“Ардчиллын үнэ цэнийг бууруулахтай эвлэрэхгүй”

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

“Ардчиллын үнэ цэнийг бууруулахтай эвлэрэхгүй”

МоАХ-ны IY их хурал “UB палас”-т үргэлжилж байна. МоАХ-ны тэргүүн Х.Баттулгын нээлтийн үгийн дараа Монгол Улсын анхны ардчилсан Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн тэргүүн Б.Галаарид нар үг хэлж ардчиллын анхны зорилго гажуудаж байгааг хэлцгээлээ. МоАХ-ны анхдагч гишүүдийн нэг Чөлөөт ахмадын холбооны тэргүүн С.Баасан ирэх сонгуульд иргэний үнэмлэхийн хамт Хүний хөгжлийн дэвтрээ авч ирж тэмдэглүүлбэл сонгуулийн будилаан гарахгүй гэлээ. Байгалийн баялагтаа өөрсдөө эзэн болж хувь тэнцүү хүртэхийн төлөө ажиллах, Монгол төрөө аврахын төлөө цагаан морин жилийн хувьсгалаа үргэлжлүүлэх ёстой гэлээ.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл “Миний энгэр дээрх баатрын тэмдэг та бүхний энгэр дээрх тэмдэг шүү. Ерөнхийлөгч үүнийг гардуулахдаа “Чамаар төлөөлүүлж байгаа шүү. Чамд мянга мянган ардчилагчаа төлөөлж баатрын тэмлдэг гардуулж байгаа шүү” гэсэн. Монгол Улс асар их баялагтай гэдэг нь тогтоогдсон. Чили улсын жишээг дурдая. Чилийн баялаг нээгдэхээс өмнө ардчиллын баталгаа болж байсан. Нээгдсэнээс хойш олигархиуд гарч ирсэн. Баялгаар сонгогчдоо худалдаж авдаг болсон. Популизм хэрээс хэтэрсэн. Популистууд засгийн эрхэнд гарч ирээд түүгээр санал худалдаж авдаг болсон. Гэхдээ чиличүүд хэний ч санаанд оромгүй цохилт хийж ардчилсан засаглалаа тогтоож, байгалийн баялгийг айл өрх бүрийг орон сууцжуулах хөдөлгөөн өрнүүлсэн. Дагаад бизнес цэцэглэсэн. Чилийн сонгогчид саналаа худалдахаа больж, биеэ үнэлэхээ больсон. Айл арх бүхэн аз жаргалаа цогцлоолж эхэлсэн. Өнөөдөр Монголд ийм арга хэмжээ авахгүй бол Монголын ардчилал дуусна. Тиймээс би гэр хорооллыг амины орон сууцжуулах арга хэмжээ авах санаачилга гаргасан. Орон сууцжуулах бол 1990 оны хувьсгалын дараагийн шат юм. Ардчиллын 20 жилийг эрх баригчид  үнэ цэнэгүй болгож дууслаа.  Хар дарсан зүүд шиг 20 жил гэх юм. Муулахгүй хүнгүй боллоо. Социализмын хүчирхийллээс ардчилал ард түмнээ аварсан. Тэгээгүй бол өнөөдөр бид Хойд Солонгос шиг өлсгөлөнд нэрвэгдээд сууж байх байлаа. Хүний түүхэнд коммунистууд шиг хэрцгий хүн байгаагүй. Өөрөө өөрийнхөө хүн ардыг устгадаг. Өнгөрсөн зууны 30-аад онд 800 мянган хүнтэй монголчууд 40 мянган хүнээ устгаж байлаа. Р.Гончигдорж гишүүн бид хоёр Ж.Энхбаяр сайдыг огцруулах санал тавьсан. Цэргийн ангиудыг байлдааны бэлэн байдалд оруулах юм гэнэ. Тэгж дарангуйлахыг зөвшөөрөхгүй. Өнөөдөр зоригтон олон болжээ. Дээр үед тийм байгаагүй. Ардчилсан хувьсгалын үнэ цэнийг бууруулах гэсэн санаатай би хэзээ ч эвлэрэхгүй” гээд 2012 оны сонгуульд ард түмнээ саналаа худалдахгүй байхад уриаллаа. Социализмын үед ямар аюултай байсныг сануулахгүй бол эрх баригчид тэр тухай мэдэхгүй залуусын тархийг угааж байгааг мөн дурдлаа. Дахин социализмын аюулыг ард иргэддээ үзүүлэхгүй төлөө тэмцэх ёстойг Э.Бат-Үүл гишүүн МоАХ-ныхондоо уриалаад Монголын түүхэнд ховорхон баатрууд шүү гэж журмын нөхдөө зоригжууллаа.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж