Улаанбаатарын алдарт утаа

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатарын алдарт утаа

Америкийн Ерөнхийлөгч баруун гараа
өргөлөө, буулгалаа… Монгол алдаршлаа. Хоромхон зуур болоод өнгөрсөн
үйл явдал, америкийн баахан чалчаа нэвтрүүлгүүдийн (talk show) амны
зугааг гаргаж, Монголын Улсын Ерөнхийлөгчийг “алган нүүртэй” болгов.

Харин
манай Ерөнхийлөгч Монголд ирсэн хойноо, Барак Обама миний нүүрийг
тагласан ч Монголын нүүрийг таглаагүй гэж жинхэнэ ардчилсан
Ерөнхийлөгчийн байр сууринаас өнгөрсөн үйл явдлыг тайлбарлав. Үнэхээр
Обамагийн баруун гар эх орныг маань бас Ерөнхийлөгчийг маань
алдаршуулав. Сохорсон биш завшив гэдэг шиг л юм болов.

Олны танил
болох нь маш чухал болсон өнөө үед ямар нэг аргаар алдаршина гэдэг
хүлээн зөвшөөрөгдөхийн нэг хэлбэр. Хэрэв Обама баруун гараа өргөөгүйсэн
бол, хэрэв ард нь манай Ерөнхийлөгч зогсоогүйсэн бол манай улс болон
Ерөнхийлөгчийг маань америкийн зурагт, сонин хэвлэлээр онцгойрч гарахгүй
л байх байсан. Тэгэхээр Обамагийн баруун алганд талархая.

Улаанбаатарын
бохир агаар бол бидэндээ “Обамагийн баруун савар” юм. Учир
нь…тайлбарлаад байх шаардлага бий юу? Бүгд л мэдэж байгаа шүү дээ.
Байсхийгээд л олон улсын нэр хүндтэй байгууллагууд Улаанбаатар хотыг
дэлхийд хамгийн их агаар нь бохирдсон хотоор цоллож алдаршуулах боллоо.
Хамгийн сүүлд, өнгөрсөн сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
нийслэлийг маань бас “алдаршуулав”. Иран, Энэтхэг, Пакистан гэх зэрэг
нэг хотынх нь оршин суугчид Монголын нийт хүн амаас хэд дахин илүү
эдгээр улсын хотуудтай манай нийслэл эн зэрэгцэн агаараа бохирдуулсан
гэнэ.

Бид ч үүнд бүр дөжирчээ. Бохир агаараас болж хэдэн ч хүн
өвдөж, хэдэн ч хүүхэд дутуу төрж байгаа юм, тооцоолоход бэрх. Олон жил
агаарын бохирдлыг ярилаа, бичлээ, тэмцлээ. Агаарын бохирдлыг бууруулах
гэж их ажиллав. Гэвч хэдхэн жилийн дараа агаарын бохирдол буурна гэдэгт
итгэх хүн цөөхөн л байна.

Гэхдээ энэ гол нь биш. “Азийн цагаан
дагина” маань алдаршсан нь чухал. Түүнээс биш дөрвөн уулын дунд
“халтартаж” харагдах нийслэлд маань өөр цоллуулчих шаанс байна уу.
Байхгүй. “Ангайсан” траншей, угаартсан хэдэн модоо л гайхуулах гээгүй юм
бол манай нийслэлийг Азийн цагаан дагина гэх хүн бараг олдохгүй шүү.
Үүнийг бид заавал гадаадынхнаар хэлүүлэлтгүй мэдэхийн дээдээр бүгд
мэднэ. Гадаадад явж ирсэн хүмүүс бүр ч сайн мэднэ. Эрээн очоод ирэхэд л
илд анзаарагдана. Дарга нар бол хэнээс хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ил
хэлэхгүй л болохоос… Сонгууль дөхөхөөр дарга нар их гадаад явна. Зөв
шүү дээ. Сонгуулийн дараа юу ч болох юм билээ. Төсвийн мөнгөөр газар
үзэж хамгийн тансаг зочид буудалд тухлаж жаахан ч атугай уушиг нь дахь
угаараа цэвэр агаараар сэлгэвэл урт насална л гэсэн үг. Боломжтой бол
нэг ч гэсэн монгол хүн эрүүл энх байг л дээ.

Зөвхөн эд ч биш.
Хөдөөнөөс ирсэн бор царайтай малчин бүсгүй Улаанбаатарыг бас голж
байнаа. “Нийслэл гээд нэх гоё юм бодоод ирсэн чинь гаднаа гяланцаг,
дотроо пяланцаг газар байна” гэнээ. Үнэн шүү дээ. Үнэн гэдгийг
нийслэлийнхэн бүгд мэднэ. Дарга нар баахан мөнгө ярьж хотын үзэмж
сайжирлаа гэдэг ч хот маань эмх замбараагүй, согтуу хүн барьсан аятай л
байдаг. Үүнийг бүгд зөвшөөрнө. Ил хэлдэггүй л болохоос… Дуулж хуурдаж,
наргиж цэнгэхдээ л бид үзэсгэлэнт Улаанбаатар гэдэг. Харин гадаадын
жуулчдыг эх орондоо урихдаа Улаанбаатараа дурсдаггүй. Онгон байгаль,
Чингис хаанаараа л “далалдаг”. Улаанбаатараасаа харин ичдэг. Гэхдээ яах ч
аргагүй Улаанбаатарын онгоцны буудалд буулгаж, мордуулдаг болохоор
яалтай билээ.

Албан ажлаар ирсэн нэгэн шар толгойт уушийн газар толгой сэгсэрч
“Улаанбаатарт ямар ч зохион байгуулалт алга. Цэгцтэй гудамж алга. Хэлд
ороогүй жаахан хүүхэд лего тоглоомоор хот барьсантай адилхан” гэж байна.
Үнэн. Жаахан хүүхэд эвлүүлдэг тоглоомоороо хот барьвал юу болох уу?
Төсөөлөлж байна уу. Төсөөлөхгүй бол Улаанбаатарыг төсөөл…
Улаанбаатарт
нэр устай гудамж ховор. Нэргүй гудамжууд нийслэлийг гутааж байна.
Нэргүй болохоор нь хэн ч гудамж, гудамжны соёлыг хүндлэхгүй юм. Бид
хотын соёл гэж их ярьдаг. Гэтэл хотын соёл гудамжнаас л эхэлнэ. Гудамж
нь хоёр дахь гэр шиг бол хотын соёл бий болно. Хаа ч гэж харин гэр
хорооллуудад жирийтэл эгнэсэн гудамнууд байх юм. Хотын байшинтай хэсэгт
бол мөнгөтэй, хор найруулах чадалтай хүмүүс байшин барилга бариад
нийслэлийг төөрдөг байшин шиг болгоод хаячихлаа. За барих нь дүүрч,
харин хүн хаагуур явах вэ? гэдгийг л бодолцоосой…

Уул уурхай,
онгон байгаль, Улаанбаатарын утаа гурав Монголыг алдаршууллаа. Уул
уурхайн гэдэг бол мөнгө гэсэн үг. Тэгэхээр мөнгөөр далалвал хэн ч гэсэн
хаана ч гэсэн зориод очно. Үүнийг энэ жил зохион байгуулсан олон уул
уурхайн чуулга уулзалт баталлаа. Бас манайд ирсэн дэлхийн олон орны
дарга нар давхар батлав. Харин тэд Чингис хаан онгоцны буудлаас төрийн
ордон хүртэл машинаар давхихдаа юу боддог бол “Ийм аймаар хоттой улс.
Ингэж томрох” гэж гайхдаг болов уу.

Яармагаар өнгөрөхөд л гэр
хороолол үзэгдэнэ. Мөн машины угаар, гэрийн утаа, үйлдвэрийн хаягдлаас
болж цонхийж сүр жавхаагүй болсон модод харагдана. Улаанбаатарын
жавхаагүй, үзэмжгүй, мухар гартай хүн шиг болгоод тайрчихсан модыг
хараад, модыг хүн шиг хүндэлдэг гадаад хүмүүсийн сэтгэл нь эмзэглэж
байгаа. Үнэн шүү. Японы “Жайка” байгууллагад ажилладаг нэгэн япон “Мод
зун ч, өвөл ч үзэмжтэй сайхан харагдах ёстой. Модыг тайрахдаа үүнийг
бодолцох ёстой. Гэтэл танайхан хэтэрхий тайрчихдаг тул навчгүй үед нь
харахаар өрөвдмөөр байдаг” гэж байна лээ. Тэгэхэд нь би бодож байлаа.
Ингэж хэтэрхий тайрснаас болж бас модод үхэж байна уу гэж. Хэрэв
Улаанбаатарын автозамын дагуу ургах моддыг сайн харвал өвчтэй, бүр
“босоогоороо” үхчихсэн мод олныг харна. Нэгдүгээр хорооллоос баруун
дөрвөн замд хүрэх замд бол ийм “талийгаачууд” олон. Хавар, намар, зун,
өвөл өнгөрөөд л байдаг. Гэтэл тэднийг аваад “амраачих” сэтгэлтэй хүн
ховор л байна. Харангатсан уу, угаартсан уу шалтгааныг нь ч олоосой.
Үхсэн модод хүний сэтгэл ч дутсан байх. Бид модоо асарч, хайрлаж,
хамгаалахгүй юм бол тариад ч яах билээ… Мод бол агаарын бохирдлын
эсрэг бидний урдаа барьдаг нэг зэвсэг шүү дээ. Улаанбаатарчууд агаарын
бохирдлоо хэмжих ч шаардлагагүй. Гудамжинд ургасан моддоо харахад л
хангалттай. Заримын маань уушиг ч хорчийсон халтар навч шиг болсон
байгаа.

Уушгийг маань хорчийсон навч шиг болгосон гол буруутан нь
утаа гэж байгаа. Утаагаар нийслэлчүүдийг утдаг гол буруутан нь гэр
хорооллынхон гэж байгаа. Бүр тодруулвал монгол гэр. Хорин нэгдүгээр зуун
гараад монгол гэр “чимээгүй ад үзэгдэв”. Бүгд л монгол гэрийг ад үзэж,
гэр хорооллыг орон сууцжуулах хэрэгтэй гэж ярих боллоо. Тэгэх тусам нь
үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг шиг өвөг дээдсийн маань өвлүүлж өгсөн
эсгий гэр Улаанбаатарыг утаагаар утаж (хүйтний улиралд) бас дэлхийд
алдаршуулав. Эсгий туургатныг нэгтгэж, Чингис хаан Монголыг нэг
алдаршуулсан. Харин одоо Чингис хаан үгүй ч эсгий гэр Улаанбаатарыг
алдаршууллаа. Алдаршуулахдаа жаахан буруу талаас нь алдаршуулчих шиг
боллоо. Олигтой том үйлдвэр ч байхгүй, цөөхөн хүн амтай атлаа дэлхийн
хамгийн бохир агаартай хот гэж Улаанбаатарыг “хаданд гаргав”.

Гэхдээ
монгол гэр буруутай гэж үү? Монгол гэрт буруугаа тохвол алдас болно.
Эзэн болсон бидний л арчаагүйнх. Байгальд хамгийн ээлтэй монгол гэрийг
агаарт хамгийн аюултай болголоо. Шавар байшинд шавааралдан суудаг гэж ад
үзэгдэж байсан улсууд хамгийн цэвэр агаарыг амьсгалж байна. Гэтэл бид
ганц зуух ч сольж чадахгүй. Хэрэв тэгвэл ядахнаа монгол гэр утаа
үйлдвэрлэдэг гэж ад үзэгдэхгүйсэн. Монголын Мянганы сорилтын сангийн
Цэвэр агаар төсөл утаагүй зуухыг, америкийн ард түмний татварын мөнгөөр
хямдруулж зуу хүрэхгүй мянган төгрөгөөр нийслэлийн зарим гэр хорооллын
хороодод борлуулсан. Дараа нь манай Цэвэр агаарын сан дэмжлэг үзүүлж
утаагүй зуухыг Хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөгөөр бараг авах
боломжтой болгосон. Гэтэл ажил нэг л урагшлахгүй байна. Дарга нар их
бүтээн байгуулалт гэсээр энэ сайхан санаагаа бүрэн хэрэгжүүлэхгүй байна.
Олон санаа оргож бусгадаг шүү.

Цэвэр агаар төслийнхөн утаагүй
зуух хямдарсан үнээр зарахдаа хуучин зуухыг сольж өгч байгаа нь утаагүй
зуух борлогдохгүй байгаагийн нэг шалтгаан болж байгаа билээ. Иргэд гал
голомтоо өгөхгүй гээд утаатай зуухаа утаагүй зуухаар солих дурамжхан
байгаа аж. Үүнийг гэр хорооллын иргэдэд зөвөөр ойлгуулж ухуулах хэрэгтэй
байна. Гал голомт бол өсөн дэвшиж байх учиртай. Орон сууцанд амьдардаг
зуухгүй айл ч гал голомттой. Тиймээс зуун жилийн өмнө тулгатай байсан
эсгий гэр, зуухтай болсон, харин одоо утаагүй зуухтай болвол дэвшил биз
дээ.

Мөн бас нэг чухал зүйл бол өвөг дээдсийн өв соёл болсон
монгол гэрийн “имижийг” аврах нь монгол хүн бүхний үүрэг. Нэгэнт л
нийслэлийн утааны жар далан хувийг үйлдвэрлэдэг гэр хорооллын (монголын
нийт хүн амын 45 хувь нь зөвхөн эсгий гэрт амьдардаг) айлуудыг хоёр,
гурван жилийн дотор орон сууцанд оруулж чадахгүйгээс хойш монгол гэрийн
зуухыг утаагүй болгох нь хамгийн эхэлж хийх арга хэмжээ мөн. Ер нь
зөвхөн Улаанбаатарын гэлтгүй, цаашдаа, монгол гэрт утаагүй зуух тавих
ёстой гэсэн стандарттай болмоор юм. Мэдээж утаагүй зуухыг илүү монгол
ахуйд тохируулах хэрэгтэй. Мөн муу амьдрахаас сайн үх гэдэг. Ингэж бүгд
монгол гэрээ чимээгүй ад үзэж байхаас ойрын ирээдүйд хот суурин газар
эсгий гэрт амьдрахыг зохицуулсан хуультай ч болмоор байгаа юм. Эс
тэгвээс “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юмсан” гэдэг
алдартай мөр “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л чамайг хордуулна даа”
гэж ойлгогдох гээд байна шүү дээ… Монгол гэрийнхээ нэр төрийг аврах нь
бидний үүрэг гэдгийг дахин сануулъя… Эсгий гэрээс гарах утааг
багасгаж чадвал Улаанбаатарын нэг алдар хасагдах ч монгол гэр нүд
үзүүрлэгдэхгүй, нэр хүндтэй байх болноо.

http://mongolchuud.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж