Ойрын өдрүүдийн улс төрийн явдал

Хуучирсан мэдээ: 2012.02.19-нд нийтлэгдсэн

Ойрын өдрүүдийн улс төрийн явдал

Туулай жил шувтарч, луу жил гарах зааг дээр улс төрийн хүрээнд үйл явдал арвин байна. Сар шинэ болох гэж байгааг анзаарсан шинжгүй шижигнэж байна, манай улстөрчид. Хэдийгээр УИХ-ын намрын чуулган өндөрлөж, ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын эх болтол хойшлуулсан ч улстөрчид халуун фронтоос ар талд шилжих хүсэлгүй байгаа нь сонгуулийн жилийн онцлог гэлтэй.

Туулай жилдээ багтаж АН дотор хоёр ч фракц мэндэллээ. “Шонхор” фракцынхан баруунтан дотроо барууны үзэлтнүүдийг нэгтгэсэн бол “Мөнх тэнгэр”-чүүд залуу улстөрчдийг сонгуульд уриалан дуудах зорилготой. Аль аль нь зүүний үзэл рүү намаа халтирч орохоос сэргийлэх юм гэсэн. Ардчилсан хүчний холбоо хуралдаад удаагүй байхад МоАХ дөрөвдүгээр их хурлаа хийлээ. Хоёулаа ардчилал “буруу эргэлт” хийгээд байгааг шүүмжилж цагаан морин жилийн хувьсгалаа давтахыг уриаллаа. Ардчилсан хүчний холбооны хурал дээр УИХ-ын гишүүд зэрэг арай ахиу тушаалтнууд цугласан бол МоАХН-ны хуралд ардчилсан хувьсгалын партизанууд цугларч 22 жилийн өмнө хөхөө өвлийн хүйтэнд жагсч, тэмцэж явсны утга учир алдагдаад буйг шүүцгээж, ардчиллаа аврахын төлөө шударга сонгуульд уриалав.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд намрын чуулган өндөрлөсөн хэдий ч тарж явах хүсэлгүй байна. Сонгуулийн амлалтаасаа бултаж, иргэдэд бэлэн өгөх нэг сая төгрөгийг Тавантолгойн ордын хувьцааны 20 хүртлэх хувиар барьцаалан аль ч үгүй болгоод, сар шинийн өмнө хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “алчуур болгоод өгчихнө” гээд байсан нэг сая төгрөг, төрийн албаныхны цалингийн нэмэгдлийг батлах төсвийн тодотголоо ч хийлгүй арилж одсон МАН-ын ангийн нөхдөө хурдан цугларч хойш тавьсан асуудлуудаа нэн даруй хэлэлцэхийг тэд шаардан мэдэгдэл гаргалаа. Гэвч МАН-ын бүлгийнхэн гуравдугаар сарын 5 хүртэл “баяртай” гээд тойрог тойрог руугаа гараад өгсөн. Орон нутгийн сонгуулийг зун УИХ-ынхтай хамтатгах, эс бол намар тусад нь явуулах нь ч ээлжит бус чуулган хуралдахаас нааш тодрох боломжгүй хоцров. УИХ-ын дарга намрын чуулган хаав уу, үгүй юү тойрог руугаа гараад өглөө. Түүн шиг ойрхон ойрхон тойргоо эргэдэг нутаг амьтай гишүүн ховор л байх аа даа.

МАН-ын залуучууд бас зүгээр суусангүй, Намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхээс Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн “Ардчилсан засаглал:1206” номыг уншиж алдаа илрүүлэх том даалгавар авсан сурагтай.  АН-ын дарга алдаатай ном гаргасан бол “Ичиг ичиг” буланд тавих юм байх.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулахаар болж Р.Гончигдорж, Э.Бат-Үүл нар төлөөлөн УИХ-ын дэд дарга Г.Батхүүд тогтоолын төсөл өргөн бариад байна. Мэргэн буучдын рот байгуулах, Улаанбаатар цэргийн хүрээний ангиудыг байлдааны бэлэн байдалд оруулах  хачин төлөвлөгөө нь ийнхүү ажлаа аваад сар ч болоогүй шинэхэн сайдыг огцруулах санал тавих шалтгаан болжээ. Ингээд УИХ-ын ээлжит бус чуулганаар шинэхэн сайдыг буулгах эсэхийг хэлэлцэх асуудал нэмэгдлээ.

Монгол Улсаа төлөөлөн есөн оронд суух элчин сайд нарыг УИХ томиллоо. Мэргэжлийн дипломатчид голдуу, бас олон удаа УИХ-д сонгогдсон төрийн сайд эмэгтэй шигтгээ болсон энэ багийг эрхэм гишүүд илүү дутуу зан гаргалгүй томилж элчээр мордуулахаар болов.

Парламентад суудалгүй таван нам нийлж УИХ-ын сонгуульд орохоо мэдэгдлээ. МАХН, МҮАН, БНН гээд хуучин УИХ-д сууж байсан дарга нартай намууд хамтарч ирэх зуны сонгуульд тоосоо үзэхээр болов. Хамгийн сонирхолтой нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд хоорондоо өрсөлдөн манаргаж явсан дөрвөн эрхмийн гурав нь уг бүлгийн дээвэр дор нэгдчихэж байгаа юм. Н.Энхбаяр, М.Энхсайхан, Б.Жаргалсайхан гурав долоон жилийн өмнө хужаа, эрлийзээрээ дуудалцан манаруулж явснаа цайруулан ирэх УИХ-ын сонгуульд нэгэн буулга дор зүтгэхээр болов. Уг нь сураг тасраад байгаа Эх орон намын Б.Эрдэнэбат нийлсэн бол дөрвүүлээ нэг тал болохгүй юү.

Энэ зуур УИХ-ын намрын чуулганаар баталсан хоёр гол хуулийн нэгд Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавьж, Үндсэн хуулийн Цэц УИХ-ын сонгуулийн хуулийн хуулийн зарим хэсэгт маргаан үүсгэчихлээ. Ерөнхийлөгч Сонирхлын зөрчилтэй тэмцэх хуулийн хэрэгжүүлэх хугацааг долдугаар сараас биш тавдугаар сараас болгон наашлуулахаар хориг тавьсан бол Цэц “Сонгуулийн хуульд УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн ч 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг гишүүнээр сонгогдсонд тооцож болохоор хуульчилсан нь Үндсэн хууль зөрчлөө” хэмээн  маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ. Өвдгөндөө шороотой бөх туг тойрох заалт ийнхүү Сонгуулийн хуулиас хасагдаж мэдэхээр болов.

Бурхан багшийн шүдийг Ерөнхий сайдад толилуулсан, хутагт хувилгаадын хойд дүр есөн залуу Энэтхэгээс морилон Шадар сайдад бараалхсан гээд төр, шашныг хослуулсан их ажил ч сүүлийн өдрүүдэд өрнөв. Ойрын өдрүүдэд улс төрийн явдал сонирхолтой, халуун болж байна. Сонгууль дөхсөний шинж юм даа.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж