УИХ-ын дарга орон нутагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга орон нутагт ажиллаж байна


Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл орон
нутгийн цаг үеийн ажлын явц, өвөлжилтийн байдалтай танилцах, иргэд сонгогчидтой
уулзаж УИХ-ын бодлого шийдвэр, намрын ээлжит чуулганы үр дүнг сурталчлан
таниулах, санал хүсэлтийг нь сонсохоор энэ сарын 17-ний үдээс хойш Ховд хотод
хүрэлцэн ирлээ. УИХ-ын дарга мөн өдөртөө Мянгад сумын Цагаан булан багийн
малчин Ч.Гансүхийнд зочилж, “Алтан төлийн эзэн”-ий шагналыг нь гардуулав. Залуу
малчин Гансүх өнгөрсөн онд 650 гаруй хурга бойжуулсан амжилтаар Хүнс, хөдөө аж
ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний олон нийтийн радиогоос хамтран
шалгаруулдаг “Алтан төлийн эзэн”-ээр тодорчээ.

Ховд аймгийн малчид өнгөрсөн онд мал
сүргээ таван төрөл дээр нь 132 мянган толгойгоор өсгөж, улсын сайн малчин хоёр,
тэргүүний тариаланч нэг төрсөн байна. Мөн тус аймгийн хэмжээнд 2000-аас дээш
малтай зургаан малчин шинээр төрсний нэг нь Гансүхийнх юм. Түүний энэхүү баярыг
хуваалцахаар аав, ээж, ах дүүс, сум, багийн удирдлагууд, туслах малчид нь
тэднийд цугласан байв. УИХ-ын дарга шагнал гардуулахдаа “Хурга хишиг ихтэй
байдаг юм. Зорилго, тэмүүлэлтэй, ажилсаг ийм залуу хүнд улсын сайн малчны босго
ойрхон байна. Сум, баг, төрөл садныхаа нэр алдрыг улс даяар гаргана гэдэг
сайхан явдал” гээд улам их амжилт гаргахыг ерөөлөө. Мөн УИХ-ын гишүүн
Р.Амаржаргал, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар нар  гарын бэлэг гардуулав. Аймаг, сумын Засаг
дарга нар ч шагнал гардуулж, малч удамтай залуу малчиндаа ихээхэн итгэл
хүлээлгэж буйгаа хэлж байлаа.

УИХ-ын
дарга сумын төв орох зам зуураа Ташмаг хэмээх газар өвөлжиж байгаа залуу малчин
С.Хүрэлчулууны сууриар орж өвөлжилтийн байдал, ахуйтай танилцаж, тэднийд
цугласан ойр хавийн малчидтай яриа өрнүүлэв. Энэ жил цас багатай өнтэй сайхан
өвөл болж, малын цариг хүч сайн байгаа. Мөн төр, засгаас авч хэрэгжүүлж буй
бодлогын ачаар малчдын орлого нэмэгдэн ахуй амьдрал дээшилж, мал маллах
сонирхолтой залуус олширч буйг малчид хэлж байлаа.

Тус аймгаас энэ жил 24 хүн аймгийн сайн
малчин цол хүртсэний хоёр нь Мянгад сумынх юм. Залуу малчин С.Хүрэлчулуун
өнгөрсөн оны тооллогоор малаа таван төрлөөр нь мянга давуулан өсгөж, аймгийн
сайн малчны нэгээр шалгарчээ. Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа түүнд аймгийн сайн
малчны энгэрийн тэмдэг, өргөмжлөл, хүндэтгэлийн тууз гардуулж баяр хүргэв.
УИХ-ын дарга болон гишүүн Р.Амаржаргал, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, мөн
сумын удирдлагууд нь залуу малчинд амжилт хүсч гарын бэлэг хүртээлээ. “Манай нутгаас
тун удахгүй улсын сайн малчин төрнө. Манай энэ хоёр аваргын удамтай жинхэнэ
малч хүмүүс байгаа юм” хэмээн гол усныхан нь тэдэнд итгэж явдгаа өгүүлж байв.

УИХ-ын дарга дараа нь Мянгад сумын
иргэдтэй уулзалт хийж, улс орны нийгэм, эдинй засгийн өнөөгийн байдал, УИХ-аас
хөдөөгийн хөгжлийн талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, УИХ-ын намрын
чуулганы үр дүнгийн талаар танилцуулав. Тэрбээр хэлэхдээ, УИХ-ын намрын чуулган
өндөрлөсөн ч ойрын үед зайлшгүй хэлэлцэж шийдвэрлэх зарим асуудал хүлээгдэж
байгаа учраас би өнөөдөр захирамж гаргаж УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх
гуравдугаар сарын 5-9-ний өдрүүдэд хуралдуулахаар шийдвэрлэсэн. Гол нь орон
нутгийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган явуулах эсэхийг хэлэлцэж
шийдвэрлэх явдал юм. Энэ талаар намын бүлгүүд хараахан зөвшилцөж чадаагүй, саналын
зөрүү байгаа учраас ээлжит бус чуулган хийхээр тогтсон гэлээ.


УИХ-ын өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны
хамгийн том ололт нь улс орны эдийн засгийн суурь баазыг бэхжүүлэх замаар ард
иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх боломж бүрдүүлсэн явдал гэдгийг УИХ-ын дарга
энэ үеэр онцлоод магадгүй энэ нь өнөөдөр хүмүүст тэр бүр харагдаж мэдрэгдэхгүй
байгаа хэдий ч тийм суурь боломж нэгэнт бүрдсэн нь чухал ололт юм гэлээ. Мөн
УИХ нийгмийн асуудлын чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэр гаргасан, тухайлахад
нийгмийн халамжийн хууль баталсан, эхчүүдийн одонгийн мөнгө, төрсний дараа
үзүүлэх халамжийг нэмэгдүүлэхээр болсон, намууд сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх
талаар ихээхэн чармайлт гаргаж байгаа зэргийг дурдав. Түүнчлэн энэ удаагийн УИХ
хөдөөгийн асуудалд ихээхэн анхаарал тавьж бодлогын томоохон арга хэмжээ  авсан нь зохих үр дүнгээ өгч буйг өнгөрсөн
сард төвийн бүс нутгаар явах үедээ анзаарч мэдэрснээ дурдаж байлаа.

Хоёр
нам хамтарсан Засгийн газар байгуулж ажиллуулсан нь улс төрийн тогтвортой
байдлыг хангахад чухал алхам болж, энэ үндсэн дээр сонгуулийн амлалтаа
хэрэгжүүлэх, санхүү, эдийн засгийн хямралыг амжилттай давах, уул уурхайн
томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар улс орны хөгжлийн
түргэтгэх бодит суурийг тавьсан, нөгөө талаар улс төрийн хүчнүүд сөргөлдөхөөс
илүүтэй нэгдэж ажиллаж болдгийг харуулсан түүхэн сургамж үлдээснийг онцолсон
юм.

УИХ-ын дарга эцэст нь тус аймгаас
сонгогдсон УИХ-ын гишүүд аймаг орон нутгаа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг
нэмэгдүүлэхэд санаа нэгтэйгээр хамтран ажиллаж ирснийг онцлов.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал,
Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, аймгийн Засаг дарга
Г.Нямдаваа нар дараа нь иргэдийн сонирхсон асуултад хариулж, зарим асуудлыг
шийдвэрлэх чиглэлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад өгөв.

УИХ-ын дарга өнөөдөр үдээс өмнө Буянт
суманд ажиллаж сум орон нутгийн ажил, өвөлжилтийн байдалтай танилцаж, иргэд
сонгогчдтой уулзав. УИХ-ын дарга энд хэлсэн үгэндээ, УИХ-ын бүрэн эрхийн
хугацаа дуусахад цөөн сар үлдэж байгаа хэдий ч амжуулах ажил их байна. Иймээс
зайлшгүй хэлэлцэх шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг бид хойш тавихгүйгээр
шийдвэрлэх болно. УИХ улс орны эдийн засгийн хөгжил, иргэдийнхээ аж амьдралын
талаар бодлогын чанартай олон арга хэмжээ аьч хэрэгжүүлж байгаа хэдий ч ард
иргэд сэтгэл гундуу явдаг зүйлүүд ч бас байгааг ойлгож байна. Иймээс УИХ,
Засгийн газар үлдэж буй богино хугацаанд тун шаргуу, бүтээлчээр ажиллаж оллон
асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Энэ талаар саяхан Засгийн газрын зарим
гишүүдийг шинээр томилж бүрдүүлэх үеэр би санаа бодлоо хэлсэн. Энэ чиглэлээр
Засгийн газар анхаарч ажиллах байх гэлээ. Тэрбээр цааш нь УИХ-аас авч хэрэгжүүлж
буй бодлогын асуудал, намрын чуулганаар баталсан зархим хууль тогтоомжийн
талаар дэлгэрэнгүй танилцуулаад иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөөд сар
шинэдээ сайхан шинэлэхийг ерөөв. Мөн уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн Р.Амаржаргал,
Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар болон аймгийн
удирдлагууд иргэдийн асуултад хариулт, зарим асуудлыг газар дээр нь
шийдвэрлэлээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл дараа нь тус сумын тариаланч А.Үлдэрханд
улсын тэргүүний тариаланчийн шагналыг нь гардуулж баяр хүргэлээ.

УИХ-ын дарга өнөөдөр үдээс хойш Булган сумыг зорино гэж УИХ-ын Тамгын
газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж