Сэлбийн жалгыг цэвэрлэхийг үүрэг болгов

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Сэлбийн жалгыг цэвэрлэхийг үүрэг болгов

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт орших Сэлбэ голын сав газарт өнөөдрийн байдлаар 80 орчим машин хог асгасан хогийн шинэ цэг үүсээд байгаа. Албаны хүний мэдээлснээр Сэлбийн жалганд “Дэвшил” улсын үйлдвэр нь өдөрт 20-иос доошгүй машин хог асгадаг. Тус байгууллагын орлогч дарга М.Бахтхуяг “Өнөөдөр, маргааш манай хороод бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ. Цэвэрлэгээнээс бас их хэмжээний хог гарах байх. Тэгээд л бөөндөж байгаад асгах бодолтой байна даа” гэх тайлбар хийсэн юм. Энэ асуудлаар иргэдээс өргөдөл, гомдол ихээр ирсэн тул Сүхбаатар дүүргийн хог хаягдлын хэлтэс болон Улаанбаатар хотын Захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн ажилчид газар дээр нь очиж, нөхцөл байдалд хяналт тавьжээ. Улмаар тус газрыг урьд нь ямар байсан яг тэр цэвэрхэн байдалд нь буцааж оруулахыг үүрэг болгосон байна.

Маргааш 08.00 цагаас эхлэн тэнд байгаа хогийг эрчимтэйгээр Улаанчулуутын хогийн цэг рүү зөөвөрлөж эхлэх ажээ. 

                            Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж