Их аварга Хакухо ирээдүйн аваргуудыг бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Их аварга Хакухо ирээдүйн аваргуудыг бэлтгэнэ

Монголын сумо бөхийн холбооны менежер Ө.Төгөлдөртэй уулзаж ярилцлаа. Тус холбооноос “Ирээдүйн аваргууд” хүүхдийн сумо бөхийн барилдааныг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа юм.

-Энэ жилийн “Ирээдүйн аваргууд” тэмцээн их аварга Хакухогийн нэрэмжит болж байгаа гэл үү?
-Тийм ээ. “Ирээдүйн аваргууд” хүүхдийн сумо бөхийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн наадам маань ёкозуна Хакухогийн нэрэмжит болж зохион байгуулагдах юм. Мөн энэ жилээс хүүхдүүддээ сумогийн цол олгоё гэсэн зорилготой ажиллаж байна. Тэмцээн маань энэ сарын 8-наас эхлэх гэж байна.
-Тэмцээн хэдэн үе шаттай байх вэ?
-Тэмцээн ерөнхийдөө урьдчилсан барилдаан, шигшээ барилдаан гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана. Урьдчилсан барилдаан энэ сарын 8-наас 16-ныг хүртэл амралтын өдрүүдэд зохион байгуулана. Урьдчилсан барилдаан маань чансаацлах швейцарь систем гэж олон улсад ярьдаг энэ системеер явна. Чансаацлах нь даваа унаа ижилхэн хүүхдүүд хоорондоо барилдана гэсэн үг юм. Таваас зургаан тойрог барилдана. Үүнээсээ алт, мөнгө, хүрэл медаль авсан хүүхдүүд шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болно. Нийт 12-16 хүүхэд шигшээ тэмцээнд цолны төлөө барилдах юм.  Шигшээ тэмцээны урьдчилсан барилдаан энэ сарын 30-нд болно. Харин зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд цолны төлөөх барилдаан болно. Энэ үед их аварга маань өөрөө ирж оролцоно. Хүүхдүүдэд цолыг их аварга өөрөө гардуулж өгөх юм.
-Өнгөрсөн жил таван насны ангилалтай байсан, энэ удаа ч гэсэн тавсан насны ангилалтай байх уу?  
-Энэ жилээс гурван насны ангилалаар зохион байгуулахаар болсон. Учир нь хүүхдүүдэд цол олгохоор болсон. Үүнтэй холбогдуулж цолны чансааг, нэр хүндийг хадгалах зорилгоор насны ангилалыг багасгаж, гурван насны ангиллаар барилдаанаа зохион байгуулах гэж байгаа юм. Ингэхлээр эцэг эхчүүдээс “Яагаад 14 насыг 15, 16 настай хүүхдүүдтэй барилдуулах гэж байна вэ” гэсэн асуулт их тавьж байгаа. Учир нь гэвэл Японд 13 наснаас дээш насныхан нэг насанд барилддаг. 9-11 нас, 12-13 нас,13-аас дээш насныхан гэж ангилдаг. Тиймээс энэ насны ангиллаар тэмцээнээ зохион байгуулах юм. Дашрамд дурдахад цолны болзол нь юу байх вэ гэхээр нэг хүүхэд хамгийн дээд тал нь 15 барилдах байгаа. Энэ бүх барилдаанаа 100 хувь, нэг ч унаагүй барилдаж чадвал ёкозуна цол олгоно. Нэг унаатай бол озэки цол, хоёроос гурван унаатай бол секиваки, арваас доош унаатай бол комузуки цолтой байх юм. Гэхдээ энэ наадамд оролцсон хүүхэд бүр 15 удаа барилдахгүй. Бүх хүүхдүүдийн барилдах тоо хамгийн багадаа таваас зургаан удаа барилдана.
-Одоогоор хичнээн хүүхэд бүртгүүлээд байгаа вэ?
-Одоогийн байдлаар 100 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Бүртгэлтэй холбогдуулж нэг мэдээлэл хэлэхэд Кёкюшү tower-ийн 605 тоотод бүртгэж байна. Бидний хэлж сурснаар 25 дугаар эмийн сангийн хажуу талын өндөр хар байшингын 605 тоотод бүртгэж байгаа. Нэмж хэлэхэд бүртгэл дөрөвдүгээр сарын 30-наар дуусах байсан ч хөдөө орон нутгаас бүртгэлийн хугацааг сунгах санал хүсэлт их ирж байна. Тиймээс бүртгэлийн хугацааг сунгаж энэ сарын 15-ныг хүртэл болгосон гэдгийг хэлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 88112929 утас руу залгаад мэдээллээ авах боломжтой. Энэ дугаар луу залгахад аяны оронд наадмын талаарх мэдээлэл тавигдахаар болсон. Нэгж унахгүй. Хэрвээ нэгжтэй л бол хоёр гурав залгаж дахин мэдээллээ сонсох боломжтой.
-Сумогоор хичээллэдэг, хичээллэдэггүй олон хүүхдүүд энэ тэмцээнд орж байгаа. Энэнд ялгаа гарч ирэхгүй юу?
-Яахав тэмцээнд тогтмол оролцдог хүүхдүүд байна. Тогтмол хичээллэдэг хүүхдүүд 10, 20 л байна. Ер нь бол энэ наадмын гол зорилго энэ хүүхдүүдийг байнга, тогтмол хичээллэдэг болгох. Үүнтэй холбогдуулж мэдээллийн сан байгуулсан. Хоёр жилийн өмнө 2008 онд барилдаж байсан хүүхдийн тухайн үеийн жин, барилдаж байсан үе гээд бүх мэдээлэл нь хадгалагдсан байгаа. 2008 онд барилдаж байсан хүүхэд 2010 онд хэр өссөн байна гэдэг хадгалагдчихсан байх юм. Энэ жилийн хүүхдүүдийн барилдааны мэдээлэл ч хадгалагдах болно. Энэ нь цаашдаа юунд хэрэгтэй вэ гэхээр Японоос багш нар ирж сумод хүүхэд авна гэхэд бид нарт бэлэн мэдээллийн сантай байх хэрэгтэй. Бид нар чадах чинээгээр зургуудийг нь хадгалж байна. Ганц сумо гэхгүй бусад бөхийн спортын багш нар бид нарт хандвал бид нарт мэдээлэл байгаа. Цаашид мэдээллийн баазыг интернэтэд тавихаар ажиллаж байна. Үүнд бас төсөв мөнгө шаардагдаж байгаа. Гэхдээ ойрын хугацаанд интернэтэд тавих боломж гарцыг хайж байна. Энэ нь дээр хамтарч ажиллах, тусалж дэмжиж өгөх байгууллага байвал хамтран ажиллана гэдгийг хэлмээр байна.
-Яагаад энэ жилээс цол өгч байгаа юм бэ, өнгөрсөн жил өгч болоогүй юм уу?
-Ер нь авьяастай хүүхдүүд олон байдаг. Өнгөрсөн жилийн тэмцээнд түрүүлсэн 10 хүүхэд Японы Озэки мужийн тэмцээнд оролцож нэг баг нь багаараа түрүүлж, нөгөө баг нь хүрэл медаль хүртсэн ш дээ. Мөн дөрвөн хүүхэд хувиараа медаль авсан. Тэгэхээр манай Монгол хүүхдүүд маш чадварлаг барилддаг. Очоод Японы ёкозуна хүүхдийг давж байсан тохиолдол ч байгаа. Тиймээс Монгол хүүхдүүдийг урамшуулах шаардлага гарч ирж байгаа юм. Тиймээс энэ жилээс цол өгч байна. Нэгэнт цол олгосон хүүхдүүдийг цаашдаа байнга уралдаан тэмцээнд оролцуулж байнгын бэлтгэлтэй байлгах, сумо бөхөөр хичээллэх үндэс суурийг нь тавихаар зорьж байна. Үүний дагуу энэ хүүхдүүдийг байнгын бэлтгэл хийлгэх дэвжээ сургуулиуд байх шаардлага гарч ирнэ. Байнгын ажиллагаатай хоёр дэвжээ, сургууль байна. “Авзага” гээд сургууль байна, сүүлд нээгдсэн Кёкю дэвжээ байна. Цаашид орон нутагт дэвжээ, сургууль нээх ажил гээд Сумо бөхийн холбоонд хийхээр төлөвлөсөн ажил их байна. Энэ тэмцээн маань хоёр жилд нэг явдаг байсан бол жилдээ нэг, дараа нь жилдээ хоёр, цолтой хүүхдүүдийн дундах тэмцээн ч юм уу тийм тогтмол арга хэмжээнүүдийг тогтмол зохиох хэрэгтэй байгаа юм. Японы нэг онцлог байна л даа. Сумо бөхөд дэвжээн дээр гараад нэг нэгнээ хүндэлж ёсолдог. Барилдаан дууссаны дараа ч гэсэн дахин ёсолдог. Бид энэ талыг нь сургалтадаа илүү түлхүү барьж ажиллаж байгаа. Өрсөлдөгчөө хүндлэх, найзаа хүндлэх энэ ёсыг бид илүү анхаарч ажиллана.  
-Жингийн хязгаарлалт байгаа юу?
-Үндэсний бөх сумо бөх хоёрт өндөр, жин харгалздаггүй нэг онцлог байна. Энэ үндсэн дээрээ л явна. Тэмцээнд бол нас насандаа л барилдахаас жингийн хязгаарлалт байхгүй. Жингийн ангилалаар барилдаад ирэхээр нэг ялгаа гардаг. 16 настай бага жинтэй хүүхэд есөн настай жин адил хүүхэдтэй барилдахад санааны хувьд, барилдах ур чадварын хувьд хол зөрүүтэй байдаг. Харин нас насандаа барилдахад ялгаа бага шүү. Хэдий жижигхэн биетэй ч нөгөө жин ихтэй хүүхдээ давах тохиолдол зөндөө л байдаг. Хоёр удаагийн тэмцээний туршлагаас харахад энэ бол байнга л тохиолддог. Жин бол онцлох ялгаа болж чаддаггүй. Жижигхэн мөртлөө хурдтай барилдах ур чадвар сайтай хүүхэд зөндөө байдаг. Өнгөрсөн жилийн Япон явсан хүүхдийг харахад 60, 70 хувь махлаг хүүхдүүд биш шүү дээ. Ер нь бол 60 хувь нь энгийн л туранхай, жижиг биетэй хүүхэд байсан. Гол нь тэмцээндээ оролцож, ялах зорилготой барилддаг.
-Тэмцээний өмнө дэвжээний ёслолын талаар ямар нэгэн сургалт зохион байгуулах уу?
-Ер нь бол тэмцээнд бэлтгэх хугацаа гаргаж өгч байгаа. Бэлтгэлийн, бие халаалтын хугацаа. Сумог бол хүүхдүүд их сайн үзэж байна. Харж нүдэнд нь дассан зүйлийг бодитоор хэрэгжүүлэхэд тав арван минутын асуудал. Телевизээр гардаг яг л тэр зүйлийг хийнэ. Зохион байгуулагчийн зүгээс тэр ёслолуудыг шаардана, мэдээж хэлж зөвлөлгүй яахав. Ер нь бол хүүхдүүдийн нүдэнд нь хоногшсон байгаа. Огт мэдэхгүй зүйл бол биш.
-Ялагч нь Япон явна гэсэн, гурван хүүхэд явах уу?
-Нийт гурван насны ангиллаар зохион байгуулж байгаа. Нас насны ангилалын ялагч хүүхдүүд нь Япон улсаар аялана. Японд очиж ёкозуна Хакухогийн нэрэмжит тэмцээнд оролцоно. Японд манайхтай адил Хакухогийн нэрэмжит тэмцээн зохион байгуулж байгаа. Тэнд ялсан хүүхдүүдтэй манай ялагч хүүхдүүд барилдах болно. Нэг ёсондоо ёкозуна Хакухогийн нэрэмжит барилдааны төгсгөлийн барилдаан Япон улсад болох юм. Одоогоор арван сард болох барилдааны тов гарсан байна. Гэхдээ яг тодорхой болоогүй байна.  
-Тэмцээний шүүгчдийн хувьд хэн шүүх вэ?  

-Шүүгчдийн хувьд Японд сумогоор барилдаж байсан залуу ерөнхий шүүгчээр ажиллана. Хажуугийн шүүгчээр сумо бөхийн багш хийж байсан мэргэлжийн хүн байгаа. Дэвжээний шүүгч бас мэргэжлийн хүн байна. Ер нь бүх шүүгчид сумогийн багш дасгалжуулагч хийж байсан мэргэжлийн шүүгчид байх болно. Харин тэмцээний мэдээллийн ивээн тэтгэгчээр “Эх орон” телевиз ажиллаж байна. Эх орон телевиз тавдугаар сарын 17-ноос эхлэн зургадугаар сар гартал нийт 25 цагийн нэвтрүүлгийг бэлтгэж байгаа. Энэ нэвтрүүлгээр хүүхдүүдийн барилдаан, зорилгынхоо төлөө хэрхэн тэмцэж байгааг бүрэн харах боломжтой юм­­­­­­­.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж