөв. Үүний төлөө та бүгд тууштай ярих хэрэгтэй. Бид ч дэмжинэ гэдгээ илэрхийлж байна. Энгийн ардын хүүхдүүд өвлийн хүйтэн цагт өглөө оройдоо айх түгших зүйлгүй, өөрийн хүссэн сургуульдаа чанартай боловсролыг эзэмшдэг тийм л төрийн үйлчилгээ, боловсролын тогтолцоо хэрэгтэй байна.

-Манай шийдвэр гаргадаг дээдчүүдийн үнэн нүүр царай энэ. Хүүхдүүдийг яагаад ингэж байна вэ гэхээр тэд нарын төлөө сонгуульд санал өгөхгүй, өөрсдийгөө хамгаалж тэмцэж чадахгүй учраас дарга нар ингэж хандаж байна. Хүн хүнээ хайрлах ухамсар хүн чанар гэдэг юм монголчуудад байхгүй болжээ хөөрхий.

-10 жилийн сурагч байсан үе санаанд орчихлоо. Сургууль маань хол тул өглөө эрт харанхуйд гардаг. Гадаа хав харанхуй, хүйтэн. Яаж даарч явдаг байсан гээч. Тусгай автобусаар хүүхдүүдээ зөөж чадахгүй бол цагийн хуваарийг нь өөрчилмөөр юм. Хэд, хичнээн жаахан хүүхдүүд ямар гэмт халдлагад өртөж, яаж айж зовж хичээлдээ ирж очиж байгаа болдоо…

Сэтгэгдлүүдийг харахад бяцхан сурагчдыг өмөөрсөн, өрөвдсөнөөс гадна төрийн түшээддээ энэ асуудлыг анхааралдаа  авахыг шаардсан, хүссэн, анхааруулсан, зөвлөсөн, энэ талаар юу ч хийхгүй байгаад бухимдсан, эсэргүүцсэн, уурласан, шоолсон сэтгэгдэл  олон байсан.  Тэдгээрийн нэг нь

-Ямаанд мөнгө өгдөг төр ичиг ичиг, ямбатанд үйлчилдэг төр ичиг ичиг…

Б.ОЙНБИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж