Сүхбаатар дүүрэгт орших Сэлбэ голын сав газарт 80 орчим машин хог асгасныг иргэд эсэргүүцсэн талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл дээрх хэсэгт асгасан хогийг өнөөдөр өглөөний 08.00 цагаас эхлэн Улаанчулуутын хогийн цэг рүү зөөвөрлөж эхлээд байна. Сэлбийн сав газарт хог хаягдлыг буулгаад байсан “Сүхбаатар Дэвшил” улсын үйлдвэрийн орлогч дарга М.Батхуягаас энэ талаар тодруулахад, “Өнөөдөртөө багтааж бүх хогийг зөөж дуусгахаар ажиллаж байна” гэлээ.
Энэ асуудлаар иргэдээс өргөдөл, гомдол ихээр ирсэн тул өчигдөр Сүхбаатар дүүргийн хог хаягдлын хэлтэс болон Улаанбаатар хотын Захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн ажилчид газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцаад хогийг Улаанчулуут руу яаралтай зөөхийг үүрэг болгосон юм.
Д.Жаргалсүрэн