Сургалтын үеэр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Стратеги, төлөвлөлтийн газрын дарга Н.Аюуш “Тэтгэврийн тогтолцооны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэх арга зам”, Тэтгэврийн ууган сангийн гүйцэтгэх захирал Р.Батсүрэн “Хувийн тэтгэврийн системийн Монгол дахь үүсэл санаачилга” сэдвээр, ҮХШХ-ны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын орлогч дарга Ж.Жаргалсайхан “Монгол хүний хөгжлийн нэгдсэн сангийн тухай” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Нийгмийн хамгааллын хэрэгсэл бол тэтгэврийн тогтолцоо хэмээн онцолж буй энэхүү сургалтын үеэр нийгмийн суурь тэтгэврийн тухай хэлэлцсэн нь ихээхэн сонирхол татсан юм. Суурь тэтгэврийн дээд хэмжээ нь амьжиргааны доод төвшнөөс ихгүй байх бөгөөд Нийгмийн халамжийн тухай шинэ хуулиар 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч чадахгүй бол нийгмийн халамжийн тэтгэвэр авах эрхтэй болсон байна. Энэхүү хуулийг УИХ-аар хэлэлцэн баталвал нийгмийн халамжийн, тэр дундаа тэтгэврийн хүртээмжийн асуудал шийдэгдэх болов уу хэмээн сургалт зохион байгуулагчид болон оролцогсод онцолж байсан.
Одоогийн байдлаар нийгмийн хамгаалалд шаардлагатай байгаа тэтгэвэр тойрсон асуудлуудыг шийдэх гарцыг “Тэтгэврийн тогтолцоо нийгмийн хамгааллын хэрэгсэл болох нь” сургалтын үеэр ахмад настны нийгмийн баталгааг хангах зорилгоор тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн тогтолцоог параметрийн хувьд өөрчлөх, тэтгэврийн нөөц сан бий болгох хэмээн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Стратеги, төлөвлөлтийг газрын дарга Н.Аюуш илтгэлдээ дурдаж байлаа.