Энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос иргэддээ тэгш хүртээх хуулийг батлан гаргасан билээ.
Тухайлбал, УИХ-ын 2011 оны 57 дугаар тогтоолд “Эрдэнэс-Тавантолгой” компаний нэг сая төгрөгтэй тэнцэх үнэ бүхий хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж 2012 оны хоёрдугаар сарын 1-ний дотор хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан боловч МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдоор толгойлуулсан Засгийн газар өнөөдрийг хүртэл ямар ч ажлыг хийж эхлээгүй байна.
Өнөөдөр төгрөгийн ханш сулран бензин болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсч иргэдийн нуруун дээрх дарамт ихэссэн энэ цаг үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 27 гишүүн намрын чуулганы хуралдааныг шууд үргэлжлүүлж хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэх санал гаргасан. Харамсалтай нь УИХ-ын олонхийг бүрдүүлэгч МАН завсарлага авч Улсын Их Хурлын намрын чуулганыг хаалаа.
Ардчилсан Намын бүлгийн гишүүдийн шаардлагын дагуу цагаан сараас өмнө УИХ-ын чуулган хуралдах боломжтой байсаар байтал УИХ-ын дарга чуулганыг гуравдугаар сар хүртэл хуралдуулахгүй байх захирамж гаргасан байна. Үүнийг иргэдийн өмнө тулгарч буй олон хүнд асуудлуудыг цаг хугацаанд нь шийдвэрлэхгүй, санаатайгаар хойшлуулсан эрх баригчдын туйлын хариуцлагагүй үйлдэл гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна.
Иймд “Эрдэнэс-Тавантолгой” компаний нэг сая төгрөгтэй тэнцэх үнэ бүхий хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх асуудлыг бодит ажил хэрэг болгохыг Засгийн газраас шаардаж байна. УИХ ч нэн даруй хуралдаж төгрөгийн ханш уналт, өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөл, орон нутгийн сонгуулийн хууль зэрэг асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай байгааг мэдэгдэж байна. УИХ дахь Ардчилсан Намын бүлэг эдгээр ажлуудыг цаг алдалгүй шуурхай шийдэхийн төлөө хатуу байр суурьтай байгаагаа дахин мэдэгдэж байна” гэжээ.