Уитни Хьюстонг эцсийн замд нь үдлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.19-нд нийтлэгдсэн

Уитни Хьюстонг эцсийн замд нь үдлээ


Балчирхан охин байхдаа гайхалтай авьяаслаг дуу хоолойгоороо цугласан олныг бишрүүлж байсан Нью-Жерси мужийн сүмд нэрт дуучныг эцсийн замд нь үдлээ.


Уитни Хьюстонтэй салах ёс хийх ёслол Нью-Жерси дэх “Шинэ итгэл” нэртэй баптист сүмд болж байна. Оршуулгын ёслолд нэрт дуучны ойр дотны гэх 1500 хүн оролцжээ. Харин түүний үнэнч шүтэн бишрэгч, хайрлаж, хүндэлдэг үзэгчид сүмийн гадна цуглаж, мянга мянган бөмбөлөг хөөргөжээ.


Нэрт дуучны шарилыг алтлаг өнгөтэй машинаар сүмд авчирсан байна.


Оршуулгын ёслолд хамгийн түрүүлж ирсэн эрхмүүдийн нэг нь Хьюстоны гэр бүлийн найз, санваартан Жессе Жэксон байлаа.


Уитни Хьюстоны оршуулгын ёслолд зөвхөн урилгын зочдыг оролцуулж байна. Стиви Уондер, Алиша Кийс, Ар Келли зэрэг оддоос гадна сүмийн алдартай найрал дуучид хүрэлцэн иржээ.


Нью-Аркт болж буй оршуулгын ёслол хэвлэлийнхний хувьд хаалттай. Гэхдээ нэрт дуучны оршуулгын ёслолыг сурвалжлахаар дэлхийн өнцөг булан бүрээс сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчид ирсэн байв.


Хэдийгээр дотогш орох боломжгүй ч сүмийн гадна Уитнигийн фенүүд эмгэнэл илэрхийлсээр… Уитни Хьюстоны оршуулгын ёслолыг мэдээллийн томоохон агентлагууд онлайнаар шууд дамжуулж байгаа юм.


Сүмийг бүслэн цагдаа нар хамгаалалтад гараад буй хэдий ч зарим нэг нь Уитни Хьюстонтой холбогдох дурсгалын зүйлс худалдаалж буй ажээ.


Уитни Хьюстон өнгөрсөн долоо хоногт Беверли Хиллс зочид буудалд 48 насандаа таалал төгссөн билээ. Нэрт дуучны үхлийн шалтгааныг одоогоор эцэслэн тодруулаагүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж