Эмэгтэйчүүд нийгмийг өөрчилж чадна

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд нийгмийг өөрчилж чадна

Улс төр дэх эмэгтэйчүүдийн орон зай, бүсгүйчүүд их улс төрд орвол юу хожих, өнгөрсөн 22 жилд эрчүүд үнэмлэхүй олонх болж ирсэн парламентад ямар бодлого дутагдаж байсан талаар “Эмэгтэйчүүд ч чадна” чуулгад оролцсон зарим эмэгтэй улстөрчийн байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн С.Оюун:

-Одоо УИХ-д гурван эмэгтэй байна. Гуч болбол Монголд юу өөрчлөгдөх вэ гэж хүмүүс асууна л даа. Түүнд бид хариу бэлдэж байна. Ямар ч гэсэн төрөх эмнэлгүүд, цэцэрлэг, сургуулийн асуудал дээр нэлээд том өөрчлөлт гарч болно. Хүүхдийн төлөө хамтран ажиллах тунхаглалыг эмэгтэйчүүд байгуулж байна. Аль намаас нэр дэвшсэнээс үл хамаараад, УИХ юм уу, орон нутгийн сонгуульд ялаад шат шатныхаа Хуралд сууж л байгаа бол эмэгтэйчүүд энэ асуудалд санал бодол нэгтэй байж анхаарлынхаа төвд байлгана. Албан бус бүлэг, дэд хороо, түр хороо байгуулахын төлөө явна. Сүүлийн таван жилд төрөлт 50 хувь нэмэгдсэн байна. Хэдхэн жилийн өмнө  нэг жилд 46-47 мянган төрөлт байсан бол одоо 70 мянга боллоо. Гэтэл эмч, сувилагчийн тоо 50 хувь нэмэгдээгүй. Цэцэрлэг, сургууль, багшийн тоо нэмэгдээгүй, төсөв нэмэгдээгүй, чанар сайжраагүй. Эдгээр салбарт төсөв нэмэхийн төлөө 30 хүн дуугарч товчлуур дарах юм бол өнөөгийнхөөс өөр үр дүнд хүрч өөрчлөлт гарна. Эрчүүдийн орхисон зүйл гэвэл халамжийг хавтгайруулаад зайлшгүй очих хэсэгт нь хүртээдэггүй. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зэрэгт очдоггүй. Том уул уурхай, эрчим хүч, макро эдийн засаг,санхүү, банк зэрэгт анхаараад хүний хөгжлөө орхичихоод байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг:

-Өнөөдөр эмэгтэйчүүдийн хамгийн шүүмжлэлтэй хандаж байгаа асуудал бол Монгол төрийн хүн төвтэй бодлого. Хэдийгээр энэ тухай ярьдаг ч дандаа хүнээ хаясан бодлого явуулж ирлээ. Эдийн засгийн өсөлт маш өндөр төвшинд хүрсэн талаар ярьж байгаа боловч эмэгтэйчүүдийн хамгийн их сэтгэл өвдөж байгаа зүйл бол төрөх эмнэлэг хүрэлцээгүй, эмчилгээ, үйлчилгээ нь шаардлага хангахгүй байна.  Жирэмсэн эхчүүдийн тээж байгаа ургийн 30 хувь нь хэвлийдээ амьгүй болж байна. Ураг дутуу төрж, эндэж байна. Төрсөн хойноо өвчилж байна. Хүүхдийн цэцэрлэг, сургууль хүрэлцээгүй байна. Хэрэв хүн төвтэй бодлого хэрэгжүүлээд байгаа юм бол байдал яагаад ийм байгаа юм бэ. Амьдрал дээр энэ асуудлыг шийдэж чадахгүй байна. Цаашдаа Монголын төрийн бодлого ирээдүй болсон хүүхэд рүү, иргэдийн эрүүл мэнд рүү чиглүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо үнэхээр чухал.

Саяхан Харвардын их сургуулиас жендэрийн асуудлаар хийсэн судалгаа уншсан. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд оролцоод ирэхээр бодит амьдрал дээр юу болдог талаар тэнд бичсэн байсан. Европ, Скандиновын орнууд зэрэг эмэгтэйчүүдийн бодит оролцоо нэмэгдсэн газруудад маш олон салбарт илүү дэвшил гарснаас биш ухралтад ороогүй байдаг. Тухайлбал, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт эмэгтэйчүүд маш амжилттай ажиллаж: чаддаг. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нэмэгдсэнээр хүүхэд, эрүүл мэнд, боловсролын салбарт бодитой нөлөө гардаг юм байна. Эмэгтэйчүүдийн ойлгодог асуудал учраас ингээд байгаа юм биш, харин эмэгтэйчүүд үүнд оролцсоноороо илүү бодитой дэвшил эдгээр салбарт гардаг тухай судалгаанд дурдсан байсан. Үнэхээр амьдрал дээр ийм байх болно гэж би бодож байгаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ундармаа:

-Эмэгтэйчүүд Монголын хүн амын 51,7 хувийг эзэлж байна. Тэд шийдвэр гаргах төвшинд маш бага төлөөлөлтэй. Монголд нийгмийн олон тулгамдсан асуудал шийдэгдэж чадалгүй өнөөг хүрлээ. Тэгэхээр эмэгтэйчүүд оролцоогоо нэмэгдүүлж тэр эмзэг тулгамдсан салбаруудад анхаарлаа хандуулъя.

Бүх салбарын ар фронтод эмэгтэйчүүд ажилладаг. Эмэгтэйчүүдийн хийж бүтээдэг зүйл их. Харин шийдвэр гаргах төвшинд тэдний дуу хоолой цөөдөж байгаа нь үнэн. Ингэснээс болж хүн ам зүйн бодлого, төрөлт, цэцэрлэг, сургуулийн асуудлууд орхигдож ирлээ.

Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав:

-Эмэгтэйчүүд Монгол Улсын хүн амын тал хувийг, ажил хэрэгч хүмүүсийн мөн тал хувийг эзэлж,  эдийн засгийн ачааны тал хувийг, хөгжлийн ачааны тал хувийг дааж явна. Эмэгтэйчүүд эрчүүдээс ондоо хүйс. Байгалийн натурараа ч ондоо. Айл гэр хоёр баганаас тогтдог шиг төр бас хоёр баганаас тогтох ёстой. Нэг тал нь хэтэрхий давамгайлахаар эмэгтэйчүүдээс гарах бодлого үгүйлэгдээд байна. Эмэгтэйчүүдийн зөөлөн чанар, үр хүүхэд, нийгмийнхээ төлөө сэтгэл зовж явдаг чанар улс төрд үгүйлэгдэж байна. Тэр чанарыг хөгжлийн хамт, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны хамт, эх орон, тусгаар тогтнол, аюулгүй байдал, бүх зүйлийн хамт эмэгтэй хүн авч явж чадах учраас их улс төрд ормоор байгаа юм. Эрчүүд их улс төрд өнөөдөр үнэмлэхүй олонх байна. Тэд улс төрдөө хэтэрхий автаад амьдралаас жаахан тасраад байна уу даа. Амьдрал хөрсөн дээрээсээ, эмэгтэйчүүдээсээ, ээжүүдээсээ ургах ёстой. Эрчүүд анх яаж гэр орон болж амьдралыг авч явдаг билээ, тэр ухаанаараа нийгмээ авч явах ёстой.

АН-ын ҮЗХ-ны гишүүн, АЭХ-ны тэргүүн Ц.Оюунгэрэл:

-Эмэгтэйчүүд улс төрд яагаад заавал орох шаардлагатай вэ гэдгийг ярих цаг болсон. Долоон жилийн өмнө Их тэнгэрийн тунхаглалаар “Эмэгтэйчүүд улс төрд орох зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл улс төрд хүйсийн тэгш харьцаа алдагдсан байна” гэж ярьж байсан. Долоон жилийн дараа бид тодорхой үр дүнд хүрлээ. Квоттой боллоо. Одоо бол эмэгтэйчүүд улс төрд орсноор хэн хожих вэ, хэний эрх ашгийг төлөөлөх вэ гэсэн асуулт гарч ирж байна. Тэгвэл эмэгтэйчүүд маш олон салбарт өөрчлөлт хийх боломжтой. Цэрэг, цагдаад, батлан хамгаалахад, аюулгүй байдлын салбарт, уул уурхайд  өөрчлөлт хийх боломжтой. Хөрөнгийн биржид маш том өөрчлөлт хийх боломжтой. Гэхдээ энэ олон тулгамдсан асуудлаас хамгийн түрүүнд бид хэний эрх ашгийг хамтдаа хамгаалах вэ гэсэн асуулт тулгарна. Эмэгтэйчүүд улс төрд орж ирснээр хамгийн түрүүнд хүүхэд хожино. Хүүхэд хожих хэмжээний бодлого дээр эхлээд нэгдье гэж ярилцлаа. Улсын төсвийн тодорхой хэсгийг төрөх эмнэлэг, цэцэрлэг, сургуульд зориулъя. Хүний хөгжил дээр эхний удаад нэгдье гэж эмэгтэйчүүд ярилцаж байна. Цаашдаа эмэгтэйчүүд улс төрд олноороо орж ирэх цаг ирэхэд илүү нарийн асуудлуудаар баяжина. Эмэгтэйчүүдийн өмнө олон шалгуур тавьж болно. Дараа үед төрийн алтан хайрцагны бодлого барих эмэгтэйчүүд ч гарч ирнэ.

ИЗН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Базар:

-Хорин жилийн турш ярьсан ч амаржих газар, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ байнга дутагдсаар ирлээ. Хорин жил шийдвэр гаргасан эрчүүд үүнд анхаарал хандуулсангүй. Эмэгтэйчүүд жирэмсэн болсон цагаасаа эрүүл хүүхэд төрүүлэх тухай боддог. Төрсөн хойно нь сайн цэцэрлэг, сургуульд сураасай, сайн багштай байгаасай гэж хүсдэг. Үүнийг төрийн бодлогын хэмжээнд авч үзэхгүй бол ирээдүй болсон хүүхдүүдээ тийм ч сайн хайхарч чадахгүй байна. Өмнө нь бид эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн төлөө, хөгжлийн бодлогод эрчүүдтэй тэгш оролцох ёстой, бүр тодорхой хэлбэл нэр дэвшигчийн квотын талаар нэгдэж байсан. Квотыг Сонгуулийн хуульд тусгасан. Одоо эмэгтэйчүүд хамтарч амьдралын асуудлуудад анхаарах цаг болж байна. Монгол Улсад өнгөрсөн 20 жилд хүний эрх тийм ч сайн баталгаажсангүй. Үүнийг хөгжлийн бодлого руу зөв оруулах хэрэгтэй.

АН-ын ҮЗХ-ны гишүүн С.Одонтуяа:

-Эрчүүд амьдралын хамгийн гол асуудлыг орхиж ирсэн байна. Орчин үеийн гэж хэлэхэд хэцүү байдалд ирээдүй болсон хүүхдүүд төрж байна. Хүүхдээ эрүүл аюулгүй орчинд тээх боломж эхчүүдэд алга. Дээрээс дээвэр нь унаад ирж болзошгүй цэцэрлэгт хүүхдүүд хүмүүжиж байна. Цэцэцрлэгийн насны хүүхдийн 50 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Сурган хүмүүжүүлэх гэсэн сайхан салбарт өнөөдөр хүүхдүүдийг нэг дор олноор нь хашдаг боллоо. Сургалтын чанар тааруу байна. Монгол Улсад мөнгө байхгүй бол бид энэ тухай гоншгоноод байхгүй. Мөнгө нь байгаа учир хойч үедээ зарах ёстой. Эмэгтэйчүүд улс төрд орсноор амбицалж дарга цэрэг болох талаар ярихгүй. Нийгмийн сэтгэлийг зовоосон асуудлуудыг шийдэхийн тулд хамтарч, хүчээ нэгтгэж тэмцье гэсэн асуудлуудыг ярьж байна.

Нэг талаас эмэгтэйчүүд өөрсдийгөө буруутгаж байна. Бид улсын төсөв батлахад хэтэрхий дуугүй суусан байна. Тэмцээгүй байна. Нөгөө талаас эрчүүдийг буруутгаж байна. Яагаад бүгдээрээ гэр бүл, үр хүүхэдтэй байж нийгмийн асуудалд санаа тавьдаггүй юм бэ. Монгол Улс авлигаар нэлээд дээгүүр яваа. Маш их мөнгө халаасанд нь орсон байхад ядаж хүүхдийн байгууллагад мөнгө зараагүй байна. Хүүхдийн байгууллага сайн ажиллавал эмэгтэйчүүд сэтгэл зовох зүйлгүйгээр ажлаа хийж гэр бүлийн орлого нэмэгдэнэ. Ядуурал буурна. Монгол эмэгтэйчүүд өрх гэрийн төсвийг барьж орлогоо амьдралаа хүргэхийн төлөө зүтгэдэг. Улсын төсвийг дан эрчүүд зохицуулахаар буруу зүйл их ажиглагддаг. Эрчүүд үүнийг мэддэг ч хэтэрхий хувиа хичээсэн байна. Хойч үеэ бодохгүй байна. Өөрийн гэр бүлийг л болговол өөр зүйлд санаа тавихгүй байна.


МАН-ын дэргэдэх “Ардчилал” клубын тэргүүн, хүний эрхийн хуульч М.Ичинноров:

-Эмэгтэйчүүд заавал эрх барихын төлөө зүтгээд байгаа юм биш. Өнөөдөр эмэгтэй хүний ухаан, сэтгэл оролцсон улс төр Монголд хэрэгтэй болжээ. Эмэгтэйчүүд бүх салбарт ажиллаад, сэтгээд, бүтээгээд явж байна. Хөдөлмөрч байж, ачаа үүрч, санаачилж, зүтгэж чадаж байна. Тэд улс төрд орсноороо нэн эмзэг байгаа гэр бүл, үр хүүхэд, нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдэж чадна. Хууль эрх зүйн шинэтгэлийг ч хийж чадна.

                       

    Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж