Германы ерөнхийлөгч Кристиан Вульфыг тойрсон дуулиан өнгөрсөн арванхоёр дугаар сард Bild хэвлэлээр ноён Вульфын 2008 онд орон сууцны хөнгөлөлттэй зээл авсан тухай материал цацагдсанаар эхэлжээ. Түүнийг Саксоны захирагч байх үед нь эртний найз саятан Эгон Геркенсийн эхнэр 520 мянган евроны орон сууцны хөнгөлөлттэй зээлийг өгсөн байв. Зарим мэдээллээр түүний жилийн хувь 0,9-2,1 хувь байсан гэдэг. Ердийнхөөр бол 6–6,5 хувьтай зээлээс тэрээр 50-60 мянган евроны хэмнэлт гаргасан байлаа.
Сөрөг хүчин 52 настай улстөрчийг огцрохыг шаардав. Түүнийг эрх баригч эвсэл, канцлер Ангела Меркель өмөөрсөн ч дуулиан газар авсан байлаа. Сэтгүүлчид түүний талаар дахин баримт цуглуулсан бөгөөд сүүлийн 10 жилийн дотор ноён Вульф, түүний эхнэр Беттина амралтаа Герман, Итали, Испани, АНУ-д өнгөрөөхөөс гадна танил бизнесменүүдийнхээ жуулчны баазуудад үнэгүй амарч байжээ. Мөн тэр хоёр 2009 онд Флоридад очих онгоцны тийзээ эконлм зэрэглэлд аваад Air Berlin нисэх компанийн захирал Йоахим Хунольдын санал болгосны дагуу бизнес зэрэглэлд нь шилжин суухдаа зөрүү мөнгийг төлөөгүй байв. Тэд өнгөрсөн зун Audi Q3 машины урьдчилсан захиалга өгөөд эрэлт ихтэй машинаа жилийн дараа авах ёстой байсан ч Volkswagen концерн ерөнхийлөгчийн хосуудад тэр машины загвар зах зээлд гарахаас өмнө Audi Q3 машиныг прокатаар өгч байжээ.
Улстөрчийн байр сууринд сүүлийн цохилтоо нөгөө таблоид Bild хийн зээлийн талын материал хэвлэгдэхийн өмнө ерөнхийлөгч сэтгүүлийн удирдлага болон Axel Springer хэвлэлийн газарт шахалт дарамт үзүүлэх гэсэн гэж мэдэгдсэн байв. Энэ бүгдийн дараа олон нийтийн санал асуулгаар германчуудын 84 хувь нь ерөнхийлөгчийнхөө шударга гэдэгт эргэлзэж байгаагаа хэлжээ.
Пүрэв гаригт Ганноверийн прокурорын газраас ерөнхийлөгчийн дархан эрхийг түдгэлзүүлэхийг парламентад илгээсэн байв. Гэвч парламентын оролцоогүйгээр тэрбээр өнгөрсөн баасан гаригт албан тушаалаасаа огцорсноо зарлав. Ард түмний итгэл алдарсны улмаас миний цаашдын ажиллагааны боломжгүй боллоо гэж тэр мэдэгдсэн байв. Ноён Вульф жилдээ 199 мянган евроны цалин үүний дээр 78 мянган евроны нэмэгдэл авдаг байжээ.
Канцлер Ангела Меркель экс ерөнхийлөгчид хамтарч ажилласных нь төлөө талархал илэрхийлээд огцорсонд нь харамсч буйгаа мэдэгдэв. Гэвч Германы сонин хэвлэл канцлертай санал нийлэхгүй байна. Нөлөө бүхий Spiegel гэх долоо хоногийн сонин үүнээс бага хнэргээр ажлаас чөлөөлөгдөж байсан төрийн ажилтнуудын хэдэн жишээг нийтэлсэн байна. Тухайлбал, хэсэг хугацааны өмнө Доод Саксоны цагдаагийн хэсэг ажилтнууд нутгийн McDonalds зоошгийн газар ажлын өдрийн сүүлчээр ордог байсан тухай мэдээлэл өгсөн байв. Зоогийн газрынхан тэдэнд зарагдаагүй үлдсэн гамбергерүүд уутлан өгдөг байсан гэнэ. Эцэст нь тэднийг буруутгаагүй өнгөрсөн юм. Гэхдээ хэрэг мөрдөгдөж байсан хоёр жилийн дотор тэдний цалин хөлсний нэмэгдлийг хассан байжээ. Одоо тэд дарга нартайгаа зарга үүсгээд байгаа.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Германы Дотоод хэргийн яам мөнгө ба үнэт эдлэл бэлгэнд авахыг төрийн албан хаагчдад хориглосон журмыг гаргасан юм. Ямари нэгэн бэлгийн үнэ нь 10 евроноос хэтрэхгүй байх ёстой гэнэ. Ганноверийн прокурор ерөнхийлөгч асаны хэргийг нээсэн байв. Ерөнхийлөгчийн дархан эрх дууссаны дараа мөрдөн байцаах ажиллагаа шууд автоматаар эхэлж байна.
Хэрэг нээгдтэл мөрдөн байцаагчид гэрч нараас мэдүүлэг авах баримтууд цуглуулах эрхгүй байжээ. Кристан Вульфын үйлдэлд шунал байсан уу, бизнесменүүдийн ийм үйлчилгээ нь шийдвэр гаргахад нөлөөлсөн үү гэх асуудлын хариуг түүний ерөнхий сайд нь байсан Доод Саксоны нийслэл Ганновер хотын прокурор олох ёстой.